• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Chamber bus” аялалд Өмнөговь, Говьсүмбэр аймгуудын бизнес эрхлэгчид оролцлоо
    11/16/2017

    Өмнөговь, Говьсүмбэр  аймгуудын салбар танхимын дарга, гишүүд, бизнес эрхлэгчид тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Зочдыг Танхимын удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, ХХАГ-ын дарга Ч.Баттулга нар хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд  Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, орон нутгийн бизнесийн орчин нөхцөл ямар байгааг оролцогчдоос сонирхон,  танхимын бодлого үйл ажиллагаа, эдийн засаг бизнесийн орчны талаарх мэдээллийг өгч харилцан саналаа солилцлоо. Тэрээр, говийн аймгуудын онцлог болсон хөмүүл, тэмээний тосыг ашиглан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улмаар экспортод гаргах боломжтой талаар зөвлөгөө өглөө. Мөн Оюу толгойг түшиглэн жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд бизнесээ өргөжүүлэх маш том боломж байгааг, танхимаас явуулж байгаа бизнесийн төрөл бүрийн сургалтад хамрагдан  дангаараа биш нэгдэж нийлээд бизнесээ томруулах маш олон боломж байгааг хэллээ.

    Аялалд оролцогч бизнес эрхлэгчид нь мах махан бүтээгдэхүүн болон нарийн боовны цехийн үйл ажиллагаатай танилцах хүсэлтэй бөгөөд туршлага судлан орон нутагтаа хэрэгжүүлж болох талаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах хүсэлтэй ирснээ ярьж байлаа. Тэд танхимын гишүүн Батбайгаль ХХК-ийн Канадын Юнифиллер брэндийн шугаман дамжлагат автомат машиныг үзэж сонирхон туршлага судаллаа. Тус машин нь бялууг зүсэж, хавсарч, бүрж цагт 600 ширхэг, өдөрт 4800 ширхэг бялууг үйлдвэрлэх хүчин чадалтай ажээ. Мөн танхимын гишүүн Траст Трейд ХХК-ийн 2014 онд ашиглалтад орсон хоногт 15 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай 1000 тонн багтаамжтай хөргүүртэй зоорь бүхий мах ангилан савлах “Траст мийт” үйлдвэрийн үйл ажиллагааг үзэж сонирхлоо. Тус компани нь хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005 олон улсын стандартыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байгаагаа оролцогчдод онцлон хэлж, компанийнхаа хэтийн зорилго, зорилтыг танилцууллаа. Тэдний аялал УИХ-ын зарим гишүүдтэй уулзах, мөн Сүү, Могол ноос, Тод оймс, Мөнх ногоон амьдрал ТББ, Об пластик зэрэг танхимын гишүүн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцах зэргээр үргэлжлэх ажээ.

    Өмнөговь аймаг дахь салбар танхимын дарга П.Батбаяр:  Бидний гол зорилго ижил төстэй томоохон аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн үйл явц, танхимын бодлого үйл ажиллагаа, бизнесийн орчин нөхцөл хэр байгаа талаар туршлага судлах, мэдээлэл авахаар ирсэн. Мөн УИХ-ын зарим гишүүдтэй уулзан аймаг орон нутагт бизнес эрхэлж байгаа жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг чадавхжуулах, тендерт оролцох боломж нөхцөл хэр байгааг асууж, санал бодлоо солилцохоор ирсэн. Энэ удаагийн аялалд манай аймгаас хүнс, ХАА, оёдол, МАА, газар  тариалан зэрэг салбарын 30 гаруй бизнес эрхлэгчид оролцож байгаа, аялал 3 өдөр үргэлжилнэ, энэ хугацаанд маш олон зүйлийг сонсож, туршлага судлан хамтын ажиллагаа тогтооно гэж бодож байна.

    Latest 150
    Latest 150