• MN
  • EN
  • CN
  • RU
  • Б.Лхагважав: Засгийн газар юуны өмнө макро эдийн засгийн шинэ загвараа гаргах хэрэгтэй
    05/03/2017

    МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч, Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүн Б.Лхагважавтай ярилцлаа.

    - Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын мөнгө иргэдийн дансанд өчигдрөөс ороод эхэллээ. Таны санаачилж байсан татварын систем хэрэгжсэнд хэр сэтгэл хангалуун байна?

    - НӨАТ-ын 20 хувийн буцаан авалтын урамшууллаа өчигдрөөс эхлэн өгөөд эхэллээ. Энэ хоёрдугаар сарын 15-ны өдөр гэхэд нийт 610 мянган иргэн улсаас 32 тэрбум төгрөг буцаан авна. 2016 онд татварын энэ систем явахад тухайн үеийн технологи, инновацийг мэдэхгүй улстөрчид хойрго байдлаар хандаж, иргэд дутуу мэдээ мэдээлэл авах тал гарсан. 2016 онд 203 сая талон хэвлэгдсэний дөнгөж 77 сая талон нь компьютерт шивэгдсэн. Цаана нь 120 орчим сая талон хаягджээ. Үүний цаана иргэд 60 тэрбум төгрөг авах байсан нь улсын орлого болж байгаа юм. Мөн урамшууллын сугалаанд 22 тэрбум төгрөг төсөвлөснөөс ердөө 3.7 тэрбум төгрөг зарцуулагдсан. Үлдсэн 18 тэрбум төгрөг мөн улсын орлого боллоо. Иргэд маань хуулиар олгогдсон эрхээ эдлээрэй. Анх 2005 онд санаачилснаас хойш арав гаруй жилийн дараа НӨАТ-ын урамшууллын системийг нэвтрүүлж чадлаа. Шийдвэр гаргасан улстөрчдөд баярлалаа. Манай Монголын 46 программист залуучууд НӨАТ-ын системийг бий болгож, Монгол Улсын хэмжээнд ашиглах маш том сүлжээг бий болгосон. Хэрвээ гаднаас бэлэн программ авсан бол өндөр үнэтэй худалдаж авах байсан. Манай Монголын төрийн институтэд сүүлийн 25 жилд инноваци технологийн салбарт нэвтэрсэн ганц ололт энэ юм шүү.

    - Тантай эдийн засгийн өнгө байдлын тухай ярилцъя. Давосын чуулган дээр 2017 оны эрсдэлийн тайланд Монгол Улс санхүүгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй улс орны хамгийн түрүүнд бичигдсэн. Харин улс төрийн тогтворгүй байдлаараа дээрээсээ хоёрдугаарт бичигдсэн. Манай улсын эдийн засгийн дүр зураг ямар байна вэ?

    - Одоо байгаа статистик мэдээгээр ийм л дүн гарна л даа. Ойлгомжтой. Өнөөдрийн хямралын учир шалтгаан дөрвөн жилийн өмнөөс эхлэлтэй. 2012 оны сүүл үед макро эдийн засагт уналтын шинж тэмдэг мэдэгдээд эхэлсэн. 2013 он дөнгөж гараад “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.доллар орж ирсэн. Мөн Монголбанк Засгийн газартайгаа нийлээд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд 2.5 их наяд төгрөг хэвлэж зах зээл рүү шууд оруулсан. Томоохон мөнгийг зах зээл рүү оруулахдаа нүүрсний үнийг тав дахин, зэсийн үнэ хоёр дахин унана гэж тооцоолоогүй. Өнгөцхөн тооцоо хийсэн. Зах зээлд мөнгө хэвлэж гаргахыг би тухайн үед шүүмжилж байсан. Ялангуяа төрийн мөнгөний нэг механизмаар эдийн засгийн уналтыг аварч чадахгүй юм гэдгийг хэлж байсан. Үүний оронд урьд нь хэрэглэж байсан бизнес эрхлэгчдэдээ дэм өгөх, зөөлөн бодлогыг хэрэглээч гэдэг асуудлыг тавьж байсан. Ер нь том мөнгө оруулж ирснээр эргээд эдийн засгаа зогсоочихдог гэдгийг тухайн үедээ олж хараагүй. Уг нь 2012 оны дунд үеэс эхлэн бололцоотой бүх улс манайд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байсан. Одоо төлөх гээд байгаа Хөгжлийн банкны 580 сая ам.долларын таван жилийн хугацаатай бондын зээлийг маш бага хүүтэй өгчихсөн байсан. Үүний дараахь нь “Чингис бонд”-ын 1.5 тэрбум ам.доллар орж ирснийг хараад хөрөнгө оруулагчид “Танайх хөрөнгө оруулалтын таатай нөхцөл байдал үүсгэчихээд хөрөнгө оруулалт татахынхаа оронд яагаад бэлэн мөнгө аваад эхлэв ээ. Бэлэн мөнгө аваад эхэлнэ гэдэг нь хөрөнгө оруулалтыг зогсоох нэг үндэслэл болдог шүү” гэдгийг сануулан хэлж байсан.

    - Бонд гаргах, үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр эдийн засгийн хүндрэлийг даван гарна гэсэн боловч энэ нь өнөөдөр бодит үр дүнд хүрч чадсангүй?

    - Төрийн мөнгөний бодлогоор их хэмжээний мөнгө хэвлэж, тодорхой нэг салбарууд руу өгснөөр үнийн хөөрөгдлийг зогсоочихно гэж гэнэн хандсан. Зах зээлд 2013 онд маш бага хүүтэй мөнгийг нэг хэсэгхэн бизнесмэнүүд авах эрхийг нээж өгсөн. Тэд 2-3 хувийн хүүтэй авч байхад арилжааны банк 19-20 хувийн хүүтэй зээл олгож байлаа. Үүнээс улбаалж цаад утгаараа бизнес татарч, зогсолт явагдсан. Бизнест зогсолт явагдсан нь өөр дүнгээр бас харагдана. 2013 оны арванхоёрдугаар сард манай иргэдийн хадгаламж найман их наядаар гэнэт огцом нэмэгдсэн. Жилд 2-3 их наядаар нэмэгддэг байтал гэнэт дөрөв дахин нэмэгдсэн шалтгаан нь бизнес зогссоныг харуулна. Яагаад гэвэл төгрөгийн ханш 40 хувь унахад зах зээл рүү мөнгөн хөрөнгө оруулалт хийхээс илүүтэй мөнгөн хадгаламж болгох процесс ажиглагдсан.
    Мөнгөн хадгаламж үүсгэх, нөгөө талдаа маш бага хүүтэй таван тэрбум ам.доллар цөөн хэдхэн аж ахуйн нэгжид хуваарилагдаад ирэхээр зах зээл макро түвшиндээ саармагжилт явагдсан.

    - Эдийн засаг уналттай байгаа үед бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх ямар бодлого хэрэгтэй байна вэ?

    - Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай, Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж хэрэгжүүлсэн нь аж ахуйн нэгж, иргэндээ боломж олгосон. Уг хуулийн үр дүнд 33 мянган компани аж ахуйн нэгжийн 34.3 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний ажил үйлчилгээний орлого ил тод гарсан. Энэ 33 мянган компанид ээжийн зөөлөн бодлого хэрэгтэй байна. Сая энэ нэгдүгээр сард Ерөнхий сайд манай худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүдтэй уулзалт хийхэд бизнес эрхлэгчдээс албан ёсны хоёр санал гарч байсан. Нэгдүгээрт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шатлалыг уян хатан болгох. Гурван тэрбум төгрөгөөс доош татвар ногдох орлоготой аж ахуйн нэгжүүд 10 хувийн татвар төлдөг. Гэтэл өнөөдрийн инфляци, мөнгөний ханш уналтаас болж тэр үеийн гурван тэрбум төгрөг одоогийн 10 тэрбум төгрөгөөс илүү үнэ цэнэтэй болсон. Инфляциас болж гурван тэрбум төгрөгөөс дээших компани 25 хувь хүртэлх татвар төлөх болдог. Тийм учраас татварын тухай хуульд өөрчлөлт оруулж гурван тэрбум төгрөгийн босгыг 10 тэрбум төгрөг болгоод өгөөч ээ гэдэг саналыг гаргасан. Төрийн мөнгөний бодлогоос болж аж ахуйн нэгжүүд өндөр татвар төлж болохгүй юм. Хоёрдугаарт, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар систем бүхэлдээ шинэчлэгдэнэ. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсон. Гол дөрвөн хуулийн гурван хуульд нь өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахгүй удаад байгаагаас чөлөөт эдийн засгийн зах зээлийг хөгжүүлж чадахгүй байна.

    - Өнөөдөр үндэсний компаниудын боломж нөөц хэр байна. Гадны хөрөнгө оруулалт бараг нойл заачихлаа?

    - Бизнесийн эрүүл орчин бүрдэхэд татварын системийн өөрчлөлт хэрэгтэй байдаг. Татварын систем нь иргэнд ажил хийх бололцоо олгодог, хувийн өмчийг хамгаалдаг. Өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын зөв системийг хэрэгжүүлсэн. Аж ахуйн нэгжийн санхүү татварын тайлан, өмч ил болсон нь макро эдийн засгийн үүднээс харах аваас урьд нь бид нийт зах зээлийнхээ 60 хувиас татвар авч чадаагүй ирснийг харуулсан. Манай улсын ДНБ-ийг 28 их наяд гэж үздэг. Гэтэл зөвхөн НӨАТ-ын талон 36 их наяд бүртгэгдсэн. Ялангуяа Давост очсон гадны эдийн засагчийн нүдээр Монголд их сонин үзэгдэл ажиглагдана. Эдийн засаг хэдийгээр нойл руу тэмүүлэлтэй байгаа боловч 2016 оны татварынх нь бүх орлого биелсэн төдийгүй зарим төрлөөрөө бүр давж биелсэн. Татвар орлого нь биелсэн байтал эдийн засаг нь уналттай. Энэ нь макро эдийн засгийн загвараа манай улс бүтэн гаргаагүйн шинж тэмдэг. Гадны хөрөнгө оруулалт зогссон олон шалтгаан бий. Энэ Засгийн газар дэргэдээ Хөрөнгө оруулалтыг хамгаалах, хөрөнгө оруулагчидтай шууд харилцах бүтцийг шинээр байгуулсан нь урьд нь гаргаж ирсэн алдааг олж харсных байх. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтад анхаарах биш дотоодын компаниуд маань хөрөнгө оруулалт хийх бололцоотой болоод ирсэн. Бид 1990 оноос хойш компанийн өсөн өндийдөг бололцоог олгож ирээгүй учраас татварт хөнгөлөлт олгох зөөлөн бодлого барих нь хямралын үед хэрэгтэй. Би зөөлөн бодлого хэрэгтэй тухай яагаад байн байн хэлээд байна вэ гэвэл өнгөрсөн хугацаанд бонд, томоохон мөнгө зах зээлд гаргаж байсан нь үр дүнд хүрээгүй. Харин хөрөнгө оруулалтыг зогсоож, арилжааны банкийг ивээн тэтгээд дууссан.

    - Зээлээр орж ирсэн томоохон мөнгө эдийн засгийг хөөсрүүлснээс биш бодит зах зээл дээрээ бизнес эрхлэгч, хөрөнгө оруулалтад шингээгүй?

    - Энэ хямралын гол эх үндэс том мөнгөний буруу менежмэнтээс үүдэлтэй. Бондоор орж ирсэн мөнгөн дээр Монголбанк арилжааны банкуудтайгаа нийлж ажиллаад тэндээсээ арилжааны банк нь ашиг олсноор ердийн зах зээл рүүгээ мөнгө гаргахаа байсан. “Чингис бонд”, “Самурай бонд”, Үнэ тогтворжуулах хөтөлбөр гурав дээр л ярихад анхнаасаа зах зээлд мөнгийг захиран зарцуулах ямар ч хууль Монголд байгаагүй. Төсвийн гадна, УИХ-ын хяналтаас хүртэл гаргаж байж захиран зарцуулчихаж чадсан. Зарим нэг хүмүүс өөрсдөө авч үр дүнгүй зарцуулж дуусгачихсан мөртлөө та нарын үйлийн үр гэсэн утгатай зүйлийг зурагтаар яриад сууж байгааг хараад би хувьдаа маш их гайхдаг. 2013 оны жишээг ярьж болно. Бондын мөнгө орж ирэхэд Н.Алтанхуяг сайд хуваарилаад л бөөн сүр болцгоосон. Гэтэл захиран зарцуулах эрх зүйн харилцаанд Ерөнхийлөгчийн институт багтаж орж чадаагүй. Ингэнгүүт 2013 оны нэгдүгээр сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад зөвлөмж гарган ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь журмаа одоог хүртэл гаргахаа мартчихсан хэрнээ Ерөнхийлөгч мөнгөний хуваарилалтад орох эрхээ олж аваад дууссан. Ер нь арилжааны банкийг хэр зэрэг том мөнгөн дээр тоглох бололцоо олгоно, тэр тусам ердийн зах зээл рүү мөнгө гаргахаа больдог. 2013, 2014 оны банкны ашгийг хараад үзээрэй. Жилдээ 200 тэрбум төгрөгийн ашигтай байснаа 2016 онд яагаад нойл заав. 2016 онд тэдний тоглох мөнгө нь байхгүй болчихсон л байхгүй юу.

    - Монголбанк мөнгөний бодлогоо зөв барьж чадаж байна уу. Хувийн арилжааны банкуудыг тэтгэсэн, халам­жилсан байдал харагддаг?

    - Би өөрөө Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүн хэдий ч зарим нэг зүйлд шүүмжлэлтэй хандаж бодит байдлыг ярихаас арга байхгүй. Хувийн банкууд зарим нэг алдаагаа хүртэл Төв банкаар төлүүлж ирсэн. Жишээ нь, Төв банк хоёр жилийн өмнө нэг банкнаас 500 сая ам.доллар авсан. Засгийн газрын баталгаа гаргасан. Тухайн үед ханш барихын тулд гэж байгаа ч энэ нь татвар төлөгчдийн халаасыг ухсан хэрэг болсон. Тухайн үед нэг ам доллар 1700 төгрөг байхад 500 сая ам.доллар аваад хоёр жилийн дараа арилжааны банкиндаа буцаагаад өгөхөд нэг ам.долларыг 2100 төгрөгөөр тооцоод үзэхэд ханшийн зөрүүнд хичнээн тэрбум төгрөг гарах вэ. Монголбанк ханшийн зөрүүг өөрийн үйл ажиллагааны алдагдал гэж нэрлээд банкныхаа тухай хуулиар Засгийн газрын алдагдал болгож татвар төлөгчдөөр алдагдлыг үүрүүлсэн. Ийм луйврын шинжтэй механизм явагдаад байгаа нь эдийн засагт сөргөөр тусдаг. Арилжааны банкийг дэмжсэн бодлого байгаагийн цаана эрх ашгийн сонирхол бий. Өнгөрсөн 2010 онд арилжааны банк хүнд байдалд орлоо гээд Засгийн газар шийдвэр гаргаж Банкны тухай хуульд өөрчлөлт оруулж арилжааны банкинд дам утгаараа аж ахуй эрхлэх гэх мэтийн хэд хэдэн санхүүгийн үйлчилгээ явуулах эрхийг нээж өгсөн. Эдийн засаг боломжийн болсон үед Засгийн газар нээж өгсөн цонхоо эргээд таглаагүй. Арилжааны банкууд энэ цонхыг ашиглан ердийн бизнес рүү орж эхэлцгээсэн. Энэ давуу эрхээрээ компаниудыг худалдан авч одоо “Эрдэнэт” үйлдвэрийг хүртэл худалдаад авчихсан байгаа юм биш үү.

    - Засгийн газраас “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг энэ нэгдүгээр сард батлан гаргасан. Зургаан зорилт, 54 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн Засгийн газрын яамд хөрөнгө оруулагчдад гол төслүүдээ танилцуулсан. Эдийн засгийг сэргээх ямар бодлого баримталж байгаа дүр зураг харагдаж байна?

    - Эдийн засгийг гол туйлдуулж байгаа нь том том мөнгөний хөдөлгөөн ямар ч хяналтгүй явж ирсэнд байна. Сонгодог утгаар нь хэлэх юм бол нийтийн санхүү мөнгөний тухай ойлголт манайд огт байдаггүй. Нийтийн мөнгө, нийтийн санхүү, төрийн нийтийн хамааралтай өмч гэсэн гурван асуудлыг шийдэхгүйгээр эдийн засгийн хөгжил урагшаа алхахгүй. Нийтийн санхүүгийн хууль байхгүйгээс болж өндөр дээд түвшний дарга нарын гараар мөнгөний хуваарилалт явагдахаар улс яаж дампуурдгийг харлаа. Төрийн өмчийг хэрхэн үнэгүйдүүлж хувьдаа завшдагийг харж байна. Өнгөрсөн хугацаанд зах зээлд хөрөнгө оруулалт, мөнгө хийгээд шингээгүй нь дарга нар шингээдэггүй, харин аж ахуйн нэгж шингээдэг юм байна гэдгийг эрх баригчид одоо сайн ойлгосон биз ээ.

    - Нэг гаргасан шийдвэрээ байнга өөрчилж байдаг нь бизнес эрхлэгчдийг тогтвортой бизнес явуулах боломжгүйд хүргэж байна?

    - Улс төрийн шийдвэр гаргаж буй хүмүүсийг цаг хугацааг томхноор хараач ээ гэж хэлмээр байдаг. Өнгөрсөн хугацаанд улстөрчид макро түвшний алдаа маш олон хийж шаварт шигтгэчихээд өөрсдөө дөрвөн жил болоод л явчихдаг. Хамаг шавар шавхайтай нь бизнес эрхлэгчид зууралдаж үлддэг. Дараагийн цэмцгэр нөхөр ирээд өнөө шаварт нь улам шигтгэж өгчихөөд мөн л явчихдаг. Тэгсэн хэрнээ нэг ч улстөрч эдийн засгийн арга хэмжээ авахуулдаггүй, хариуцлага хүлээдэггүй. Харин бизнесийн салбарт ажиллаж буй бүх хүмүүс эрсдэлийг үүрдэг. Монголын ард түмэн сонголтоо хийж МАН-д бэлгээ өгсөн. Одоо ард түмэндээ хариу бэлэг барь. Боловсон хүчнүүдээ сольж байршуулж дууссан бол одоо ажлаа хий. Зоримог бодлого гаргаж, эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдээ урагш нь ахиул.

    - Одоогийн нөхцөлд бизнесмэнүүд ямар стратеги баримталбал зохилтой вэ?

    - Үнэндээ 2017 оноос маш чанга дэглэм эхэлнэ. НӨАТ-ын бүртгэлээр дамжуулаад аж ахуйн нэгжийн орлого бүртгэгдчихсэн байгаа. Одоо санхүүгийн болон компанийн тайлан албан ёсны зөв болчихвол засаглал нь сайжрах хөрс бүрэлдэнэ. Манай улсад нийт 126 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагийн 60 мянга нь хасах тайлан гаргадаг. Үлдсэн 60 мянган компанийн 50 мянга нь 1-9 хүнтэй хүнтэй жижиг компани. Ердөө 10 гаруй мянган компани нь манай татварын орлогын 95 хувийг бүрдүүлдэг. Нийт нэг сая аж ахуйн нэгжүүд ажлын байр бий болгодог. Компанийн засаглалаа сайн хөгжүүлсэн компаниуд хямралд ажрахгүй. Тухайлбал, 2016 онд менежмэнт, дотоод хөрөнгө оруулалтаа сайн хийж чадсан компаниудын орлого оны эцсээр 10-15 хувийн нэмэхтэй гарсан. Хямралыг сөрж хөрөнгө оруулалт хийсэн компаниуд энэ үед олз шүүрдэг. Тэртэй тэргүй эрэлт хэзээд л байна.

    - Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт төлөв байдал ямар байна. Бизнесмэнүүдэд гэрэл гэгээ харагдаж байна уу?

    - Макро түвшинд ч тэр, мөнгөний бодлогод гарч байгаа савлагаанууд манай бизнесмэнүүдийн тамирыг авч байгаа. Энэ удаагийн хямрал сүүлийн дөрвөн жил урт хугацаатайгаар үргэлжилж байна. 2018 оноос эдийн засаг дээшээ өгсөх боломж бий. 2017 он бол тэртэй тэргүй уналтын ёроолын цэгээ тогтворжуулах жил болоод дуусна. Бондын өр зээлийг хэрхэн төлж, мөнгөний ямар бодлого барихаас их зүйл шалтгаална. Хэрэв буруу менежмэнт хийх аваас бизнесмэнүүдэд төлөвлөгөө гаргахад хэцүү болчихно. Бизнес эрхлэгчид 2016 онд гаргасан төлөвлөгөөгөөрөө ажиллаж байтал төгрөгийн ханш 24 хувь унаснаас болж ашиг орлого гэх юм сая бүгд байхгүй болчихлоо. Аль ч жижиг, том компани бай төрийн мөнгөний бодлого, сангийн бодлого, хөрөнгө оруулалтыг харзнадаг болчихсон. Одоо Засгийн газар юуны өмнө макро эдийн засгийн шинэ загвараа гаргах хэрэгтэй. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ бодит тоог гарга. Монголбанк мөнгөний ямар бодлого барих вэ гэдгээ гарга. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг яаж шингээх вэ гэдэг загвар дээрээ ажиллах ёстой юм. 

    Эх сурвалж: Өдрийн сонин

    Latest 150
    Latest 150