• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Шүүх ба арбитрын харилцан ажиллагаа-Онол практикийн асуудлууд” хурал боллоо
    06/09/2017

    Шүүхийн ерөнхий зөвлөл, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх "Монголын олон улсын ба үндэсний арбитр”, "Монгол Улсын эрдмийн их сургууль” хамтран өнөөдөр (2017.06.08)"Шүүх ба арбитрын харилцан ажиллагаа-Онол практикийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Уг хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, шүүгчдийн төлөөлөл болон гадаад, дотоодын их сургуулийн багш, судлаачид оролцлоо.

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах болсон шалтгаан, ач холбогдлын талаар "Өнгөрсөн оны аравдугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөл"Гадаад улсын хэргийн оролцогчтой шүүх ажиллагаа болон шүүхэд хүний эрхийг хамгаалах зарим асуудал” нээлттэй лекц зохион байгуулсан юм. Үүний дараа АНУ-ын Санта Клара их сургуулийн багш, профессор Филип Хименезтэй ярилцаж, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгаа хийх зэргээр хамтран ажиллах зөвшилцөлд хүрсэн. Үүний үр дүнд өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байна. Шүүх, арбитрын харилцан ажиллагаа чухал. Тийм ч учраас онол, практикийн асуудлуудын талаар санал солилцохоор шүүгчид энэхүү арга хэмжээнд оролцож байна” гэж онцоллоо.

    Олон улсын эрдэм шинжилгээний хуралд профессор Филип Хименез "Шүүхийн олон улсын ажиллагаа ба маргаан шийдвэрлэх алтернатив арга-харьцуулалт”, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч, доктор Ж.Оюунтунгалаг "Арбитрын ажиллагаан дахь шүүхийн оролцоо”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Арбитрын хэлэлцээр ба Монгол Улсын шүүхийн онцгой харъяалал”, Судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн зочин судлаач Катарин Скарлет "2017 оны Арбитрийн хуулийн 29 дүгээр зүйлийг хэрэглэх нь” зэрэг сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн Буриадын их сургуулийн профессор Ю.П.Гармаев, Японы Киото их сургуулийн профессор Ясүхэй Танигучи, Монгол Улсын эрдмийн их сургуулийн багш, доктор З.Сүхбаатар, Монголын олон улсын ба үндэсний арбитрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва, МАК ХХК-ийн ахлах хуульч М.Энх-Од нар илтгэл тавьсан юм.

    Latest 150
    Latest 150