• MN
  • EN
  • CN
  • RU
  • Баруун аймгуудад ажиллалаа
    06/02/2017

    МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа тэргүүтэй баг Азийн хөгжлийн банкны “Монголын баруун бүс нутагт нэмүү өртгийг бий болгох үйл ажиллагааг дэмжих” техник туслалцааны төслийн хүрээнд Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудад “Эдийн засаг, бизнес дэх сорилтууд” сургалтыг орон нутгийн удирдлагууд, бизнес эрхлэгчид, гарааны бизнес эхлэх гэж буй залуучуудад зориулан амжилттай зохион байгууллаа.

    Сургалтын багийн бүрэлдэхүүнд Солонгосын хамтын ажиллагааны нийгэмлэгийн зөвлөх Ра Сон Ун, МҮХАҮТ-ын дэргэдэх, “Бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зөвлөл”-ийн тэргүүлэгч гишүүн, “ORDB” ХХК-ийн захирал Р.Оюун, МҮХАҮТ-ын Маркетингийн газрын брэндинг, сошиал медиа хариуцсан мэргэжилтэн Б.Саруулбаяр нарын холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

    Бизнес санааг тордох сургалтууд

    Энэ удаагийн хөтөлбөрөөр орон нутаг дахь бизнес эрхлэгчдэд Бизнесийн орчны мэдээлэл (бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж буй болон дарамт болж буй хууль эрх зүйн орчин, бизнесийн итгэлийн индекс 2016 судалгаа), Эдийн засгийн хүндрэлийг даван туулсан БНСУ-ын туршлага, хямрал, хүндрэл, сорилтуудыг хэрхэн тэсэж гарах, ОУВС-ын хөтөлбөр бизнест хэрхэн нөлөөлөх, юунд бэлтгэлтэй байх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ шинээр загварчилж ашиг орлогоо бууруулахгүй байлгах, стратеги төлөвлөлт, интернет маркетинг ба нийгмийн сүлжээг ашиглан сурталчилгаагаа хэрхэн оновчтой хийх зэрэг шаардлагатай сэдвүүдээр сургалт, лекцүүдийг багтаасан байна.

    Мөн бизнесийн үйл ажиллагаандаа шууд аваад ашиглаж болох санхүү тооцооллын аргачлал, төсөл боловсруулах гарын авлага, бизнес санаагаа үнэлэх аргачлал, төлөвлөлтийн бэлэн загваруудыг оролцогчдод хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгчээ. Энэ удаагийн хөтөлбөрийн бас нэг онцлог нь МҮХАҮТ-ын багийнхан очсон аймаг бүртээ шинээр үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа, үйл ажиллагаа нь тогтворжсон болон шинэ салбарт өргөжүүлж буй аж ахуй нэгжүүдтэй танилцах, тэдний ололт амжилт, нөөц боломж, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцахаас гадна цаашдаа юуг анхаарах талаар зөвлөгөө өгч санал бодлыг нь сонслоо.

    “Business breakfast” орон нутагт анх удаа

    “Business breakfast” нь МҮХАҮТ-аас санаачлан зохиож буй уламжлалт арга хэмжээ бөгөөд 2016 оноос эхэлнэ нийт 14 удаа амжилттай зохион байгуулаад байгаа юм. Өдгөөг хүртэл тус уулзалтад 1100 гаруй бизнес эрхлэгчдийг хамруулж Монгол Улсын ерөнхий сайд, 8 яамны сайд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ дахь АН-н бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Монгол Улсын Ерөнхий сайд асан, эдийн засагч Р.Амаржаргал зэрэг өндөр түвшний хүмүүсийг оролцуулсан байна.

    Уг арга хэмжээг Азийн Хөгжлийн Банкны "Монголын Баруун Бүс Нутагт Нэмүү Өртгийг Бий Болгох Үйл Ажиллагааг Дэмжих" Техник Туслалцааны Төслийн хүрээнд Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудад зохиогдох сургалтын үеэр Аймгийн засаг даргыг оролцуулан Ховд Увс аймгуудад зохион байгууллаа. Уг уулзалтад Увс аймгийн засаг даргын орлогч Ц.Батболд, Ховд аймгийн засаг даргын орлогч Батсүх нар оролцлоо. Өглөөний уулзалт анх удаа орон нутагт болж байгаа болохоор бизнес эрхлэгчид идэвхтэй оролцсон бөгөөд тэдгээрээс гарсан саналын дагуу Увс аймгийн засаг даргын орлогч Ц.Батболд холбогдох албаны төлөөллийг оролцуулж сар бүр бизнес эрхлэгчидтэйгээ өглөөний уулзалт хийж байхаар боллоо.

    Залуучуудын эрмэлзлийг сэргээхийг зорив

    “Entrepreneurship challenges” төслийн хүрээнд зөвхөн бизнес эрхлэгчид рүү хандах биш тухайн орон нутагт ажиллаж амьдарч байгаа залуучуудад зориулан сошиал медиа ашиглах, Бизнес санаагаа хөгжүүлэх, Хувь хүний хөгжил сэдвүүдээр сургалт хийсэн юм.

    Цугласан залуусын дийлэнх нь Улаанбаатарт их дээд сургууль төгссөн, нутагтаа ирээд ажил олдохгүй байгаа хэмээн нийтлэг тулгамдсан асуудлаа хэлж байлаа. Баян-Өлгий аймагт ажилгүйдэл нэлээн өндөр байгаа бөгөөд ялангуяа залууст ажил олддоггүй, аав ээжийн намын харьяалал хүртэл нөлөөлдөг гэж байлаа.

    Баян-өлгий аймаг нийт 90000 гаруй хүн амтай. Нийт 15000 гаруй ажилгүй иргэд байгаа үүнээс ажил идэвхтэй хайж байгаа 7000 гаруй хүн байгаа аж. Дээрх цуврал сургалтаар нутгаа зорьж очсон боловсролтой залуусын хүсэл эрмэлзлийг өдөөж, засаг захиргаанаас ажлын байр горилоод суух биш өөрөө өөртөө ажлын байр бий болгож, бизнес эрхлэх арга зам зэргийн талаар санаа өгч харилцан ярилцлаа.

    Хотын соёл Кофе шоп

    МҮХАҮТ-ын томилолтын баг Баян-Өлгий аймаг дахь салбар танхимын тэргүүлэгч гишүүн А.Айнагулын “Pamuk coffee, tea shop”-ын нээлтэд оролцлоо. Тус кофе шоп нь тухайн орон нутагт анхдагч бөгөөд тохилог тухтай сүүлийн үеийн загвараар тохижуулсан байв. Түүний нөхөр Айтан Авдуллах нь турк хүн бөгөөд Баян-Өлгий аймагт Pamukkale гээд нэртэй турк хоолны ресторан ажиллуулдаг аж. Уг ресторан нь тус аймагт очсон хүмүүсийн орох дуртай газар бөгөөд хотын кофе Шопуудын жишиг стандартыг хэвшүүлж буй гэдгээр нь онцолж зочилсон юм.

    Түүнчлэн, аймаг бүрт бизнесээ эхлээд удаагүй байгаа 3 ААН, үйл ажиллагаа тодорхой хэмжээгээр олон жил явж байгаа ч төдийлөн амжилтад хүрэхгүй байгаа 4 ААН, үйл ажиллагаа нь хэвийн байгаа ч зөвлөгөө авах шаардлагатай байгаа 3 ААН-ыг сонгож ажлын байранд нь очиж зөвлөгөө өглөө.

    Latest 150
    Latest 150