• MN
  • EN
  • CN
  • RU
  • Инновацийн хөгжлийг дээдлэгч Монос фарм ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
    10/24/2016

    Шилдэг бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээгээр хэрэглэгчиддээ үйлчилж байгаа Монголын ТОП-100 компаний нэг, Эрүүл мэндийн салбарын шилдэг аж ахуйн нэгж “Монос” групп нь өдгөө үйл ажиллагаагаа явуулан 26 жилийг ардаа орхижээ. Монос эмийн үйлдвэр нь эм үйлдвэрлэлийн манлайлагч нь байж олон улсын GMP /Good manufacturing practice/ чанарын удирдлагын тогтолцоо ISO9001, магадлан итгэмжлэгдсэн шинэ үйлдвэрийг энэ онд ашиглалтанд оруулсан байна. Нийтдээ 90 гаруй нэр төрлийн эм бэлдмэлээс 30 гаруй тус компанийн брэнд бүтээгдэхүүн бөгөөд Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтанд орсон 25 гаруй нэр төрлийн эмийг шахмал, бүрхүүлтэй шахмал, капсул, нунтаг, үрлэн, гелэн, тосон сироп зэргээр үйлдвэрлэн ард түмэндээ худалдан борлуулж байна.

    Монос фарм ХХК нь нийт 150 гаруй ажиллагсадтай ба нийт ажиллагсдын 60 хувь нь мэргэжлийн зэрэг цолтой боловсон хүчин байна.

    Тус шинэ үйлдвэрлэлийн үйл явц нь GMP MNS 5524:2014 болон ISO 9001:2008 стандартын шаардлагыг эхлэл материалаас эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад мөрдөж, өндөр чанар бүхий түүхий эд материал ашиглан чанарын баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа Монгол улсдаа тэргүүлэгч үйлдвэрийн нэг юм.

    Мөн үйлдвэрийн хамгийн чухал зүйлс болох ус, агааржуулалтын систем, хана, шал, хаалга, шил зэргийг стандартын дагуу зөвхөн эмийн үйлдвэрт зориулагдсан материалаар хийж, цахилгаан сантехник, автоматжуулалтын системийн хамт иж бүрнээр үйлдвэрлэн угсарсан ажээ.

    Тус үйлдвэрийн танилцах аялалд МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудын төлөөлөл болон Гишүүнчлэлийн газрын дарга Ш.Цэвэлсайхан, холбогдох газар хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. Зочдыг тус компанийн гүйцэтгэх захирал М.Одгэрэл хүлээн авч компанийхаа үйл ажиллагаа, ирээдүйн зорилго зорилт, шинэ үйлдвэрийн хүчин чадлын талаар мэдээлэл өгч сонирхсон асуултанд хариулт өглөө. Тэрээр, бид цаашдаа ололт амжилтаа улам бататган сайжруулж, эм үйлдвэрлэлийн дараа үеийн хөгжлийг манлайлан нэвтрүүлж, Монгол хүний оюун сэтгэлгээгээр бүтсэн эм бэлдмэлээр дэлхийд өрсөлдөх болно гэдгээ хэллээ.

    Latest 150
    Latest 150