• MN
  • EN
  • CN
  • RU
  • ЖДҮ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авлаа
    12/06/2017

    Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авах хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.

    Уг хэлэлцүүлгийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо, ХХААХҮЯ, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газар хамтран зохион байгуулж, нийслэлд болон орон нутагт ЖДҮ эрхэлж байгаа иргэдийн төлөөллөөс санал шүүмж сонслоо.

    Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг панелистээр оролцож, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төлөөлөн танхимаас уг хуулийн төсөлд тусгуулах зарчмын санал, бодлогын зөвлөмж, зарим асуудлыг шийдвэрлэх арга зам бүхий үг хэлэв.

    Одоо яригдаж буй дээрх хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангиллыг тодорхой болгохоор хэд хэдэн заалт орсон байгаа. Тухайлбал 9 хүртэлх ажилтантай, жилийн борлуулалтын орлого нь 50 хүртэлх сая төгрөгт багтдаг ААН-ийг бичил бизнес эрхлэгч, 50 хүртэлх ажилтантай, 250 сая хүртэлх борлуулалтын орлоготой бол жижиг бизнес эрхлэгч, 200 хүртэл ажилтантай, 250 саяас 1,5 тэрбум хүртэл борлуулалтын орлоготой бол дунд бизнес эрхлэгч гэх мэтээр ангиллахаар тусгасныг хэлэлцүүлэгт оролцогчдын дийлэнх нь дэмжлээ.

    Харин ЖДҮ эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгийг оновчтой болгох чиглэлээр хэд хэдэн хүн тодорхой санал хэллээ. Хөнгөлөлттэй зээл, зээлийн батлан даалт, хүүгийн хөнгөлөлт зэргийг жижиг бизнес эрхлэгчдэд ээлтэй болгох шаардлагатай, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг холбогдох татвараас чөлөөлөх хууль гарсан ч бодит байдал дээр хүнд суртал ихтэй, олон төрлийн бичиг баримт, нотолгоо шаарддаг нь бизнест хүндрэл учруулдаг зэрэг бэрхшээлийг онцолж байсан юм.

    Мөн ЖДҮ-ийг бүсчлэн хөгжүүлэх, ЖДҮ-ийн салбарын бодлогыг хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалт, уялдаа холбоог сайжруулах зэрэгт бизнес эрхлэгчдээс гарсан бодитой саналуудыг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгахаа уг хуулийн төсөл дээр ажиллаж буй УИХ-ын гишүүд амлалаа.

    Latest 150
    Latest 150