• MN
  • EN
  • CN
  • RU
  • “МОНГОЛ-ХЯТАДЫН II ЭКСПО” БОРЛУУЛАЛТ, ЦАР ХҮРЭЭГЭЭРЭЭ ТЭРГҮҮЛНЭ
    08/07/2017

    - Хоёр жилд нэг удаа зохиогддог “Монгол-Хятадын II экспо”2017 оны  9 дүгээр сарын 26-30-нд Хөх хотод болно -

     Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, БНХАУ-ын зах зээлд сурталчлах, таниулах, тэр дундаа ӨМӨЗО-ны хэрэглэгчдэд хүргэх зорилготой нэгэн том ажлын бэлтгэл хангагдаж байна. Хоёр жилийн өмнө анх зохиогдсон Монгол-Хятадын II экспо ирэх 9-р сарын 26-30-нд Хөх хотод болох юм.

    ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга тэргүүтэй  ХХААХҮЯ,  БСШУСЯ, МҮХАҮТ-ын төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсэг 7-р сарын 31-нээс 8 дугаар сарын 2-нд  Бээжин хотноо ажиллаж, Хятадын талтай ЭКСПО-д оролцох бараа бүрэлдэхүүн, тэдгээрт тавигдах шаардлага, хадгалалт, тээвэрлэлт гээд нарийн чимхлүүр зохион байгуулалтын асуудлуудыг хэлэлцэж, зохих шийдэлд хүрлээ. Монголоос оролцох ах ахуйн нэгжүүдийг бүртгэж эхэлсэн бол Хөх хотод тэдний бараа бүтээгдэхүүнийг дэлгэх, худалдах талбайн тохижилт, бэлтгэлийн ажлыг эхлүүлжээ.

    “Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорыг байгуулж, олон улсын харилцан ашигтай хамтын ажиллагааг бий болгоё” санаачлагын хүрээнд, "Хамтарч ажиллана, хамтдаа хожино" уриатай энэ удаагийн ЭКСПО нь  оролцох талуудад харилцан ойлголцох, хамтран ажиллах гарц суваг нээх, бизнесээ өргөжүүлж холбоо тогтоох олон боломжоор хангагдах юм.

    ЭКСПО 7 хоног үргэлжлэх бөгөөд хөрөнгө оруулалт ба хэлэлцээр, бизнес уулзалт, хурал форум, үзэсгэлэн, Монгол, Хятадын олон улсын соёлын долоо хоног зэрэг 4 салбарын 22 үйл ажиллагаа зохиогдоно.  Энэ удаагийн ЭКСПО өмнөхөөсөө  илүү өргөн хүрээнд зохион байгуулагдана. Аж ахуйн нэгж байгууллагуудаас гадна их дээд сургуулиуд, соёл болоод спортын олон арга хэмжээ багтаж байна. Мөн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтууд товлож төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах юм.  

    Одоогоор  экспод оролцохоор хөдөө аж ахуйн түүхий эд, эм эмийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, оёмол, сүлжмэл, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын 1500 гаруй аж ахуйн нэгж бүртгүүлээд байна. Түүнчлэн ОХУ зочноор оролцох төдийгүй гадаадын 30 гаруй улс, тэдгээрийн дотор  “Нэг бүс нэг зам” санаачилгад нэгдсэн 20 гаруй улс, Номхон далай, зүүн өмнөд Азийн 10 орчим улс оролцох урилгаар төлөвтэй байна.

    Монгол-Хятадын ЭКСПО зохион байгуулж байгаа нь 2014 онд Монгол, Хятад хоёр улсын байгуулсан “Иж бүрэн стратегийн түншийн харилцааг байгуулж хөгжүүлэх нэгдсэн тунхаг”-ыг хэрэгжүүлэх хүрээнд  хийгдэж буй ажил юм.

    Анхдугаар ЭКСПО-г 2015 оны 10 дугаар сард ӨМӨЗО-ны Хөх хотод амжилттай зохион байгуулж, Монголын 230 гаруй аж ахуйн нэгж, ЖДҮ эрхлэгчид, 10 мянга гаруй зочин төлөөлөгч оролцож, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны 166 гэрээ байгуулсан байна. Нийт борлуулалт 6 орчим сая юань буюу гурван тэрбум орчим төгрөгийн эргэлттэй байсан дүн мэдээ бий.

    Эхний удаагийн ЭКСПО-гийн үр дүнгээс харахад энэхүү арга хэмжээ нь бусад үзэсгэлэн худалдаа, олон улсын ижил төстэй арга хэмжээнээс хамгийн их борлуулалттай нь байсан бөгөөд энэ удаад ч борлуулалт, цар хүрээгээрээ тэргүүлэхийг зохион байгуулагчид хичээн ажиллаж байна.

    Latest 150
    Latest 150