• MN
  • EN
  • CN
  • RU
  •  Г.Мөнхбаяр: Барилгын салбарт ямар нэгэн хөрөнгө оруулалт, санхүүжилт байхгүй, "горьдох" хэрэггүй гэдгийг хэлье
    12/03/2016

    - Харин салбарын норм норматив, стандарт зэрэг бичиг баримт, эрхзүйн хувьд шинэчилж янзлах зүйл хэрэгтэй байгаа бол өөрчилнө. Техник, технологийн асуудлыг шийдэж өгнө гэдгээ салбарын сайд бизнес эрхлэгчидтэй уулзахдаа мэдэгдэв.
    ... Бизнесийн төлөөллийн байгууллага - МҮХАҮТ-аас зохион байгуулдаг Төр-хувийн хэвшлийг холбох харилцан яриа бүхий “Business Breakfast” уулзалтын давтамж ихэссээр байна.
    Уг уулзалтаар өнгөрсөн сард Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Б.Жавхлан, мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, саяхан Ерөнхий сайд асан Р.Амаржаргал эдийн засагчийн хувьд оролцсон бол өнөөдөр өглөө Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр оролцлоо.

    Тиймээс уулзалтанд МҮХАҮТ-ын дэргэдэх барилгын Зөвлөлийн гишүүд, тэргүүлэгчид болох салбарынхан олноор ирсэн байв. Тэд “Тендерийн хуулийг шинэчлэхгүй бол барилгын компаниуд гүйцэтгэх ажлуудад оролцож чадахгүй байна” /энэ асуултыг жишээ нь, “Очирт тэнхлэг” ХХК-ийн захирал Д.Цэндмаа тавьж байв/, “Амины орон сууцны нэг маягын зураг, мөн хийц загварыг гаргахгүй бол иргэд байшин барья гэхээр зураг төслийнх нь өндөр үнэ ханшийг дийлэхгүй байна” /“Барилга.мн”-ийн захирал Батсүх/, “Стандарт, норм нормативтай холбоотойгоор төсөв зохиох аргачлалыг шинэчилмээр байна?” гэх мэтээр ёстой л гал тогоон дахь зовлон, жаргалаа уудлан сайдаасаа асууж байлаа.

    Тэрээр хариулахдаа:
    - Амины орон сууцны нэг маягын зураг, загварыг 2-3 хувилбар, стандартаар гаргаж болно. Гэхдээ юуны түрүү Та бүхний бас асуугаад байгаа дэд бүтцийн асуудлыг ч шийдье. Жишээ нь, нийслэл хотын захуудад 2-3 дүүрэгт дэд бүтцийн асуудлыг өмнө нь намайг хотын дарга байхаас аваад сүүлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн үе хүртэл шийдсэн зүйлүүд бий. Гэвч тэнд одоо амины сууцнууд баригдаагүй л байна. Яагаад баригдахгүй байна вэ? Бид ийм байгаа, бүтээсэн зүйлүүдээ ашиглацгаая.

    - Тендерийн хуулийг шинэчлэх шаардлага бий юу гэвэл та нарын хэлээд байгаа шиг нөхцөл байдал, цаг үеэсээ шалтгаалаад өөрчлөх хэрэгтэй байгаатай санал нэг байна.
    Та нарын нэхээд байгаа шиг барилгын материалаас аваад МСҮТ-ийг төгсөж буй мэргэжилтэй ажилчдын мэдээлэл хүртэл барилгын салбарын бүх мэдээ, мэдээлэл, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн нэгтгэл зэрэг та нарт хэрэгтэй, холбоотой бүх мэдээллийг ил тод болгон ажиллана. Мөн судалгаа хийнэ, гаргана.
    - Нэгэнтээ та бүхэнтэй уулзаж байгаагийнх, хэлье.
    Барилгын салбарт өнгөрсөн хугацаанд 1.3 их наяад төгрөг шингэсэн байна. Хөрөнгө оруулалтын хэлбэрээр ч тэр, өөр бусад татаасын хэлбэрээр ч тэр оржээ. Энэ бол нэг талаар хангалттай мөнгө. Тиймээс одоо цаашид энэ салбарт ямар нэгэн хөрөнгө оруулалт, санхүүжилт байхгүй шүү, горьдох хэрэггүй гэдгийг хэлье.
    Харин салбарын норм норматив, стандарт зэрэг бичиг баримт, эрхзүйн хувьд шинэчилж янзлах зүйл хэрэгтэй байгаа бол өөрчилнө.
    Дээр нь техник, технологийн асуудлыг шийдэж өгнө. АХБ гэх мэтээр олон улсын байгууллагуудтай гэр хорооллын дэд бүтцийн шийдлийг олохоос аваад олон ажил дээр барилгын салбарынхныг холбож, холбогдож хамтарч ажиллана.
    Ипотекийн зээл цааш үргэлжилнэ. Хямд өртөгтэй орон сууц барихад дэмжинэ зэргээр салбарын “шинэ” сайд хийх ажлаа барилгынхантай уулзангаа хуваалцлаа.
    Тэрээр ажлаа аваад салбарынхаа төлөөлөлтэй уулзсан боловч өнөөдөр бас олон хүнтэй, олон асуудлаар дахин ярилцлаа. Ийм боломжийг гаргаж өгсөн

    Танхимын удирдлага, хамт олонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
    Сайд уулзалтанд яамныхаа холбогдох газар, хэлтсийн дарга нарын хамт өглөө эртлэн ирсэн нь онцлог байж содон, хэн хэнээ хүндэтгэсэн, хэн хэндээ хариуцлагатай хандсан харагдаж байлаа.
    Уулзалтаас харж сонсож байх нь ээ, манай төр, засгийнханд яамд, агентлаг, газруудын хооронд ажлын уялдаа холбоо сул, муу, идэвхгүй, асуудал, шийдэл давхцдаг зэрэг учир дутагдалтай байдал их гардаг, энэ нь ажил хэрэгч хүмүүс, бизнес-үйлдвэрлэл эрхлэгчдэд түвэг чирэгдэл учруулж дагуулдаг байдал арилаагүй, байсаар байгаа нь ажиглагдаж, уулзалтанд оролцогчид энэ талаар ихэвчлэн ярьж асууж байлаа.

    Маркетинг, Олон нийттэй харилцах газар

    Latest 150
    Latest 150