• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хүнсний салбарын загвар компани болохын төлөө
    10/28/2016

    Танхимын гишүүд, бизнес эрхлэгчид Үндэсний манлай үйлдвэр “Талх чихэр” компанийн үйл ажиллагаа, ололт амжилттай танилцлаа. Аялалд Талх чихэр” ХК-тай бизнесийн хувьд түншлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүд болон өдөр тутмын хүнсэндээ хэрэглэдэг талх, нарийн боов ямар шат дамжлагаар бий болж өөрсдийн гар дээр ирдгийг үзэж сонирхох хүсэлтэй төлөөлөгчид хамрагдлаа. Үйл ажиллагаа тус компанийн түүхэн замнал, бүтээгдэхүүн үйлчилгээний видео танилцуулгаар эхлэж талх, нарийн боов, чаналагын үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн шат дамжлагыг газар дээр нь үзэж сонирхсоноор өндөрлөв. Монгол хүнд зориулан гаргасан эрүүл зохистой хооллох "ГЭР" зөвлөмжөөр хоногийн хоолныхоо 40 орчим хувьд үр тариа, түүнтэй холбогдох бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөсөн байдаг. Тэгвэл хүн бүрт хамааралтай өдөр тутамд хэрэглэдэг, өргөн хэрэглээний хүнс үйлдвэрлэх эрхэм үүргийг энэ хамт олон нэр төртэйгээр биелүүлж байна.

    Олон улсын чанарын стандартад нийцсэн дэвшилтэт технологиор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, хэрэглэгч харилцагчдынхаа сэтгэл ханамжаар үнэлэгдсэн хүнсний салбарын загвар компани байх эрхэм зорилготой “Талх чихэр” компани 1984 онд ЗХУ-н техник, эдийн засгийн туслалцаатайгаар ашиглалтанд оржээ. Тухайн үедээ хоногт 90тн талх, жилд 5000тн төрөл бүрийн чихэр, 6550тн жигнэмэг, өрмөнцөр, бялуу, 800тн жимсний чанамал үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйлдвэрлэлээ эхлүүлж байж. Харин өдгөө 10 гаруй албад нэгжийн 700-д ажиллагсадтайгаар 20 гаруй нэр төрлийн талх, 30 гаруй нэр төрлийн нарийн боов, төрөл бүрийн бялуу, 10 гаруй нэр төрлийн жигнэмэг, 10 гаруй төрлийн чихэр зэргийг үйлдвэрлэж өдөр тутам Улаанбаатар хотын 3000 гаруй цэгт түгээлт хийж байна. Түүнчлэн нийслэлийн талхны зах зээлийн 50 гаруй хувийг дангаараа хангадаг гэсэн тоо бий. Бүтээгдэхүүнийг зориулалтын тээврээр хүргэх асуудалд анхаарч автогражийн парк шинэчлэлийн ажлыг 2003 оноос хийж БНСУ-аас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын хөргүүртэй болон хөргүүргүй жижиг оврын 60аад автомашиныг түгээлтэнд ашиглаж байна. Сүүлийн жилүүдэд 150 орчим ажлын байрыг шинээр бий болгожээ. Нийгмийн хариуцлагатай байгууллагын хувьд жилд дунджаар 50 орчим сая төгрөгийг нийгмийн сайн сайханд зориулдаг ажээ. Нийслэлийн хүн амыг эрүүл чанартай хүнсээр хангахын зэрэгцээ эргэн тойрондоо ногоон орчин бүрдүүлж үйлдвэрийнхээ гадна талбайд 8200мкв талбайд 100 гаруй гацуур, жинс, тарьж, гүйлс, моносын 3 настай суулгац 100 ширхэгийг суулгасан нь үзэж сонирхохоор очсон хэн бүхний анхаарлыг татна.

    ЧАНАРЫГ АЛХАМ АЛХМААР: “Талх Чихэр” компани микробиологийн болон химийн хоёр үндсэн лаборатортой. 2013 онд хоёр лабораторио итгэмжлүүлж " ISO/IEC 17025:2005 олон улсын стандартын гэрчилгээг Стандартчилал Хэмжил Зүйн Газраас гардан авчээ. Тус лаборатори нь үйлдвэрт орж буй түүхий эд материалаас эхлүүлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гарт хүрэх дамжлага тус бүрт тогтмол шинжилгээ хийдэг ба нарийн мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчин ажиллаж байна. Түүнчлэн 2015 онд салбартаа анхдагч “ISO 9001” чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн билээ. Үүний дараагийн үе шат болох “ISO 22000” хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр олон улсын "TÜV" байгууллагаас шат, дараатай сургалт зөвлөгөө авч ажиллаж байна. Өнөөдөр үйлдвэрлэгдэж байгаа бүтээгдэхүүнээс 38 бүтээгдэхүүн улсын Стандарт хэмжил зүйн газраас олгодог чанарын тохирлын тэмдэг, 50 бүтээгдэхүүнд Монгол улсын оюуны өмчийн газраас патентийн эрх авсан байна.

    ЭРҮҮЛ МЭНД ЭРХЭМ БАЯН: Хэрэглэгчдийн хэрэгцээг тогтмол судлаж, шинэ төрлийнх бүтээгдэхүүн үйлчилгээг тогтмол хэрэгжүүлж ирсний нэг нь хүний эрүүл мэндийг дэмжсэн зохицуулах үйлчилгээтэй болон баяжуулсан талх, нарийн боов юм. Хүнсний хивэг, овъёосны нэвс, 2-р гурил, хөх тариа, зөгийн бал зэрэг нэмэлт түүхий эдийг ашиглан Зохицуулах үйлчилгээтэй эрдэс бодис, амин дэм, хүнсний эслэгээр баялаг нарийн боов худалдаанд гаргав. Мөн лууван болон олон үрийн хольцоор Баяжуулсан талх худалдаанд гаргав. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь хүний бие махбодид дутагдалтай байгаа эрдэс бодис, амин дэмийг хүнсээр дамжуулан нөхөх боломжийг бүрдүүлсэн. Түүнчлэн “Мянганы сорилтын сан”-аас хэрэгжүүлж буй "Эрүүл зохистой хооллолт, идэвхитэй хөдөлгөөн" хөтөлбөрийн 1, 2, 3 дахь компанит ажлыг дэмжин, хамтран ажиллаж бүтээгдэхүүний давсны хэрэглээг бууруулах төсөл боловсруулан хэрэгжүүлжээ. Нийслэлийн дийлэнх өрх хэрэглэдэг “Атар" талх болон бусад нэр төрлийн талхны давсны хэрэглээг бууруулжээ.

    ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛИЙГ ӨӨРСДӨӨСӨӨ: Технологийн шинэчлэлийг тогтмол хийж жигнэмэг, дугуй талх, зууван болон дөрвөлжин талх үйлдвэрлэх бүрэн автомат урсгал шугам, Европын холбооны Голланд, БНЧех, Итали болон Хятад улсын Нарийн боов үйлдвэрлэх автомат хоёр шугам, БНЧех улсын “Зууван” талх үйлдвэрлэх иж бүрэн автомат шугам ашиглалтанд оруулав. Эдгээр шинэчлэлүүдийг хийхэд нийтдээ 30 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. 2016 онд хэрэглэгчиддээ зориулан нарийн боовны уут сав баглаа, хаяг шошго, технологи, түүхий эдийн цогц шинэчлэлийг хийсэн билээ. “Талх Чихэр” ХК эрүүл, аюулгүй, эх орны түүхий эдээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчиддээ хүргэхээр байнгын шинэчлэлийг хийдэг. Талхыг зүсэх, уутлах автомат машиныг суурилуулснаар Монголд анх удаа зүссэн талхыг зах зээлд нийлүүлжээ.

    ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ҮНЭЛҮҮЛЖ...
    Улсад төвлөрүүлсэн татварын хэмжээгээрээ сүүлийн жилүүдэд тогтмол тэргүүлж “Шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарсан. “Оны шилдэг аж ахуйн нэгж”, “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж”, “Дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч үйлдвэр”, “Шилдгийн шилдэг ажил олгогч байгууллага”,”Чанарын аварга хамт олон”, “ТОП 100 Шилдэг аж ахуйн нэгж” зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртжээ.

    Ийнхүү үндэсний манлай үйлдвэр “Талх Чихэр” ХК орчин үеийн хөгжилтэй хөл нийлүүлэн дээшлэн дэвжих “Эрүүл хүнс-Таны сонголт” уриагаа бүрэн хэрэгжүүлж олон түмэндээ чанартай, баталгаат хүнсээр өглөө бүхэн бэлэг барин ажиллаж байна.

    Latest 150
    Latest 150