• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Цагаан алт”-ыг үнэ оруулах сүлжээ өргөжсөөр
    06/28/2017

    Нэгэн үе ноос шиг үнэгүй зүйл байгаагүй. Жил бүрийн зуны эхэн сард ёсыг бодож хонины ноосоо авдаг ч өнөөх нь үнэгүйдэж,  хотон дахь бууц, малын шивтэртэй холилдон хаягддаг байсан цаг саяхан.  Тэгвэл ноосны үнэ цэнийг нэмэгдүүлж, эрэлт хэрэгцээг сайжруулах нэгэн төсөл орон нутагт хэрэгжиж байна.

    МҮХАҮТ, Германы ХАҮТ хамтран Архангай аймагт хэрэгжүүлж буй “Хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”-ийн шугамаар МҮХАҮТ-ын төлөөлөгчид тус аймагт ажиллаад ирлээ. Томилолтын багийн бүрэлдэхүүнд МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг,  төслийн  удирдагч Рольф Шпайт тэргүүтэй зохион байгуулалтын баг, “Бизнес таймс” сонины сурвалжлагчид багтсан юм.

    “Хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл” нь хонины ноосыг анхан шатны хяргалтаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн болгох хүртэлх бүх шатанд малчид болон үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжлэг үзүүлэх зорилготой. Төслийн хүрээнд сургалт явуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах, ажиллах орчинг бүрдүүлэх, борлуултад санаа тавих зэргээр монгол ноосны өртөгийг нэмэгдүүлэхийн төлөөх цогц ажлууд хийгдэж байгаа юм.

    Энэ үеэр төлөөлөгчид тус аймгийн Хотонт суманд байгуулагдаж буй Ноос угаах үйлдвэрийг үзэж, баригдахаар хүлээгдэж байгаа цэвэрлэх байгууламжийн төсөл, түүнд тулгараад буй асуудлуудтай газар дээр нь  танилцлаа. Мөн Архангай аймгийн салбар танхимынхантай уулзаж, ноос боловсруулах сургалтад хамрагдсан иргэдийн төлөөлөл, дэд кластерийн багийнхантай санал солилцов.

    Энэхүү томилолтын хамгийн гол зорилго нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6 дугаар багт байгуулагдаад буй Хонь хяргах, угаах жишиг төвийг нээж, нутгийн иргэдэд албан ёсоор хүлээлгэн өгөх, цаашид үргэлжлүүлэн ажиллуулах талаар заавар зөвлөмж өгөх байв.

    ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ БАРИХ НЬ ГАНЦ КОМПАНИЙН ХЭРЭГЦЭЭ БИШ

    Бидний эхэлж очсон газар бол Архангай аймгийн Хотонт сумын нутаг дахь “Нэхээсгүй эдлэл” ХК-ийн Ноос угаах үйлдвэрийн байгууламж байлаа. Тус үйлдвэрийг Хангайн бүсийн аж үйлдвэрийн парк болгох зорилгоор нийслэл хотоос 4 жилийн өмнө нүүлгэн суурьшуулжээ. Гэвч цэвэрлэх байгууламжийн асуудал шийдэгдэхгүй байгаагийн улмаас өнөө хэр ашиглалтад ороогүй юм байна. Үйлдвэр ашиглалтад орвол сумын төдийгүй аймгийн хэмжээнд ноос угаах хүчин чадал бүхий томоохон эх үүсвэр болох аж.


    "Нэхээсгүй эдлэл" ХК-ийн Ноос угаах үйлдвэрийн байгууламж

    Үйлдвэрийн захирал, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Б.Ганбатаас учир шалтгааныг тодруулахад “Миний бие Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоог тэргүүлдгийн хувьд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад үйлдвэрүүддээ үлгэр дуурайл болъё, Монголын нийт хүн амын гуравны нэг нь оршин суудаг нийслэл хотынхоо цэвэрлэх байгууламжийн ачааллыг хөнгөлье, орон нутагт ажлын байр нэмэгдүүлье, түүхий эддээ ойр дөхөм байя гэх мэт сайхан сайхан зорилго өвөрлөн Хотонт суманд Ноос угаах үйлдвэрээ нүүлгэж ирсэн. Мөн ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг бусад үйлдвэрийг хамтарч Аж үйлдвэрийн парк болж, бүсийн хэмжээнд хоршин том хүчин чадлаар ажиллахыг уриалсан байгаа. Гэвч харамсалтай нь цэвэрлэх байгууламж барих асуудалд хөрөнгө мөнгөний бэрхшээл тулгараад байна. Бид үйлдвэрээ нүүлгэн шилжүүлэхдээ тухайн үеийн Засгийн газрын бондын хөрөнгөөс зээл авч, 1,7 тэрбум төгрөгийн өртөг гаргасан. Тэр үед Засгийн газрын мөрийн хөтөлбөрт аж үйлдвэр түшиглэсэн сумдад цэвэрлэх байгууламж барихаар төлөвлөж, салбарын яам ч хөрөнгө мөнгийг төсөвлөсөн байсан. Гэвч бодит байдал дээр хэрэгжсэнгүй, хамтрахаар тохиролцсон үйлдвэрүүд ч нүүж ирж нэгдээгүй байна. Иймээс л цэвэрлэх байгууламжийн асуудал шийдэгдэхгүй байна. Дан ганц компанийн хөрөнгөөр барьчихъя гэхээр хөрөнгө мөнгөний бэрхшээлтэй нүүр тулчихлаа. Гэлээ гээд үйлдвэрээ ажиллуулахын тулд өөрсдөө барихаар урд хөршийн хөрөнгө оруулалт хөөцөлдөж байгаа. Тэрбум орчим төгрөг хэрэгтэй гэсэн урьдчилсан тооцоо гараад байна. Энэ нь тийм их хөрөнгө биш байж болох ч нэг аж ахуйн нэгжид ахадсан зардал болоод байна. Уг нь Хотонт сум цэвэрлэх байгууламжтай болчихвол зөвхөн манай үйлдвэр ч биш сумын сургууль, цэцэрлэг төвлөрсөн шугам сүлжээтэй болох боломж нээгдэнэ. Орчин үед гадаа жорлонтой сургууль цэцэрлэг байна гэдэг зохимжгүй. Тиймээс бид орон нутгийн засаг захиргааг дэмжинэ гэж найдаж байгаа” хэмээн ярив.

    Мөн тэрбээр Аж үйлдвэрийн парк байгуулах эрхийг мэргэжлийн холбоодод олговол зохилтой талаар санал бодлоо хуваалцсан юм. Засгийн газраас сүүлийн 8 жилд Дархан, Эрдэнэт, Багануурт л Аж үйлдвэрийн парк байгуулах зөвшөөрөл олгосон бөгөөд эдгээр нь аж үйлдвэр түшиглэсэн хотууд учир ноос, ноолуур боловсруулах чиглэлээр парк байгуулахад тохиромжгүй аж.

    Аж үйлдвэрийн парк байгуулахын тулд тухайн орон нутаг дэд бүтэц, хүн амын нягтрал, түүхий эдийн эх үүсвэрээр хангалттай байх гэсэн 3 шалгуур хангах ёстой. Хотонт сум нь аймгийн тө¬вөө¬сөө 80 гаруй км алс¬лагдсан ч Улаан¬баатар-Архангай чиглэлийн зам дагуу байрладаг, дэд бүтэц шийдэгдсэн. 1300 гаруй өрхтэй, тэдгээрийн 800 гаруй нь малчин өрх бөгөөд 260-аад мянган толгой малтай. Гэхдээ “Нэхээсгүй эдлэл” ХК-ийн энэхүү ноос угаах үйлдвэр ашиглалтад орвол аймгийн хэмжээнд ноос угаах хүчин чадалтай бөгөөд Монгол орны нийт хонин сүргийн гуравны нэг нь байдаг Архангай аймаг ноосны түүхий эдээр хэзээ ч дутахгүй юм. Тиймээс мал аж ахуй голлосон аймаг сумдад аж үйлдвэрийн парк, тэр дундаа ноос ноолуурын парк байгуулахад төрөөс дэмжлэг үзүүлэх нь илүү чухал байгаа аж.

    ХЯМД ҮНЭТЭЙ НООС ХАРАА БУЛААМ БҮТЭЭГДЭХҮҮН БОЛОХУЙД ...

    “Архангай аймгийн хонины ноосны нэмүү өртгийн сүлжээ” төсөл нь 2015 оноос тус аймагт хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрөгч хугацаанд аймгийн иргэдийг хонины ноос бэлтгэх болон эсгийгээр бүтээгдэхүүн хийх хэд хэдэн цуврал сургалтад хамруулаад байна.

    Томилолтын баг МҮХАҮТ-ын Архангай аймаг дахь салбар танхимаар зочилж, сургалтад хамрагдсан хүмүүсийн төлөөлөл, төслийг хэрэгжүүлэх дэд кластер багийнхантай уулзлаа.


    МҮХАҮТ-ын Архангай аймаг дахь салбар танхим

    Энэ үеэр Архангайн салбар танхимын дарга Ч.Мөнхбат сургалтын үр дүн болон  ноосоор бүтээгдэхүүн хийдэг хүмүүсийн дунд зохиосон уралдаанд шалгарсан бүтээлүүдээс сонирхууллаа. Сүүлийн үед эсгийгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сургалтад хамрагдах хүсэлтэй хүний тоо нэмэгдсэн байна. Өмнө нь зөвхөн жуулчдын улиралд бүтээгдэхүүнээ зардаг байсан бол одоо аймагтаа эко бүтээгдэхүүнээ хэрэглэх сонирхол нэмэгдэж, захиалж байгаа нь уг сургалтын бас нэг үр дүн аж. Тэрбээр энэ үеэр өмнө нь кг нь 300 төгрөг байсан ноос зах зээлээ дагаад 1000 төгрөг болсон, төрөөс олгох урамшуулалтайгаа малчдын гар дээр 2000 төгрөг болж очиж байгаа нааштай мэдээг дуулгалаа.

    Эсгийгээр бүтээгдэхүүн хийдэг иргэдэд тулгамдаж буй хамгийн гол асуудал бол ноосыг эсгийрүүлэх машин  дутагдалтай, олдсон нь өндөр хүчдэлээр ажилладаг, манай нөхцөлд таарахыг захиалж хийлгэхэд үнэтэй тусч байгааг дэд кластерын багийнхан онцолж байв.


    Төслийн сургалтанд хамрагдсан иргэдийн урласан эсгий бүтээгдэхүүнүүд

    МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг уулзалтын үеэр хэлэхдээ, хийж буй бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах, хэрэглээнд илүү ойртуулахын тулд бүтээлч санаачилгатай байхыг зөвлөлөө. Мөн тус тусдаа гар урлал эрхэлж, түүнийгээ борлуулахаар хувь хувьдаа түрээс төлөн зүтгэж байхаар хөдөлмөрөөрөө хамтарч хорших нь илүү үр дүнтэй болохыг онцлов. Эсгийрүүлэх  машины хүчдэлийг бууруулах боломжийг судлах, бүтээгдэхүүнээ сурталчлахын тулд бүсийн болон нийслэлийн хэмжээний үзэсгэлэн экспод идэвхтэй оролцох хэрэгтэй бөгөөд энэ тал дээр гарсан оновчтой санал санаачилгыг МҮХАҮТ–аас салбар танхимаараа дамжуулан дэмжихэд бэлэн гэдгээ илэрхийллээ.

    ХОНЬ ХЯРГАХ, УГААХ ЖИШИГ ТӨВ АШИГЛАЛТАД ОРЛОО

    “Хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”-өөр хоёр жил орчмын хугацаанд гар үйлдвэрлэл эрхлэгчдийг чадваржуулах, эсгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдыг хонь хяргах төхөөрөмжтэй харьцаж сургах гэхчлэн цуврал ажлууд хийснийг дээр өгүүлсэн. Үүний зэрэгцээ Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 6-р багийн нутагт “Хонь хяргах, угаах загвар төв” байгуулсан нь төслийн хамгийн том үр дүн байлаа. Уг төвийг албан ёсоор нээж, нутгийн иргэдэд нь хүлээлгэн өгөх ёслол боллоо. Нутгийн иргэд энэхүү байгууламжийг “Баг төв” хэмээн нэрийдэж, ихэд талархан хүлээж авсан юм.

    Нээлтийн арга хэмжээнд МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, Архангай аймгийн ХАҮТ-ын дарга Ч.Мөнхбат, төслийн удирдагч Рольф Шпайт болон төслийн багийнхан оролцлоо.


    МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг "Хонь хяргах, угаах жишиг төв"-ийг нээж үг хэлэв.

    “Баг төв”-ийг нээж МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ, “Хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”-ийн бодит үр дүн гарч, энэхүү төв нээгдэж буйд маш их баяртай байна. Монгол Улс мал аж ахуйн орон. Малаас гарах түүхий эдээ хаягдалгүйгээр боловсруулж, нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд гаргах, олон улсын шаардлагад нийцсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, тэдгээрийн нэр төрлийг олшруулах нь бидний чухал зорилго юм. Энэхүү зорилгыг биелүүлэхэд тусалж,  сум, багын ард иргэдийн өөрсдийнх нь оролцоотойгоор малаа эрүүлжүүлэх, цагаан алт болсон ноосыг зөв технологиор хяргаж бэлтгэх, хадгалах, боловсруулах үйл явцад дэмжлэг үзүүлж буй Германы ХАҮТ, тус улсын ард иргэдэд баярлалаа. Эрдэнэбүрэн сумын иргэддээ мөн амжилт хүсч, энэхүү төвийн үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлэн, улам өргөжүүлэн авч яваарай хэмээн хүсэн ерөөе” гэв.

    “Хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл”-ийн багийн удирдагч, ХБНГУ-ын иргэн Рольф Шпайт хэлэхдээ, “Анх энд нурах шахсан балгаснаас өөр юу ч байгаагүй. Гэтэл одоо ноосны агуулах, ноос хяргах хашаа, худаг, мал угаах ванн бий боллоо. Ажлын маань үр дүн нүдэн дээр гарч байгаад бид үнэхээр баярлаж байна. Үүнд төслийн багаас гадна нутгийн ард иргэдийн оролцоо дэмжлэг, идэвх зүтгэл ихэд хувь нэмэр орууллаа. Цаашид төслөө үргэлжлүүлж, бусад багуудад загвар төв нээх бүрэн дүүрэн эрч хүч орлоо” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцлаа.


    Цахилгаан машинаар хонь хяргаж буй нь

    Энэхүү байгууламж нь Монголд анх удаа баригдсан цогц үйлчилгээг үзүүлэх төв бөгөөд ноос хадгалах агуулах, хонь хяргах хашаа, хяргасан хонийг угаах онгоц зэргээс бүрдэж байна. Энд малчид хонио хяргуулж, угаалгаад ноосоо газар дээр нь тушааж мөнгөө авах боломжтойгоос гадна малыг эрүүлжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах аж. Баг төвийн үйлчилгээнд сумын ойр орчмын 10 мянга орчим толгой малыг хамруулах боломжтой.


    "Хонь хяргах, угаах жишиг төв"-ийн мал угаах онгоц

    Түүнчлэн малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, ноос хяргах автомат машиныг ирлэгчийн хамт энэ үеэр танилцууллаа. Сайшаалтай нь уг төслийг “Оюутолгой” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжиж, хөдөлмөр аюулгүй байдлын сургалт явуулахаар хоёр ажилтнаа илгээсэн нь нутгийн залууст автомат машинаар ноос хяргах дадал суулгахад ихээхэн дэм өгч байв.

    Архангай аймаг 4,6 сая малтайгаас 2,3 сая нь хонь юм. Тиймээс энэхүү жишгээр цаашид бусад 18 сумын багуудад байгуулах боломжтой.

    Э.АДЪЯАСҮРЭН

    Latest 150
    Latest 150