• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол-Словакийн бизнес уулзалт болов
    11/29/2017

    Бүгд Найрамдах Словак Улсын Шадар сайд Петер Пеллегринийн Монгол Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд Монгол Словакийн бизнес уулзалт Гадаад Хэргийн Яамны “Зөвшилцөл” танхимд болов.

    Бизнес уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Словак Улсын Эдийн засгийн сайд Петер Жигатай уулзан Словак Улстай хүнс, хөдөө аж ахуй, мэдээллийн технологи, уул уурхай, боловсролын салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн байна. Түүнчлэн талууд “Эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Словак Улсын Эдийн засгийн яам хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурав.

    Сайд нар Монгол, Словакийн хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг дэмжих, чингэхдээ хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийг хоёр болон олон талт механизмын хүрээнд шийдвэрлэх асуудлаар мөн дэлгэрэнгүй санал солилцов.

    Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ Словак Улсын Шадар сайд Петер Пеллегрини энэхүү бизнес уулзалтыг зохион байгуулж байгаад талархал илэрхийлж хоёр талын бизнес уулзалтанд биечлэн оролцож байгаа нь харилцан итгэлцэл, уламжлалт сайн харилцааг бататгах билэгдэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

    Эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байгаа нь илт байна гээд хэдийгээр бизнес форум нь уламжлал ёсоор танилцуулга хэлбэртэй байдаг боловч хамтын ажиллагааны зорилгыг тодорхойлох хангалттай боломжийг олгоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр тус форум нь Словак, Монголын эдийн засгийн нөөц боломжуудыг танилцуулах зорилготой юм. Манай улсын хамгийн том сорилт бол эдийн хамтын харилцаа ажиллагааг сэргээх явдал юм. Үүний зэрэгцээ Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлт, улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорьж байна хэмээн онцлов.

    Нээлтийн үгийн дараа Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан Монгол Улс дахь хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, хамтран ажиллах санал, төслүүдийн талаар илтгэл тавив. Словакийн талаас тус улсын техник, технологи, хөрөнгө оруулалтын боломжийн талаар мөн илтгэл тавилаа.

    МҮХАҮТ-ын Гадаад Харилцаа, Худалдаа, Хөрөнгө Оруулалтын Газрын Дарга Б.Мөнх-Оргил Монгол-Словакийн бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаа, цаашид хамтран ажиллах саналын талаар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ МҮХАҮТ-ны өнөөгийн харилцаа хамтын ажиллагааг дурдаж тус танхимын үйл ажиллагааны боломжуудыг танилцуулсан байна.

    Словак, Монголын бизнес уулзалт хоёр талын бизнес эрхлэгчдийн ганцаарчилсан уулзалтаар өндөрлөлөө.

    Latest 150
    Latest 150