• MN
  • EN
  • CN
  • RU
  • ИРЭХ ОНЫ 9 ДҮГЭЭР САРД АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ УУЛЗАЛТ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХААР БОЛЛОО
    09/27/2017

    Ази Номхон Далайн Бүс Нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбоо (CACCI), Дэлхийн танхимуудын Холбоо /WCF/, Сидней Бизнесийн Танхим /SBC/ хамтран Австрали улсын Сидней хотноо 2017 оны 9 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд CACCI-ийн  31-р чуулга уулзалт болон Дэлхийн Танхимуудын 10-р уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Дэлхий даяар худалдаа аж үйлдвэрийн танхимуудын төлөөлөл болж байгаа энэхүү хоёр  холбооны  уулзалт,  арга хэмжээ нэгэн дээвэр доор зохион байгуулагдаж,  нийт 100 гаруй улсын  дэлхийн 1200 ХАҮТ-уудын  төлөөлөгчид оролцов.

    Ерөнхий зохион байгуулагчдын танилцуулга:

    2002 онд Ази Номхон Далайн Бүс Нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбоо (CACCI)-нд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь үндсэн гишүүнээр элсэж, Холбооны үйл ажиллагааг Монголын бизнес эрхлэгчдэд хүргэн ажиллаж байгаа юм. CACCI нь анх 1966 онд байгуулагдсан ба өдгөө 28 орны 47 үндэсний болон орон нутгийн  ХАҮТ-уудыг эгнээндээ нэгтгэсэн, бүсийн хэмжээнд бизнес, эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага ажээ.

    Дэлхийн танхимуудын холбоо (WCF) нь 12,000 танхим,  тэдгээрийн төлөөллийг нэгтгэсэн төрийн бус байгууллага юм. WCF хувийн хэвшлийн хөгжлийг дэмжих зорилго тавин Танхимын чадавхийг сайжруулахаар Дэлхийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон бүс нутгийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагатай байнгын харилцаатай ажилладаг.

    Арга хэмжээний талаар товч дурдвал:

    МҮХАҮТ-ын дарга, CACCI-н дэд ерөнхийлөгч, WCF-н ерөнхий зөвлөлийн гишүүн  М.Оюунчимэг 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсан CACCI-н 88 дугаар зөвлөлийн хуралд оролцсон бөгөөд ирэх оны 9 дүгээр сард болох CACCI-н уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар Шри-Ланка, БНТУ-ын ХАҮТ-уудтай өрсөлдөв. Дараа жилийн CACCI-н уулзалтыг Монгол улсад  зохион байгуулахаар болсныг та бүхэндээ хэлэхэд  таатай байна. Энэхүү уулзалтанд 28 орны ХАҮТ,  хөрөнгө оруулагчид, худалдааг дэмжих байгууллагууд, ААН-н төлөөллүүд оролцож Монгол улсын ААН – тэй уулзаж санал солилцох, хамтран ажиллах ажил хэрэгч уулзалт, ганцаарчилсан уулзалт, зөвлөлийн салбар дугуй ширээний хурлуудыг тус тус зохион байгуулахаар төлөвлөөд байна.

    2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр МҮХАҮТ-ын дарга Дэлхийн танхимуудын Холбооны /WCF/ ерөнхий зөвлөлийн уулзалтанд оролцож WCF-ын энэ жилийн төлөвлөгөөний биелэлт, Танхимууд & Бизнес холбоодын авлигын эсрэг дагаж мөрдөх зарчмууд,Худалдааг хөнгөвчлөх Олон улсын холбоо болон үйлчилгээнүүд; АТА Carnet, Гарал үүслийн гэрчилгээ зэрэг асуудлыг хэлэлцэв.

    МҮХАҮТ-ын удирдлагууд 2017 оны 9 дүгээр сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгууллагдсан  Дэлхийн Танхимуудын 10-р уулзалтанд амжилттай оролцов.

    2017 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр Дэлхийн Танхимуудын 10-р уулзалтын нээлтийн үйл ажиллагаанд  Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн тэргүүн, УИХ-н гишүүн хадагтай Гладис Бэржикляан / Hon. Gladys Berejiklian MP/, ICC WCF-ны дарга бөгөөд Словакийн ХАҮТ-ын ерөнхийлөгч Петр Михок /Peter Mihok/, Cидней & Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн  бизнес танхимын ерөнхийлөгч бөгөөд Австралийн ХАҮТ-ын дарга проф. Trevor Cairney OAM, Cидней & Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужийн  бизнес танхимын гүйцэтгэх захирал, Австралийн ХАҮТ-ын дарга, ICC WCF-ны ерөнхий зөвлөлийн гишүүн ноён Стивен Картврайт /Stephen Cartwright/, CACCI-н ерөнхийлөгч Джемаль Инайшвилли/ Jemal Inaishvili/, ICC нэгдүгээр дэд дарга ноён Жон В.Эйч. Дентон АО /John W.H.Denton AO/ нар оролцож, үг хэлсэн юм.  

    Уг хурлын үеэр 2018 онд зохион байгуулагдах хурлын бэлтгэл ажлын хүрээнд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, дарга М.Оюунчимэг нар  CACCI-н ерөнхийлөгч Джемаль Инайшвилли/ Jemal Inaishvili/-тай уулзалт хийж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

    Latest 150
    Latest 150