• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар чуулга уулзалт амжилттай өндөрлөлөө
    06/20/2017

    Монгол, Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулга уулзалт 6 дугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо амжилттай зохиогдож өндөрлөлөө.
    МҮХАҮТ-аас санаачлан хөрш гурван орны Худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын дээд хэмжээний уулзалтыг 2004 онд зохион байгуулж эхэлснээс хойш эдүгээ энэ уулзалт гурван улсын бизнесийн төлөөллүүдийн бүс нутгийн бизнес хөрөнгө оруулалт, тулгамдаж буй асуудлуудаар санал солилцон шийдлээ олдог бизнесийн хамтын ажиллагааны талбар болсон юм.

    Энэ удаагийн чуулга уулзалтад гурван улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд болон бүс нутгийн худалдаа аж, үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцон, бүс нутгийн онцлог, нөөц боломжуудаас танилцуулан, гурван улсын хил худалдаа, хамтын ажиллагааны хэрэгцээ, боломжуудыг хэлэлцлээ. Мөн гурван улсын Танхимуудын сайн туршлага, оролцооны талаар санал солилцож, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нэгдсэн ойлголтод хүрлээ.

    Уулзалтын хүрээнд “Монгол, ОХУ, БНХАУ-ын хил орчмын худалдаа болон бүс нутгийн хамтын ажиллагааны хөгжлийн механизм”, “Танхимууд орон нутгийн Засгийн газартай хамтын ажиллагааны дэвшилтэт шинэлэг саналаар туршлага солилцох нь” зэрэг бизнес хэлэлцүүлэг боллоо.

    Түүнчлэн уул уурхай, хүнд үйлдвэрлэл, эрчим хүч, газрын тосны импорт, барилга, тээвэр, мэдээллийн технологи, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчлал, ногоон бизнес зэрэг асуудлаар салбар хуралдаанууд болж тодорхой саналууд яригдлаа.

    Тухайлбал, ОХУ-ын Томск хот хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, цахилгаан станц бусад дэд бүтэц, үйлдвэрлэлийн төсөлд, Красноярск хязгаар хөрөнгө оруулалтын таатай нөхцөлд газар тариалан, үйлдвэрлэлийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломжтойг илэрхийлж, мөн гурван улсын хамтын ажиллааг 2020 онд өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг дурдлаа.

    Мөн ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүнсүнт хошуу нь аж үйлдвэрийн парк, мах, ХАА-н чиглэлээр хамтран ажиллах болон хил дамнасан аж үйлдвэр, худалдаа, соёлын хамтын ажиллааг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн бол Эрээн хот нь бүс нутгийн бүтээн байгуулалт, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тууштай ажиллаж байгааг дурдан Монгол Улсаас жигнэсэн мах, мод, модон бүтээгдэхүүнийг импортлох боломжтойг илэрхийллээ.

    Түүнчлэн гурван улсын худалдааны эргэлтийг сайжруулахад чухал байр суурь эзэлдэг банкны үйл ажиллагаа болон интернет худалдааны талаар илтгэл, мэдээллийг сонслоо.

    Гурван улсын Худалдаа, эдийн засгийн уулзалтад амжилт хүсч Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат илгээлт явуулж, манай гурван улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх Монгол Улсын “Хөгжлийн зам”, “Евразийн эдийн засгийн холбооны үйл явц, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулсан эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийг ажил хэрэг болгоход идэвх санаачилгатай ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

    Чуулга уулзалтын хүрээнд бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалтууд зохиогдсон бөгөөд энэ удаагийн чуулга уулзалт үүрэг зорилгоо бүрэн хангасан, бодит үр дүнтэй арга хэмжээ боллоо гэж МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Н.Катырин, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны орлогч дарга Чэнь Жоу нар санал нэгтэй дүгнэлээ.

    Latest 150
    Latest 150