• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимуудын 13 дугаар нэгдсэн чуулга уулзалтанд Монгол Улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын илгээлт
    06/20/2017

    2017 оны 6 дугаар сарын 15
    Туушин зочид буудал, Улаанбаатар хот

    Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид
    Хатагтай, ноёд оо,  

    Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын 13 дугаар дээд хэмжээний нэгдсэн чуулганд хүрэлцэн ирсэн Та бүхэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд энэхүү нэр хүндтэй, ач холбогдолтой арга хэмжээг зохион байгуулж байгаа Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа гүн талархал илэрхийлье.

    Олон зууны турш худалдаа, эдийн засаг, соёлын түүхэн уламжлалтай ирсэн найрсаг харилцаатай, сайн хөршүүд болох манай гурван улсын хамтын ажиллагаа нийгэм, эдийн засгийн хөгжлийн үе шат, дэвшлийг даган өөрчлөгдөж, өргөжин, хөгжсөөр байна.

    Манай гурван улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх Монгол Улсын “Хөгжлийн зам”, Евразийн эдийн засгийн холбооны үйл явц, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулсан эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг өнгөрсөн жил баталсан.

    Монгол Улс хөрш хоёр улстайгаа иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хүрээнд хамтын ажиллагааг олон салбарт өргөжүүлж, харилцан үр өгөөж бүхий төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд уг хамтын ажиллагаанд эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч, тэдний эрх ашгийг хамгаалсан эрх бүхий байгууллагын оролцоо чухал юм.

    Манай гурван улсын худалдаа, эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах “Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрийг төмөр замын коридороос эхлэхээр шийдвэрлэсэн энэ цаг үед бизнес эрхлэгч хөрөнгө оруулагч, Танхимын удирдлагууд Та бүхэн гурван улсын тэргүүлэх салбарын хөгжлийг хэлэлцэж, цаашид хамтран ажиллах салбар, чиглэл, хөгжлийн гарцаа ярилцаж байгаад миний бие талархаж байна.

    Монгол Улсад дэд бүтэц, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, аялал жуулчлал, мэдээлэл технологийн салбарт хөрөнгө оруулах, бизнес эрхлэх олон боломжууд байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Монгол Улсад бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх бодлого барьж, тодорхой арга хэмжээ авч байна.

    Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын дээд хэмжээний нэгдсэн чуулганд хүрэлцэн ирсэн албаны төлөөлөгчид болон бизнес эрхлэгч Та бүхэн манай хөгжлийн бодлого, тэргүүлэх салбарын хөгжлийн төлөвлөгөө, бизнес эрхлэгчдийн чадвар, нөөц, боломжтой танилцан, боломжит бизнесийн салбар, төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулж, хөрш орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

    Монгол Улсын Засгийн газар бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч Та бүхний санал, санаачлага, хамтын ажиллагааг дэмжин, цаашлаад гурван улсын худалдаа, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэхийн сацуу гурван улсын Танхимын удирдлагууд Та бүхнийг хөгжил дэвшил, бизнес эрхлэгчдийн эрх ашгийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.

    Энэ өдрүүдэд манай улсад саатан зочилж, уг арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын удирдлага болон бизнес эрхлэгчид Та бүхний цаашдын ажилд улам их амжилт хүсэн ерөөхийн хамт энэхүү чуулга уулзалт нь гурван улсын ард түмэн, бизнес эрхлэгчид хоорондын сайн хөрш, түншийн харилцааг улам бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

    Гурван талт Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын дээд хэмжээний нэгдсэн чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

    Latest 150
    Latest 150