• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хувийн бирж албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ
    12/05/2017

    Манай улсын эдийн засагт бий болж байгаа өсөлтийг үр ашигтайгаар хувиарлах, нөөцийн хувиарлалтыг илүү сайжруулах, иргэдэд санхүүгийн зах зээл дээрх хүртээмжийг нэмэгдүүлэхэд хөрөнгийн зах зээл онцгой ач холбогдолтой.

    Өнөөдөр Монгол улсад анхны хувийн бирж албан ёсны нээлтээ хийж “Хонх цохих” арга хэмжээг зохион байгууллаа. “Хонх цохих” арга хэмжээнд СЗХ-ны дарга С.Даваасүрэн, дэд дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б. Лхагважав, Анд энэрги ХХК-ийн ТУЗ-ын дарга Т.Барс болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

    Арга хэмжээг нээж СЗХ-ны дарга С.Даваасүрэн хэлэхдээ, Санхүүгийн зохицуулах хороо өнгөрсөн нэг жилийн хугацаанд хариуцан зохицуулж буй үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны салбаруудынхаа хэмжээнд дээрх арга барилаар ажиллаж дараах үр дүнд хүрлээ. Сүүлийн 10 гаруй жилд Монголын хөрөнгийн зах зээл дээр ердөө 12 IPO хийгдэж байсан бол зөвхөн энэ 2017 онд хоёр IPO шинээр, нэг компаний бонд, нийт гурван үнэт цаас зах зээлд гарлаа. Өнөөдөр манай улсад хувийн бирж албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа нь санхүүгийн салбараа ингэж олон тулгуурт болгон хөгжүүлснээр, санхүүгийн нөөц боломжууд зөв хуваарилагдаж, эдийн засгийн хөгжлийг урагшлуулах чухал суурь болж байна гэдгийг хэллээ.  Мөн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, хөрөнгийн биржээр дамжуулан бизнесээ хэрхэн өргөжүүлж болох талаар танхимын зүгээс хийж буй ажлыг дурдаад, эдийн засгийн  хүнд үед өөрийн хөрөнгөөрөө хэрхэн хөрөнгө босгож болох вэ гэдгийг биржийн систем бий болгодог. Энэхүү системээр анхны хувийн компани хөрөнгийн зах зээлд үүд хаалгаа нээж байгаа  нь маш онцлог болж байна. Мөн хөрөнгийн зах зээл дээр өрсөлдөөн бий болж, улам чадварлаг, туршлагатай байх шаардлага тулгарч байгааг хэллээ.

    Монголын үнэт цаасны бирж ХХК нь үйл ажиллагаандаа Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгох зорилгоор зах зээл үүсгэгчийг нэвтрүүлэх, богино хугацааны санхүүжилт хийх буюу Репо арилжаа, төлбөр тооцоог уян хатан байлгах төлбөр тооцооны Т+3 нөхцөл зэрэг олон улсын санхүүгийн зах зээл дээр өргөнөөр хэрэглэдэг тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна. Тус компани нь биржийн анхны арилжаагаа 2017оны 11 дүгээр сарын 1-ны өдөр “Анд энерги” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар эхлүүлэн уг арилжаагаар 26,544,058 ширхэг хувьцааг нийтэд санал болгон худалдсан байна.

    Тус бирж нь 2017 оны 12-р сарын 4-ний өдрийн байдлаар 17 удаагийн арилжаа явагдаж, 8 брокерийн компани арилжаанд оролцсон. Нийт 268 хэлцэл хийгдэж 70,396,470.00 төгрөгийн үнийн дүнтэй 1,143,000 ширхэг хувьцааг арилжаалсан байна. Өнгөрсөн хугацаанд хамгийн дээд ханш 69.9 төгрөгөөр тогтсон бол доод ханш 54 төгрөгт хүрч, өнөөдрийн хаалтын ханш 58 төгрөг дээр тогсон байна.

    Latest 150
    Latest 150