• MN
  • EN
  • CN
  • RU
  • М.Оюунчимэг: Бизнес эрхлэгч монгол эмэгтэйчүүд юу чаддагаа харууллаа
    11/24/2017

    11 дүгээр сарын 12-14-нд АНУ-ын Вашингтон мужид болсон Олон Улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн сорилт (IWEC) байгууллагын 10 дугаар их хуралд Монголоос МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ. Уг арга хэмжээний үеэр Монголд амжилттай бизнес эрхэлж буй нэр бүхий гурван эмэгтэй  “IWEC-Awards” буюу амжилттай бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн олон улсын шагналыг хүртсэн байна.

    Арга хэмжээний ач холбогдол, цар хүрээний талаар Монголын багийг ахалж явсан МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэгээс тодрууллаа.

    - Олон Улсын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн сорилт (IWEC) байгууллага хэзээ анх байгуулагдсан, ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?  Монгол Улс хэзээ гишүүнээр элссэн бэ?

    IWEC нь Нью-Йоркт байрладаг ашгийн бус байгууллага бөгөөд зорилго нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих, олон улсад сурталчлах, бизнесийн салбар дахь эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэх, манлайллыг нэмэгдүүлэхэд оршдог.

    Тус байгууллагыг анх 2007 онд АНУ-ын Манхэттен хот, Испанийн Барселон хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимууд санаачилж хамтран байгуулсан. Эдүгээ 20 гаруй орны ХАҮТ-ууд нэгдээд байна. Монголын хувьд МҮХАҮТ тус байгууллагад элсээд төд удаагүй байна. Гэхдээ Ази, Номхон далайн орнуудын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын холбоогоор дамжуулан өмнө нь үйл ажиллагаанд нь оролцож байсан. Энэ удаад албан ёсоор гишүүн болсныхоо хувиар уригдаж оролцсоноороо онцлогтой байлаа. Жинхэнэ гишүүний хувиар оролцсон анхны хурал маань IWEC-ийн 10 жилийн ойн тэмдэглэлт баяртай давхацсан нь бас бэлэг дэмбэрэлтэй явдал боллоо.

    - 10 жил үйл ажиллагаа явуулсан энэ байгууллагын эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтэд оруулсан хувь нэмэр юу вэ? Монголоос үр ашгийг хүртсэн хүмүүс бий юу?

    IWEC нь хариуцлагатай бизнес эрхлэлт, эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог дэмжээд зогсохгүй жендерийн тэгш байдлыг хангахад тодорхой хувь нэмэр оруулдаг. Орон орны эмэгтэйчүүд эрчүүдтэй эн тэнцүү бизнес эрхэлж, гэр бүл үр хүүхдээ авч явах үүргийнхээ хажуугаар улс орондоо татвар төлж, төсвийн орлого бүрдүүлж, ажлын байр нэмэгдүүлж, хүнд хэцүү ачааллыг турьхан нуруун дээрээ үүрч байна. Үүнийг нь дэмжиж, урамшуулж, бие биеэсээ харилцан суралцах, туршлага солилцох, бизнесийн гарц боломжоо өргөжүүлэх, шинэ түнш олоход нь холбож өгдөг том талбар бол IWEC. Түүнчлэн IWEC-ийн нэг том үүрэг бол бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн боловсролд томоохон хөрөнгө оруулдаг. Үйл ажиллагаагаараа шалгарсан бүсгүйчүүдийг дэлхийд нэр хүндтэй, шилдэг бизнесмэнүүд төгссөн их дээд сургуулиудад хөнгөлөлттэйгээр буюу төлбөргүйгээр суралцах эрх олгодог. Монголоос “Монгол эм импекс” концернийн захирал хатагтай Б.Болормаа Барселоны Бизнесийн дээд сургуульд суралцсан байгаа. Мөн саяын хурлаар гурван бизнес эрхлэгч эмэгтэй маань олон улсын нэр хүндтэй шагнал хүртлээ. МҮХАҮТ хүмүүсээ тодорхойлох, санал болгох, оролцуулах чиглэлээр ажиллаж байна.  Одоо бид албан ёсны гишүүний статустай болсон. Энэ бол зөвхөн эхлэл гэж хэлж болно.

    - Энэ жилийн форумын онцлогоос хуваалцахгүй юу? Ямар сэдвээр, ямар үр дүнтэй болсон бэ?

    Энэ жилийн форум "Инноваци ба технологиор дамжуулан өсөлтийг хурдасгах нь- Дэлхий даяар эмэгтэй бизнес эрхлэгчдийг холбох нь" сэдвийн хүрээнд болсон. IWEC-ийн чуулганд тус байгууллагын гишүүн болон гишүүн бус  23 орны 160 гаруй эмэгтэй бизнес эрхлэгч оролцсон. Мөн Иорданы гүнж Норор Адем удирдан явуулсан нь арга хэмжээний нэр хүнд, цар хүрээг өргөсөн  явдал боллоо.

    Салбар бүртээ манлайлагч, таван тивийн шилдэг эмэгтэйчүүдэд “Элчин сайд” цол олгодог юм байна лээ. Тэдгээр хүндтэй хүмүүс бас оролцож, үг хэлж, шагнал гардуулсан. Түүнчлэн боловсролын асуудлаар үндсэн илтгэгчид үг хэлсэн. Хурлын сүүлийн өдөр IWEC-ийн нэрэмжит шагналыг зарим орны бизнес эрхлэгчдэд гардуулсан, түүний дотор Манай танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Л.Болормаа, “Траст трэйд“ ХХК-ний захирал Т.Сансармаа, Танхимын тэргүүлэгч гишүүдийн нэг, “Жүр-Үр” компанийн Захиргаа, хүний нөөцийн газрын захирал Б.Мөнхзул нар “IWEC Awards”-ийн эзэн болсон. Олон улсын хэмжээнд шилдэг бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдэд жилд нэг удаа олгодог уг шагналыг Монголоос нэр дэвшүүлсэн гурван бүсгүй гурвуулаа хүртэж чадсан нь бидний хувьд бахадмаар амжилт байлаа.

    - IWEC-Awards буюу амжилттай бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийн олон улсын шагналыг ямар шалгуураар олгодог вэ? Монголоос өмнө нь авч байсан хүн бий юу?

    Энэ шагнал нь хэд хэдэн чухал шалгууртай. Тухайлбал үйлдвэрлэгч бол инновацийг хэр нэвтрүүлсэн бэ, өөрийн орондоо ажлын байр яаж нэмэгдүүлсэн бэ, за тэгээд бараа бүтээгдэхүүн нь экспортод гарч чадсан эсэх, экологи байгаль орчиндоо ээлтэй эсэх, тухайн бизнес эрхлэгчийн орлогын эх үүсвэр ил тод эсэх, нийгмийн хариуцлагаа ямар хэмжээнд биелүүлдэг гээд их олон хүчин зүйлийг харгалзаж олгодог. Манайхаас өмнө нь “Гандирс”-ийн эзэн Эрдэнэчулуун гэдэг бүсгүй авч байсан. Энэ удаад бид танхимын шугамаар бизнес эрхлэгчдээ тодорхойлж, шалгууруудад нийцэх үзүүлэлтүүдийг албан ёсоор батламжилж нэр дэвшүүлсний үр дүнд бүгд шагнал хүртлээ. Хамгийн гол нь монголчууд ийм юм хийж байгаа, олон улсад тодорхой хэмжээнд гаргаж байна, эмэгтэйчүүд нь энэ мэт томоохон компанийг удирдаад манлайлаад явдагийг нотолж харуулсан гэдэг нь чухал.

    - Хурал инновацийг нэмэгдүүлэх ерөнхий сэдвийн хүрээнд болсон гэж Та хэллээ. Монголд хэрэгжүүлж болохуйц санал санаачилга яригдсан уу?

    IWEC-ийн 10 жилийн ойн арга хэмжээ Сиатл хотод болсон нь санамсаргүй хэрэг биш. Сиатл бол дэлхийн хэмжээний томоохон бизнесүүдийн өлгий нутаг. Старбакс, Майкрософт, Боинг гээд бидний мэдэх олон том компанийн толгой нь энд байдаг. Тэр ч утгаараа уг форумын үеэр бизнест хэрэгтэй, оюун санааны инновацийг тэтгэсэн зүйлүүд нэлээд яригдсан. Майкрософтын байранд зохиогдсон болохоор зохион байгуулалт маш өндөр хэмжээнд байлаа. Түүнээс гадна улс орнууд бизнес эрхлэгчдээ яаж дэмжиж байгаа, ямар боломж нөхцөл бүрдүүлж байгаа, Засгийн газраас эмэгтэйчүүдэд ямар хөнгөлөлттэй нөхцөл, тус дэм болох бодлого хэрэгжүүлж байгаа  сайн туршлагуудаа хуваалцсан нь бидэнд хэрэгтэй зүйл боллоо. Түүнчлэн боловсролын асуудлаар үндсэн илтгэгчид үг хэлсэнийг дээр дурдсан. Манай улс нэг үеэ бодоход эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжсэн банк санхүүгийн хөнгөлөлттэй зээлийн шугамууд нээж байгаа нь сайшаалтай. Гэхдээ эмэгтэй бизнес эрхлэгчдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, бизнесийг нь дэмжих, сурталчлах, зуучлах тал дээр илүү бодитой зүйл хиймээр байна. Танхимын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлөөс тодорхой ажлуудыг төлөвлөж байна. Төр засгийн зүгээс шийдүүлэх асуудлууд ч бий. Цаашлаад шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэх, бизнесээ амжилттай авч яваа эмэгтэйчүүдийг урамшуулах хөшүүрэг хэрэгтэй байна. Бид энэ талаар дуу хоолойгоо холбогдох түвшинд илэрхийлсээр байх болно.

    Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
    Э.АДЪЯАСҮРЭН

    Latest 150
    Latest 150