• MN
  • EN
  • CN
  • RU
  • МОНГОЛ-ХЯТАДЫН ХОЁРДУГААР ЭКСПО ХӨХ ХОТОД БОЛЖ БАЙНА
    09/27/2017

    Монгол, Хятадын хооронд байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхагийн хүрээнд “Монгол-Хятадын экспо 2017” хоёр дахь удаагийн үзэсгэлэн, нэгдсэн арга хэмжээ Хөх хотод энэ өдрүүдэд болж байна.

    Энэхүү арга хэмжээг Монгол Улсын ХХААХҮЯ, МҮХАҮТ, БНХАУ-ын Худалдааны яам болон ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар  хамтран зохион байгуулж байна.

    Энэ удаагийн экспо, дагалдах арга хэмжээнд Монголын талаас 1600 гаруй төлөөлөгч оролцож байгаагаас 380 гаруй аж ахуй нэгжийн 800 орчим бизнес эрхлэгчид оролцож байна. Мөн Монгол, Хятадаас гадна ОХУ зочин орноор, 30 гаруй орон урилгаар оролцож буйгаараа онцлогтой.  

    Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, дэлхийд чиглэсэн хамтдаа хожих хамтын ажиллагааг хөгжүүлье гол сэдвийн дор зохион байгуулагдаж буй үзэсгэлэн арга хэмжээний нээлтэд ӨМӨЗО-ны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, Ардын засгийн ордны тэргүүлэгч Бү Шиаолин, Монгол Улсын Их хурлын дэд дарга Я.Санжмятав, БСШУ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав болон бусад албан төлөөлөл оролцлоо.

    БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин нээлтийн үеэр хэлэхдээ “Монгол, Хятад хоёр улс уул усаар зэрэгцэн орших найрсаг хөршүүд. Хоёр орон эдийн засгийн хувьд харилцан бие биеэ нөхөх чадвар сайтай, хамтын ажиллагааны нөөц ихтэй. Ойрын жилүүдэд хоёр орны харилцааг харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай байх үндсэн дээр эрчимтэй хөгжиж байгаа нь хоёр орон болон ард түмэнд бодит үр өгөөжийг авчирч байна. Хоёр талын худалдаа өргөжсөөр байна. БНХАУ 10 гаруй жилийн турш Монгол Улсын хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн. 2016 онд хоёр талын худалдаа эргэлтийн хэмжээ 4.16 тэрбум ам.долларт хүрч, Монголын гадаад худалдааны нийт хэмжээний 60 хувийг эзэлж байна. Ялангуяа энэ оны эхний хагас жилээс хоёр талын худалдааны эргэлтийн хэмжээ 3.1 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.2 хувиар өссөн дүн байна. БНХАУ-аас Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт тогтвортой өссөөр байна. Энэ оны зургадугаар сарын байдлаар Хятадаас Монгол Улсад оруулж буй санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 4.61 тэрбум ам.долларт хүрсэн. Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 30 хувийг эзэлж байгаа нь манай улс Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалтын хоёрдогч том улс болж байна” гэв.

    Анхны буюу 2015 онд болсон экспогийн худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалтаар 166 хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хөрөнгө оруулалтын хэмжээ 140 тэрбум гаруй юаньд хүрсэн байдаг. Экспог зорьсон үзэгчдийн тоо 800 мянгад хүрсэн гэх тооцоо бий. Тэгвэл энэ удаагийн экспо өмнөх амжилтаа ахиулна гэдгийг албаны хүмүүс онцолж байна.

    ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга “Хоёр дахь удаагийн экспо арга хэмжээнд ХХААХҮ-ийн салбар, боловсрол соёл, шинжлэх ухаан, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт зэрэг маш өргөн хүрээнд харилцан ярилцаж, энэ чиглэлд хамтран ажиллахад тулгамдаж байгаа асуудал, цаашид юуг анхаарч ажиллах, шийдэл гарцыг хайх, судалгааны ажлуудаа танилцуулж байгаагаар онцлог болж байна. Экспо үзэсгэлэн худалдаанаас өнөөдрийн орлого гэхээс илүү цаашдын хамтын ажиллагаа ирээдүйд олох орлогыг илүү харж байна. Экспоны  дараа олон улсын вэбсайт ажилуулахаар  ажиллаж байгаа. Тэрхүү вэбсайтаар дамжуулан өнөөдөр үзэсгэлэнд оролцож байгаа аж ахуй нэгжүүд  бүтээгдэхүүнээ бүртгүүлвэл, зөвхөн Монгол улс гэлтгүй дэлхийн хаанаас ч тэрхүү бүтээгдэхүүнийг шууд худалдан авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Ерөнхийдөө урт хугацааны худалдааны чиглэл үүсгэхээр ажиллаж байна гэж ойлгож болно” гэдгийг онцлов.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав:

    Экспо амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн экспод Монгол-ОХУ-БНХАУ-ын эдийн засгийн коридорыг бүтэээн байгуулах чиглэлд анхаарал хандуулж байна. Энэ нь гурван улсын улс төрийн хүрээнд дулаан уур амьсгалыг бий болгож байна гэж үзэж байна. Үүнийг хэрэгжүүлэх гол салбар бол эдийн засаг тэр дундаа бизнесийн салбар, худалдаа, үйлчилгээ юм. Үүний дараагийн шатны ажиллагаа бол энэ экспо юм. Мөн эдийн засгийн коридорын хүрээнд 32 төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Эдгээрээс гурван төслийг хэрэгжүүлэх санамж бичиг саяхан Москва хотноо зурагдсан юм. Эдгээр төслүүд дээр гардан ажиллах, хөрөнгө оруулах санхүүжилт хийх, гүйцэтгэх байгууллагуудыг гурван улсын компаниудыг түлхүү оруулах асуудал дээр гол тоглолтууд явагдах болов уу гэж бодож байна. Мөн экспод 300 гаруй компанийн 800 орчим төлөөлөгч оролцож байна. Энэ ажиллагааг үргэлжлүүлэх, тасралтгүй авч явах үүрэг нь бизнес эрхлэгчдийн нуруун дээр байна. Хөгжлийн гарцыг тасалж болохгүй мବ¬ш хурдан дэд бүтцийн ажлыг хийснээр Зүүн хойд Азийн бүсийн интеграцийн гол төв нь Монгол Улс болоход ойр байна.

    Экспогийн зорилго, түншүүдээ олох, хөрөнгө оруулагчаа олох, бизнесийн хамтрагчаа сонгох нь чухал. 4300 км зайд оршиж буй ӨМӨЗО-ны зах зээлийг монголчууд нээж авах нь чухал юм.

    ӨМӨЗО-ны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны эрхлэгч Ли Жихен: “ 2017 он  бол ӨМӨЗО-ны  түүхэнд байгаагүй эдийн засгийн өсөлт ирсэн. 

    ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ой тохиож  маш олон ажил,  бүтээн байгуулалтыг өрнүүлж байна.  ӨМӨЗО нь 18 хилийн боомт, 6 агаарын боомттой. Орос, Монголын  1700 гаруй оюутан манай улсад суралцаж байна. 2017 оны эхний улирлын үзүүлэлтээр 880 мянган жуулчин хүлээн авсан дүн мэдээ бий.  Сүүлийн жилүүдэд Орос-Монгол-Хятад улсын харилцаа улам бүр өргөжиж байгаа бөгөөд үүнд  ӨМӨЗО–ны хувь нэмэр их юм.  ӨМӨЗО бол умардыг нээх цонх нь гэж хэлж болно. Энэ үүргээ маш сайн биелүүлж байна.  Гурван улсын эдийн засгийн коридорыг урагшлуулахад ӨМӨЗО томоохон гүүр болно. Энэ удаагийн экспо торгоны зам, эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.  

    ОХУ-ын Красноярскийн  хязгаарын нэгдүгээр орлогч дарга Пономаренко: “Манай Красноярск хотыг улаан буудайн үйлдвэрлэлээр нь улс орнууд андахгүй. Монгол Улсад манай хот улаан буудай нийлүүлдэг. Энэ жилээс эхлэн БНХАУ-д улаан буудайгаа экспортолж байна. Нөгөөтэйгүүр манайд  аж үйлдвэр, сансрын технологи хөгжсөн. Энэ хэрээрээ түүхий эд боловсруулах үйлдвэр, сансар судлалын чиглэлийн төслүүд хэрэгжүүлэхэд гадны түншүүдтэй хамтран ажиллах бүрэн боломжтой. Олон улсын ложистикийн төвийг Красноярскт байгуулах сонирхол байгаа. Бидэнд  зам тээврийн түшиц газар болох хэтийн амбиц бий. Дорнод Өрнөдийн харилцааг өргөжүүлэх түнш болох, аж үйлдвэрийн салбарыг өргөжүүлэн тэлэхэд анхаарч ажиллаж байна гэлээ.

    2015 онд болсон “Монгол-Хятадын анхны экспо”-гоор манай үйлдвэрлэгчид нийт 1.37 тэрбум төгрөг буюу 4.3 сая юанийн борлуулалт хийжээ. Түүнчлэн энэхүү экспог зохион байгуулснаар Монгол-Хятадын худалдааны нийт бараа эргэлт 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцооллыг  өмнөх үзэсгэлэнгийн үеэр гаргасан байна. Өнгөрөгч 8 дугаар сарын статистик тоо баримтаас үзвэл   манай улс нийт бараа эргэлтийн 64.4 хувь буюу 4418.4 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай хийсэн бөгөөд  энэ нь  өнгөрсөн оны мөн үеэс 41.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Экспог нийт 49 мянган ам.метр талбайд зохион байгуулж байна.

    “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо-2017” арга хэмжээг хоёр улсын  40 орчим хэвлэл мэдээллийнхэн сурвалжилж буй юм. Экспогийн нэгдсэн арга хэмжээ энэ сарын 30-ны хүртэл үргэлжилнэ.

    Latest 150
    Latest 150