• MN
  • EN
  • CN
  • RU
  • ЗҮҮН БҮСИЙН ХӨГЖЛИЙН ГАРЦЫГ ЭРЭЛХИЙЛЛЭЭ
    10/27/2017

    - Эдийн засгийн боломжид тулгуурлан шинээр төлөвлөөд буй Чойбалсан-2 хотын ерөнхий төлөвлөгөөг хэлэлцлээ -

    МҮХАҮТ нь 21 аймаг дахь салбар танхимуудаараа дамжуулж, орон нутгийн бизнес эрхлэгчдэд зөвлөгөө, сургалт, олон улсын үзэсгэлэн арга хэмжээ, бизнесийн өмгөөлөл зэрэг үйл ажиллагаагаа хүргэж ажилладаг.

    Саяхан МҮХАҮТ-ын Дорнод дахь салбар байгуулагдсаны 10 жилийн тохиож, Дорнодчууд уг ойгоо ёслол төгөлдөр боловч ажил хэрэгч байдлаар тэмдэглэлээ.

    Ялангуяа Монголын Үндэсний архитекторуудын эвлэлтэй хамтран улсдаа шилдэг архитектор, хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд, судлаачдыг Чойбалсан хотноо урьж “Эдийн засагт тулгуурласан хот төлөвлөлт ба Зүүн бүсийн хөгжлийн гарц-2017” уулзалт, хэлэлцүүлэг зохиосон нь тун үр дүнтэй, санаа авууштай арга хэмжээ болов.

    Хэлэлцүүлгээр Зүүн бүсийн эдийн засаг, худалдаа бизнесийн төв болсон Чойбалсан хотыг одоо байгаа боломж дээр нь тулгуурлаад яаж илүү сайн хөгжүүлэх вэ, “Нэг бүс-нэг зам” санаачилгатай хэрхэн уялдуулах вэ, уул уурхай, хот байгуулалт, ХАА, газар тариалангийн үйлдвэрлэлийн сүлжээг цгоцоор нь хэрхэн өргөжүүлэх вэ гэдэг талаар эрдэмтэн мэргэдийн санаа бодлыг сонсч, аймгийн засаг захиргаанд сонордууллаа.

    Дорнод дахь МҮХАҮТ-ын салбар танхим нь 2007 онд байгуулагдсан, үүсгэн байгуулагч нь тус танхимын одоогийн Ерөнхийлөгч Р.Зоригтбаатар, даргаар нь Э.Адъяа ажилладаг. Анх Дорнодод үйл ажиллагаа явуулж байсан 26 аж ахуйн нэгжийг түшиглэн бизнес эрхлэгчдийн дууг хоолойг төв танхимаараа дамжуулан төр засагт хүргэх, эрх ашгийг хамгаалах зорилгын дор байгуулагджээ. Эдүгээ 1500 гаруй гишүүн аж ахуйн нэгжтэй, кластерын хэмжээнд хөгжиж буй хэд хэдэн томоохон бизнес сүлжээтэй, хойд урд хөрш рүү гарц сувгаа нээсэн, салбар танхимууд дотроо үйл ажиллагаагаараа удаа дараа тэргүүлдэг нэгж болсон байна.

    Дорнод аймгийн хувьд, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр улсад 3 дугаарт ордог, газар зүйн байршлын хувьд ОХУ-тай авто болон төмөр замын 2 боомтоор, БНХАУ-тай авто замын 3, агаарын 1 боомтоор холбогдож хил залгаа оршдог зүүн бүсийн тулгуур төв юм.

    2016 оны байдлаар тус аймагт 1523 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ДНБ-ийн үйлдвэрлэлээ 10 жилийн өмнөхөөс 10,1 дахин өсгөж чаджээ.

    ТУНХАГ ЯРЬЖ ТУУЗ ХАЙЧЛААГҮЙ ФОРУМ

    Тус танхим 10 жилийн ойгоо бэлгэдэл төдий хүндэтгэлийн арга хэмжээгээр бус ажилч хэрэгч санал санаачилга бүхий хэлэлцүүлэг өрнүүлж, бизнес эрхлэгчдийн жаргал зовлонг сонсч, архитекторуудын төлөвлөлт, шийдлийг хэлэлцэхийг зорьсоныг өмнө онцолсон. Энэ зорилгын хүрээнд хэд хэдэн цуврал арга хэмжээ зохиогдсон бөгөөд хамгийн чухал нь “Эдийн засагт тулгуурласан төлөвлөлт ба Зүүн бүсийн хөгжлийн гарц-2017” форум байлаа.

    Форумыг нээж МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, Дорнод дахь ХАҮТ-ын дарга Э.Адъяа, Дорнод аймгийн Ерөнхий архитектур Х.Одмандах нар үг хэллээ. Аливаа аймаг хотын хөгжил нь эдийн засагт суурилсан сайн төлөвлөлт дээр тулгуурладаг тул тэд энэ удаагийн форумд Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж, томоохон хотууд, бүсийн төвүүдийн төлөвлөлтийг шийдэж байсан шилдэг архитекторуудыг урьж, шинээр боловсруулаад буй “Чойбалсан-2” хотын төлөвлөгөөг хэлэлцүүлж санал авахыг чухалчилжээ.

    Энэ үеэр Монгол Улсын зөвлөх архитектор, Монголын хот байгуулалтын хөгжлийн танхимын Ерөнхийлөгч Д.Мижидсүрэн Эдийн засгийн коридорын хөгжлийн хөтөлбөрийг танилцуулж, үндэстэн дамнасан корпорациуд, худалдаа бизнес, бүс нутгийн худалдааны талаар мэдээлэл өглөө.

    Тэрбээр Дорнод аймгийг 13 дугаар зууны бахархал ярихаасаа илүүтэй Монгол Улсын орчин цагийн түүх, тодруулбал Халх голын дайн, Чойбалсан жанжны замнал, орос цэргийн хуаран зэрэг дайны түүх бүхий барилга байгууламж дээрээ тулгуурлаж түүхэн аялал жуулчлалын онцлогоо тодруулахыг санал болгосон юм. Хөлөнбуйр, Шилийн гол зэрэг аймгаар дамжуулан Хятадын зах зээлд байр сууриа эзлэх боломж тус аймгийнханд давуу байгааг тэрбээр илтгэлдээ онцлов.

    Нэг бүс-нэг замын хүрээнд хэрэгжих “Хөгжлийн замын төсөл” хөтөлбөр нь 32 хэсэгтэй бөгөөд олон улсын агаарын зам, төмөр зам байгуулах бүс нутгийн төслүүдэд Монгол Улс хамрагдаж байгаа нь хөрөнгө оруулалт, эдийн засгийн таатай орчин бүрдсэнийг онцолж, гагцхүү аймаг орон нутгуудын идэвхтэй, санаачилгатай үйл ажиллагаа шаардлагатай байгааг онцолсон юм.

    ХҮРЭН” ХӨГЖЛӨӨС “НОГООН” ХӨГЖИЛ РҮҮ

    Дорнод аймгийн салбар танхимын 10 жилийн ойд зориулсан форум эдийн засагт суурилсан хот төлөвлөлтийн сэдвээр хоёр өдөр үргэлжиллээ. Энэ сэдвийн хүрээнд аялал жуулчлал, өрхийн аж ахуй, хогны менежмэнт зэрэг олон сонирхолтой сэдвээр судлаач, мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлэв.

    Тухайлбал “Зүлгэн сор” судалгааны төвийн захирал Л.Лхагвасүрэн өрхийн үйлдвэрлэлээ өргөжүүлж, махны ферм, хүлэмжийн аж ахуй, сургалт судалгааны төв болгосон жишээгээ ярьж уламжлалт мал ахуйг хэрхэн эрчимжүүлсэн мал ахуйтай холбох талаар өөрийн жишээн дээр зөвлөгөө өглөө.

    Харин зөвлөх инженер, доктор П.Ариунаа аливаа хотын үндсэн хөгжил нь төсвийн орлого бөгөөд хамгийн боломжит баялаг дээрээ тулгуурлаж хөгжсөн хотуудын жишээгээр тайлбарлав. Дорнод аймгийн хувьд урд хөрштэй ойрхон, газар нутаг, зах зээлийн хувьд өргөн боломжтой учир уул уурхайг шүтсэн олборлох үйлдвэрлэлийг хөгжүүлэхээс илүү Зүүн бүс, “Түмэн голын санаачилга”-ыг түшиглэн аялал жуулчлал татах чиглэлд анхаарч, “хүрэн” хөгжлөөс ногоон хөгжил рүү явах нь зүйтэйг онцлов. Тэрбээр арваад жилийн өмнө анх “Түмэн гол” төсөл яригдаж байх үед Орос, Хятадыг дамнасан тээвэр, инженерийн шугам сүлжээнээс Дорнод аймаг хоцорсоныг сануулж энэ мэт боломжийг алдахгүй байхыг санууллаа.

    Геологи, уул уурхайн сайд асан, доктор Ч.Хурц “Зүүн бүсийн үйлдвэржилтийн тэргүүлэх чиглэл нь өнгөт металл болох нь” сэдэвт илтгэл тавьж, Дорнодод төдийгүй зүүн бүсэд нэн түрүүнд байгуулагдах боломжтой үйлдвэрүүдийн судалгааг танилцууллаа.

    БИЗНЕСИЙН БОЛОМЖОО БҮРЭН АШИГЛАХЫГ УРИАЛАВ

    Хоёр өдрийн форумыг дүгнэж МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг маш сонирхолтой мэдээлэл хийлээ. Тэрбээр Булганы Хутагт-Өндөр суманд махны чиглэлээр аж ахуй эрхэлж байгаа канад иргэний жишээн дээр үхрийн ферм, түүний үр ашгийн талаар санаа өглөө.

    Түүнчлэн Японтой болон Европын холбоотой байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээрийг товч танилцуулж Дорнод аймгаас татваргүй экспортлож болох бараа бүтээгдэхүүнүүдийн заримаас нэрлэлээ. Гэхдээ үйлдвэрлэх нэг хэрэг, түүнийг экспортлохын тулд гарал үүслийг баталгаажуулсан байх ёстой, үүний тулд олон улсад зөвшөөрөгдсөн лаборитори шаардлагатайг хэллээ.

    Мөн, Дэлхийн банкнаас Монгол Улсын жижиг, дунд бараа бүтээгдэхүүний экспортыг дэмжих зорилгоор 20 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн болон буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжиж эхэлсэн сайхан мэдээг эндхийн бизнес эрхлэгчдэд дуулгав. Дорнод аймаг нь салбар бүрийн бизнес хөгжих дэд бүтэцтэй, хөрш орнуудтай ойрхон давуу байрлалтай учир өөрсдөдөө байгаа боломжоо ашиглаж, орон нутаг дахь салбар танхимтайгаа ойрхон ажиллахыг уриалсан юм.

    Орон нутгийн өөрийнх нь боломж дээр тулгуурласан хөдөө аж ахуй, ногоон үйлдвэрлэлийн жижиг гэхгүй инноваци хөгжүүлэх нэжгээд санаа энэ үеэр яригдлаа. ХАА-н түүхий эд, мах сүүгээ боловсруулж нэмүү өртөг шингээх кластерын сүлжээг бий болгож буй зарим аймгийн туршлагаас мөн дорнодчуудад уламжиллаа.

    Аялал жуулчлалын хувьд хөрш орнуудтай хил залгаа учир түүхэн аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, үүний хажуугаар дагалдах үйлчилгээг сайжруулахыг санал болголоо. Үүний тулд МСҮТ-үүдтэй хамтарч хүний нөөц, үйлчилгээний ажилтнуудыг бэлтгэх төрөл бүрийн сургалтыг зохион байгуулж, аймгийн бизнесийн үйлчилгээндээ ахиц гаргах хэрэгтэйг сануулав. Товчхондоо тус аймагт санал санаачилга, оролдлого хангалттай байгаа боловч стандартад хүрэх арай л болоогүй байгааг бизнес эрхлэгчдэд санууллаа.

    “ХЭРЛЭН ЭКСПО-2017” ҮЗЭСГЭЛЭНД 3 УЛСЫН 60 ГАРУЙ ААН ОРОЛЦОВ

    Дорнод аймагт Худалдаа Аж үйлдвэрийн танхим үүсэн байгуулагдсаны 10-н жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Бүс нутгийн “Хэрлэн Экспо-2017” үзэсгэлэн худалдаа боллоо.

    Энэхүү үзэсгэлэн худалдааг Дорнод аймгийн ЗДТГ, аймгийн салбар танхим, Монголын Архитек­торуудын эвлэл хамтран, бүс нутгийн бизнесийн байгууллагуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор зохион байгууллаа. 

    Үзэсгэлэн яармагт оролцогчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд БНХАУ-ын Хөлөнбуйр аймаг, Хянган, Шилийн гол болон Улаанбаатар хот, Хэнтий, Сүхбаатар аймаг мөн Дорнод аймгийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нийт 60 гаруй байгууллага, аж ахуй нэгж, бизнес эрхлэгч оролцсон юм.

    МҮХАҮТ-ын Дорнод аймаг дахь салбар танхим нь орон нутгийн болон улс орны эдийн засгийн хөгжилд тус дэмжлэг үзүүлэх, бизнесийн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, бүс нутаг хоорондын бизнес эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас гадаад, дотоодын байгууллагуудтай худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэх, өөрийн орны бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах зорилгоор жил бүр бүсийн чанартай үзэсгэлэн худалдаа зохион байгуулдаг уламжлалтай аж.

    ШИЛДЭГ ААН-ИЙН ТУГ ЗАЛЖ, БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД СУРГАЛТ ХИЙВ

    Дорнод аймаг дахь ХАҮТ-ын 10 жилийн ойн арга хэмжээний Тус аймгийн оны шилдэг ААН-үүдийн тугийг аймгийн ХАҮТ-ын байрны өмнө залах ёслол боллоо. 

    Үүнд:

    • Гран при шагналыг Дорнод политехник коллеж
    • Шилдэг үйлдвэрлэгч-Элтрүүд ХХК
    • Шилдэг бүтээн байгуулагч-Их базар констракшн
    • Шилдэг ЖДҮ эрхлэгч- Афта ХХК
    • Шилдэг  техник технологи нэвтрүүлэгч Итгэлт Ивээлт ХХК
    • Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага-Мижи ТВ тус тус шалгарлаа.

    Түүнчлэн Дорнод нутгийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд, хувь хүмүүст МҮХАҮТ-ын төлөөлөгчид фэйсбүүк ашиглан бараа бүтээгдэхүүнээ хэрхэн сурталчлах, сав баглаа боодол хэрхэн бэлтгэх, олон улсын үзэсгэлэнд яаж оролцох чиглэлээр сургалт явууллаа.

    Сургалтыг МҮХАҮТ-ын Харилцаа, хамтын ажиллагааны газрын зөвлөх, Жайкагийн ажилтан Масуда Такуми, тус танхимын Сошиал медиа хариуцсан мэргэжилтэн Б.Саруулбаяр нар явууллаа. Сургалтад Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн төлөөлөл 30 гаруй бизнес эрхлэгч оролцов.

    “ӨВДӨГ” БООМТОД ХУДАЛДАА АРИЛЖААНЫ ЧӨЛӨӨТ БҮС БАЙГУУЛНА

    Эрт үед худалдаачид Хөлөнбуйрын тал нутгаас Шилийн голын тал нутгаар дамжин Монголын нутаг руу нүүдэл хийдэг байсан байна. Мөн тэдний мөрөөр Баргууд худалдаа наймаа эрхэлдэг байсан баримт бий. Үүний залгамж болгож, “Өвдөг” боомтод 3 улсын хилийг холбосон худалдааны чөлөөт бүс байгуулахаар ойн хүрээнд яригдлаа.

    “Өвдөг” боомт нь ӨМӨЗО-ы гадаадад нээлттэй 19 боомтын нэг юм.  Хятадын хилийн 1423 /1/ дугаартай тэмдэгт чулууны хэсэгт оршдог, Халх  голоор зааглан Баянхошуу боомттой хиллэж, Монгол Улсын Дорнод, Хэнтий болон Сүхбаатар аймгийн иргэдэд үйлчилдэг байна. Шинэ Барга зүүн хошууны төв Амгаланбаатар хотын зах болох энэхүү боомт нь Халх гол сумын төвөөс 60 км зайтай. Тус боомтод Чөлөөт бүс байгуулж, зүүн бүсийн иргэдийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй нийлүүлэх боломжийн талаар танилцуулга хийлээ. 

    “Өвдөг” боомтын хамтарсан арилжаа худалдааны бүс нь боомтын захиргааны бүсийн баруун хэсэгт байрладаг ба нийт байгууламжийн талбайн нь 120 мянга квадрат ба барилгийн бүх талбайн 60 мянган квадратыг эзэлнэ. Энэхүү байгууламжийн гол үйл ажиллагаа нь эдийн засаг худалдаа, үйлдвэрлэлт болон нийлүүлэлт юм. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын 1-р төслийн ажил хэрэгжиж эхлээд байна.

    ДОРНОДЫН ХАҮТ-Д АЙМГААС ГАЗАР ОЛГОХООР БОЛЛОО

    Дорнод аймагт ХАҮТ байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт тус аймгийн Алтангадас одонт Хөгжимт драмын театрт боллоо.

    Энэ үеэр тус танхимын үүсгэн байгуулагч, одоогийн ерөнхийлөгч Р.Зоригтбаатар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнуулсныг МҮХАҮТ-ын дарга, хатагтай М.Оюунчимэг гардууллаа. Мөн МҮХАҮТ-ын шагналууд болох Хүндэт өргөмжлөл, Greenpreneur, Entrepreneurship Spirit шагналуудыг аймаг орон нутгийн шилдэг бизнес эрхлэгчид хүртлээ. Тухайн салбартаа 10-аас дээш жил ажиллаж, бизнесийн орчинг сайжруулах, хүний нөөцийг бэлтгэх зэрэгт хувь нэмэр оруулсан бизнес эрхлэгч, албан тушаалтанд өгдөг МҮХАҮТ-ын “Хийморь” одонгоор МСҮТ-ийн захирал Намжилсүрэн овогтой Хүрэлбаатар шагнуулсан юм.

    Энэ үеэр аймгийн засаг дарга М.Бадамсүрэн аймаг орон нутгийн бизнесийн орчинг сайжруулах, төр хувийн хэвшлийн түншлэлийг хангаж ажиллаж буйд Дорнод дахь ХАҮТ-д талархал илэрхийлээд, өөрийн гэсэн байр барих газрыг аймгийн засаг захиргаанаас шийдэж өгөхөө амласан юм.

    Баярын хурлын даргаа 10 жилийн ойд зориулсан баярын концерт тус аймгийн Хөгжимт драмын театрт болж, орон нутгийн авьяаслаг жүжигчид олон үндэстний дуур хуур, бүжиг наадмын дээжсээсээ толилууллаа. Уг тоглолтыг аймаг орон нутгийн удирдлагууд, МҮХАҮТ-ын төлөөлөгчид, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын зүүн бүс нутгийн бизнес эрхлэгчид, хөгжлийн гарц хэлэлцэх форумд уригдан ирсэн эрдэмтэн судлаач, архитекторууд нийлсэн 80 гаруй хүн үзэж сонирхсон юм.

    Ийнхүү Дорнод дахь салбар танхимын түүхэн ой баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолойг сонссон ажил хэрэгч уур амьсгалтай, өргөн дэлгэр болж өндөрлөлөө.

    Э.Адъяасүрэн /Дорнод-Чойбалсан/

    Latest 150
    Latest 150