• MN
  • EN
  • CN
  • RU
  • Импортыг орлох, Инновацлаг, Байгальд ээлтэй Улаанбаатар түншлэл 2017 олон улсын үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ
    09/08/2017

    Улсын нийслэл Улаанбаатараар овоглосон Түншлэл үзэсгэлэн өндөр үүдээ нээлээ.  НЗДТГ, МҮХАҮТ  хамтран жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг  энэхүү үзэсгэлэнд Тайвань, Чех, Непал, Гонконг, Пакистан  зэрэг орнуудын бизнес эрхлэгчид болон манай орны 70 гаруй ААН-үүд өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр оролцож байна. Үзэсгэлэнд гадаад дотоодын ААН-үүд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гэрээ байгуулах, шинэлэг бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, зөвлөгөө мэдээлэл солилцох чиглэлээр ажиллалаа.

    Тайваний 10 компани биотехнологийн үйлдвэрлэлийн шинэлэг бүтээгдэхүүнээр оролцож байна, тэд бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах гэхээсээ түншээ олох, хамтран ажиллахаар зорин иржээ. Үндэсний томоохон үйлдвэрлэгчид болох Мах импекс, Жүр Үр, Жем интернэшнл компаниуд үзэсгэлэнгийн талбайгаа үлгэр жишээ тохижуулан оролцлоо. Үндэсний үйлдвэрлэгчдийн онцлох бараа бүтээгдэхүүнээс танилцуулбал Жем интернэшнл биологийн идэвхт бодисын агууламжаараа бусад сортуудаас хэд дахин илүү Завханы улаан саримсаар хандмал үйлдвэрлэж эхэлжээ. Энэхүү бүтээгдэхүүн биеийн тамир тэнхээг сайжруулж эрүүлжүүлж залуужуулах увдистай аж.

    Гофро компани бараа бүтээгдэхүүний бүх төрлийн савлагаанд нэн тохиромжтой байгаль орчинд сөрөг нөлөөгүй 100 хувийн царс модноос гаргаж авсан түүхий эд ашиглан хүнсний болон бусад зориулалтын цаасан хайрцаг хавтангуудыг үйлдвэрлэж байна. Үзэгчдээс гадна үзэсгэлэнгийн оролцогчид тус компанитай түншлэхээр сонирхож буйгаа илэрхийллээ.   Харин “Хэв хашмал” хаягдал түүхий эд буюу байгальд хог болгон хаядаг гялгар уут, хаягдал хуванцрыг боловсруулан  төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж  байна.

    Тус компанийн бүтээгдэхүүн байгальд ээлтэй, импортыг орлох бүтээгдэхүүний нэгэн жишээ. Түүнчлэн  Одь тан компанийн органик цай, уушиг цэвэрлэх, дархлаа сайжруулах, зулзаган халгайн бүтээгдэхүүн, Тинц компанийн  байгалийн гаралтай зохицуулах үйлчилгээтэй хүнс төрөл бүрийн шимт ногооны шүүс олны анхаарлыг татаж байлаа. Үзэсгэлэнд оролцогсдын бараа бүтээгдэхүүний чиг хандлага байгалийн гаралтай, импортыг орлох, инновацлаг тал руу хандсаныг энэ удаагийн үзэсгэлэнгээс харж болохоор байв.  Үндэсний үйлдвэрлэгчдийн шинэлэг бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, хамтран ажиллахаар сонирхож буй хэн бүхэн “Улаанбаатар түншлэл-2017”  үзэсгэлэнг зориорой.

     

    Latest 150
    Latest 150