• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ-ын төлөөллөөс УИХ-ын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллана
    11/30/2017

    Өнгөрсөн 4 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхтэй холбогдуулан МҮХАҮТ-аас мэдэгдэл гаргаж, тус асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд 4 дүгээр сарын 13-ны өдөр Танхимын удирдлагууд болон бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзсан. Тус уулзалтаар төсвийн зарцуулалтыг үр ашигтай, хяналттай, хариуцлагатай болгох, эдийн засаг, бизнес дэх төрийн оролцоог багасгах, алдагдалтай ажиллаж буй ТӨХК-иудыг хувьчлах, татварын болон нийгмийн даатгалын багц хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх, төрийн үйлчилгээг цахимжуулах, хүнд суртлыг багасгах, бизнесийн орчныг сайжруулахад хамтран ажиллах зэрэг нийт 8 асуудлыг зөвшилцсөн.

    Энэхүү зөвшилцсөн 8 асуудлын хэрэгжилтийг дүгнэх зорилгоор МҮХАҮТ-ын удирдлага, тэргүүлэгч гишүүд УИХ-ын дарга М.Энхболдтой 2017оны 11 сарын 29-ний өдөр уулзалт хийлээ. Уулзалтаар УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн хугацаанд дээрх зөвшилцсөн асуудлыг судлаж, УИХ-ын даргын зөвлөмж гарган, Засгийн газарт албан ёсоор 3 удаа хандаж, хэрэгжилтийг хүлээн авсаныг дурдлаа. Мөн тэрээр өнгөрсөн хугацаанд Засгийн газраас эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээг авч, эдийн засаг өсөх хандлага ажиглагдаж байгаа боловч бизнес эрхлэгч бүрийн үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлж, бодитой, хүртээмжтэй өсөлтийг бий болгож чадаагүй, эдийн засаг эмзэг хэвээр байгаа нь цаг үеийн болон Засгийн газрын тогтворгүй байдалтай холбоотой гэдгийг хэллээ.  Мөн тэрээр банкны хууль, эрх зүйн орчинг сайжруулах зорилгоор оролцогч бүх талуудтай хэлэлцэж, багц хуулийг энэ оны өмнө батлах төлөвлөгөөтэй байгааг дурдаад,  ирэх жил татвар нэмэхгүй, 2018 онд том төслүүдийг хөдөлгөх зорилгоор салбарын Яамдаас томоохон төслүүдийн саналыг авч, Засгийн газар, Хөгжлийн банктай хамтарч ажиллах мөн төсвөөс цалинждаг компанийг болиулах зэрэг ажлууд хийгдэхийг хэллээ. Мөн эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулахад бизнес эрхлэгчдийн саналыг сонсох, Эдийн засгийн байнгын хороотой нягт хамтран ажиллах орон тооны бус зөвлөхийг МҮХАҮТ-ын төлөөллөөс томилохоор боллоо.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав өмнөх уулзалтаар зөвшилцсөн 8 асуудлыг хэрэгжүүлэх зорилгоор МҮХАҮТ-ын төлөөлөл УИХ, Засгийн газрын хэд хэдэн хуулийн ажлын хэсэгт орж ажилласан талаар дурдаад, энэ жил татварын бааз суурь бэхэжсэн, татварын орлого 1,2 их наяд буюу 40 орчим хувиар давж биелсэн байхад төсвийг ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай баталсан нь эдийн засгийг тогтворжуулах, сэргээх зорилттой огт нийцэхгүй шийдвэр болсныг онцолж, цаашид татварын дарамтыг багасгаж,  нэмэхгүй байхыг сануулж, мөн эдийн засгийн өсөлт ажиглагдаж байгаа энэ үед  Зөрчлийн тухай хууль бизнес эрхлэгчдэд ихээхэн дарамт учруулж байгааг хэлээд, Татварын багц хуулийг УИХ яаралтай хэлэлцэж, батлах мөн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтийг хурдан хугацаанд дүгнэж, өөрчлөх шаардлагатайг хэллээ. Мөн банкны зээлийн хүүг захиргаадалтын аргаар биш, бусад арга замаар хэрэгжүүлэх, валютын ханшийн өсөлт, зөрүүгээс болж хохирч, алдагдал хүлээж буй компаниудад төлбөрийг зээл авсан өдрийн ханшаар төлөх боломж олгох, цаашид төрийн нүсэр бүтцийг багасгах, өнгөрсөн хугацаанд ТӨХК хувьчлах ажлыг хийсэнгүйг сануулж,  улсын төсвөөс санхүүждэг олон төрлийн сангуудыг цэгцлэх, ажлын байр бий болгож буй ААН-ийн татварыг багасгах зэрэг саналуудыг ярилцлаа.

    Latest 150
    Latest 150