• MN
  • EN
  • CN
  • RU
  • Гурван улсын худалдаа, эдийн засгийн асуудлаар хэлэлцлээ
    06/20/2017

    Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэгт гурван улсын бүс нутгийн худалдаа аж, үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн 200 гаруй төлөөлөл цуглан, бүс нутгийн онцлог, нөөц боломжтой танилцан, гурван улсын хил худалдаа, хамтын ажиллагааны хэрэгцээ, боломжуудыг хэлэлцэв. Мөн гурван улсын Танхимуудын сайн туршлага, оролцооны талаар санал солилцож, хамтын ажиллагааны нэгдсэн ойлголтод хүрлээ.

    Тухайлбал, ОХУ-ын Томск хот хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, цахилгаан станц бусад дэд бүтэц, үйлдвэрлэлийн төсөлд, Красноярск хязгаар хөрөнгө оруулалтын таатай нөхцөлд газар тариалан, үйлдвэрлэлийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломжтойг илэрхийлж, мөн гурван улсын хамтын ажиллааг 2020 онд өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг дурдлаа.

    Мөн ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүнсүнт хошуу нь аж үйлдвэрийн парк, мах, ХАА-н чиглэлээр хамтран ажиллах болон хил дамнасан аж үйлдвэр, худалдаа, соёлын хамтын ажиллааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол Эрээн хот нь бүс нутгийн бүтээн байгуулалт, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тууштай ажиллаж байгааг дурдан Монгол Улсаас жигнэсэн мах, мод, модон бүтээгдэхүүнийг импортлох боломжтойг илэрхийллээ.

    Түүнчлэн гурван улсын худалдааны эргэлтийг сайжруулахад чухал байр суурь эзэлдэг банкны үйл ажиллагаа болон интернет худалдааны талаар илтгэл, мэдээллийг сонслоо.

    Гурван улсын Худалдаа, эдийн засгийн уулзалтад амжилт хүсч Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат илгээлт явуулсныг Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Н.Чимгүүндарь уншиж уламжиллаа.

    Latest 150
    Latest 150