• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бизнесийн орчинд засаглалын тогтворгүй байдал нөлөөлжээ
    10/26/2017

    МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран “Монголын бизнесийн орчны судалгаа”-г үндэсний хэмжээнд явуулсан билээ. Судалгаанд 1573 аж ахуй нэгж хамрагдсан бөгөөд 46 хувь нь худалдаа, 21 хувь нь үйлчилгээ, 14 хувь нь боловсруулах үйлдвэрлэл, 20 хувь нь бусад чиглэлийн аж ахуй нэгжүүд байв.

    Судалгаанаас Засгийн газрын тогтворгүй байдал, тендер шалгаруулалт, төрийн албан хаагчдын авлига, хүнд суртал зэрэг бэрхшээлүүд бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж буйг дурджээ.  Бизнес эрхлэх орчныг бүс нутгаар авч үзвэл Улаанбаатар хот болон баруун бүсэд хамгийн хэцүү, төсвийн бүсэд харьцангуй таатай гэж дүгнэсэн байна. Түүнчлэн татварын давхардал, ханшийн хэлбэлзэл, зээлийн хүүгийн хэмжээ гэх мэт үзүүлэлтэд таагүй гэсэн үнэлгээ тавьжээ. Харин технологи, харилцаа холбоо, үндсэн дэд бүтэц, бизнесийн байгууллагын удирдлага зохион байгуулалтад дээгүүр үнэлгээ өгсөн байна.

    Монгол Улсад шинэ бизнес эрхлэлтийг дэмжих, түүнийг хөгжүүлэх таатай орчин, экосистемийг бий болгох нь өнөөгийн бизнесийн салбарын тулгамдсан асуудлын нэг болсныг судалгааны үр дүнгээс харж болохоор байна. Шинээр бизнес эхлүүлэхэд тулгардаг хамгийн том бэрхшээл бол хөрөнгө мөнгөний асуудал гэж судалгаанд оролцогчдын дийлэнх нь хариулжээ. Түүнчлэн бизнес эхлэхэд гарах зардал, зарцуулах хугацаа, бүртгүүлэх, аж ахуйн нэгжийн нэр авах зэргийг дурджээ.

    Судалгаанд оролцогчдын хувьд ААН-ийн хэмжээнээс хамаарахгүйгээр татвартай холбоотой нийтлэг хүндрэл болох татварын орчин бүрдээгүй, татварын хувь хэмжээ их байгаа нь бизнес эрхлэхэд хүндрэл үзүүлдэг гэв. Төрөөс татварын эрүүл таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч, татварын хувь хэмжээний шатлалыг дахин нягталж үзэх, шинээр эхэлж байгаа бизнесүүдийг эхний ээлжид татвараас чөлөөлөх бодлогыг хэрэгжүүлэх нь чухал байна. Гадаад худалдаа эрхлэгчид улсын хил давахаас өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нийтлэг хүндрэлүүд байгаа эсэхийг тодруулахад дотоодын тээвэрлэлт, гаалийн татвар, экспорт, импортын бичиг баримт бүрдүүлэхэд зарцуулах цаг зэрэг нь хамгийн хүндрэлтэй байдгийг хэлжээ. Манай улс экспорт, импортоор хоёр хөрштэйгээ байнга холбогддог. ОХУ-тай харилцаж байгаа бизнес эрхлэгчдийн 57 хувь БНХАУ-тай харьцаж байгаа аж ахуй нэгжийн 55 хувь нь бэрхшээлтэй гэсэн хариултыг өгчээ. Бизнесийн орчинд нөлөөлөх хүчин зүйлсэд ерөнхий болон нарийвчилсан судалгаа дүгнэлт хийснээр, бизнесийн орчныг сайжруулахад нэн тэргүүнд хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм.  

    МҮХАҮТ-ын Орлогч дарга М.Сарандаваа:
    - Юуны өмнө энэхүү үндэсний хэмжээний судалгааг хийхэд хамтран ажилласан МУИС-ын Бизнесийн сургууль, орон нутаг дахь бүх Салбар Танхимуудад талархал илэрхийлье. Судалгаанд оролцогчид бизнесийн орчин байж болох хамгийн муу, үүнд төр засгийн  нөлөө их байна гээд хэд хэдэн байгууллагыг дурдаж байна. Мөн хийж хэрэгжүүлэх нэн тэргүүний ажлуудыг нэрлэсэн. Энэ тал дээр Танхим бодлого боловсруулагчидтай хамтран ажиллахад бэлэн байна. Судалгааны үр дүнг бодлогод хэрхэн тусгах, асуудлыг шийдвэрлэх тал дээр судалгааны баг гаргаад ажиллана. Танхимын дэргэд бодлогын зөвлөл байгуулагдаж, тусгай экспертүүд ажиллаад эхлэсэн. Өнгөрсөн хугацаанд төр хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа тодорхой хэмжээнд явж ирсэн ч бэлэгдлийн чанартай байлаа.

    Одоо бизнесийнхэн шинэчлэлтийг хүлээж байна гэдэг нь судалгаанаас харагдлаа. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх талаар чамгүй ярьдаг, нөхцөл байдал дунд үйлдвэрлэгчдэд хүнд тусч байна.  Танхим бодлого боловсруулахад илүүтэй орж ажиллах, хариуцлагын тал дээр бизнес эрхлэгчдийн дуу хоолой болж илүү дуугарах, тогтвортой үр дүнтэй хамтын ажиллагаа чухал байна.

    МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор, судалгааны багийн ахлах Б.Даваасүрэн:
    - Бизнесийн бүхий л салбарыг хамруулсан өргөн хүрээний ажил боллоо. Судалгаагаар бизнесийнхэн маш муу орчинд үйл ажиллагаа явуулж байгаа үр дүн гарсан. Ялангуяа сүүлийн гурван жил эрс муудсан гэж дүгнэсэн байна. Муудахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь засаглал эрхзүйн орчин, төрийн байгууллагын тогтворгүй байдал, бодлогын залгамж холбоогүй байдлаас шалтгаалсан гэж үзжээ. Эдийн засгийн орчны хувьд валютын ханшийн тогтворгүй байдал, санхүүгийн зах зээлийн зохицуулалт бизнесийнхэнд тааламжгүй байсан. Банкнаас зээл авах, хөрөнгийн эх үүсвэрээ босгох хамгийн бэрхшээлтэй.

    Бүсчилсэн байдлаар авч үзэхэд баруун бүсийн бизнесийн орчин тааруу гэжээ. Алслагдсан, дотоод тээвэрлэлтийн асуудал цаг хугацаа, зардал ихтэй нь нөлөөлж байна. Бизнес эрхлэгчдийг зах зээл, хэрэглэгчтэй холбох мэдээллээр хангах, үзэсгэлэнд оролцуулах, чадавхжуулах тал дээр төрийн байгууллагууд гэхээсээ төрийн бус байгууллагын дэмжлэг илүү байдаг нь харагдлаа.

    Latest 150
    Latest 150