• MN
  • EN
  • CN
  • RU
  • Элсээд жил болж буй компаниудаа “эргэлээ”
    11/22/2017

    Танхимаас гишүүн байгууллагууддаа хандсан үйлчилгээний нэг нь элсээд  жил болж буй аж ахуйн нэгжүүдтэй хийх  уулзалт аялал юм.  Уулзалтаар Танхимын  гишүүнээр элссэний давуу тал, хичнээн нэр төрлийн үйлчилгээг хүлээн авсан, цаашид ямар дэмжлэг байгаа талаарх санал хүсэлтийг нь сонсдог.

    Энэ удаад Танхимын Орлогч дарга М.Сарандаваа, Маркетингийн газар, Хэрэглэгч үйлчилгээний газар, сонин сэтгүүлийн төлөөллөөс бүрдсэн баг    “Петро Матад” ХХК, "Хосбогд"ХХК, “Залуу зохион бүтээгч, шинийг санаачлагчдын нийгэмлэг” ТББ-аар зочилж уулзалт хийлээ.

    “Петро Матад” ХХК 2006 онд байгуулагдсан. ОХУ-аас газрын тосны хараат байдлыг багасгах зорилгоор Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, гурван талбайд 85 сая долларын хөрөнгө оруулалт хийж газрын тосны эрэл хайгуул хийж байна. Олон улсын зах зээлд IPO гаргасан, бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн анхны Монгол эзэмшлийн компани аж. Олон улсын зах зээлээс хөрөнгө босгох, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр арвин туршлагатай юм байна. Эднийх хайгуулын зориулалттай худалдан авалтын НӨАТ-ын 380 сая төгрөгийн буцаалтаа авч чадахгүй бэрхшээл буйгаа ярилаа.

    Уул уурхай, фермерийн аж ахуй, барилгын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хосбогд” компанийн захирал  Ч.Билэгбаатар махны чиглэлийн үхэр үржүүлж буй талаараа голлон ярив. Өнгөрөгч онд 500тн багтаамжтай зоорь байгуулж, малын өвчнөөс сэргийлж 2000 га газрыг хашиж, 4 худаг гаргасан байна. Үйл ажиллагааныхаа явцад царгас тариалах, консервны үйлдвэр байгуулах санааг олж, төлөвлөгөө гаргаад явж байгаагаа дурдлаа.  
    Танхимаас хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэг, гадаад харилцааг өргөжүүлэх чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв.

    Нийтэд  “Хөсөг брэнд” нэрээр танигдсан “Залуу зохион бүтээгч, шинийг санаачлагчдын нийгэмлэг” бидний зочилсон гурав дахь компани. Тус компанийг арван эмэгтэй нэгдэж 2015 онд байгуулжээ. Эсгийг гар аргаар болон машинаар боловсруулж 17 коллекцийн 90 ээд нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хийсэн бүтээгдэхүүнийг нь хувь хүмүүс болон ААН-үүд худалдан авч Канад, Герман, Япон руу экспортлодог. Хүн хүчний боломжоос хамаараад өөрсдөө экспорт хийж амждаггүй гэнэ.  Дотоодын үзэсгэлэнд тэр бүр оролцдоггүй, эсгий бүтээгдэхүүн гэхээр  манайхан нэг их ойшоодоггүй, ер нь худалдан авагчдын 80 аад хувь нь гадныхан байдаг гэж ярилаа. Үйл ажиллагаагаа ТББ-ийн статусаар эхэлсэн ч банкны зээл, бусад дэмжлэг  олдохгүйн улмаас компанийн зохион байгуулалтад орсон тухайгаа ярилаа.

    Танхимын төлөөлөл гишүүдийн хэлсэн  санал хүсэлтийг хүлээн авч холбогдох мэдээлэл зөвлөгөөг тухай бүрд нь өгснөөр уулзалт өндөрлөв.

    Latest 150
    Latest 150