• MN
  • EN
  • CN
  • RU
  • Татварын хуулийн өөрчлөлтийн талаар бизнес эрхлэгчидтэй санал солилцлоо
    12/19/2017

    “Монгол улсын татварын орчин, Татварын ерөнхий хууль, ААНОАТ, ХХОАТ-ын тухай хуулиудын өөрчлөлт” хэлэлцүүлэг 12 сарын 19-нд МҮХАҮТ-д боллоо.

    Хэлэлцүүлэгт Монгол Улсын  үйлдвэрлэл, уул уурхай, худалдааны томоохон компаниуд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон хоршоо, гарааны бизнесийн  төлөөллүүд оролцож одоо мөрдөгдөж байгаа татварын хуулийн орчин, түүний хэрэгжилт бодит байдал дээр ямар байгаа мөн татварын хуулинд шинээр оруулахаар яригдаж байгаа өөрчлөлтүүд бизнес эрхлэгчдэд хэрхэн  нөлөөлөх талаар саналаа  хэллээ.

    “МҮХАҮТ энэ оны 4 сарын 8 нд Татварын хуулийн өөрчлөлттэй холбоотой найман зүйл бүхий  санал боловсруулж УИХ-ын даргад зөвшилцөхөөр хүргүүлсэн. Татварын системийн өөрчлөлт, эрхзүйн  зохицуулалттай холбоотой  дээрх саналын дагуу Засгийн газар тухайлбал Сангийн яам, ТЕГ бусад яам агентлагуудын оролцоотой  ажлын хэсэг  байгуулагдсан ч өнөөг хүртэл дорвитой ажил хийсэнгүй. Тиймээс дахин бизнес эрхлэгчдийн төлөөллийн санал бодлыг сонсож тэднээс биечлэн болон онлайнаар авсан санал дүгнэлтийг нэгтгэж Сангийн яаманд хүргүүлэхээр энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэж МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг ярилаа.

    Хэлэлцүүлэгт оролцогсдын дийлэнх нь ирэх оноос шинээр мөрдөгдөж эхлэх ХХОАТ-ын тухай хуулийн өөрчлөлт, тухайлбал цалингийн хэмжээгээр шатлал тогтоож татвар авах заалт амьдралд нийцэхгүй байгааг хэлж байна. Мөн татвар оногдуулах, хураах тогтолцоог оновчтой болгож татварын хялбаршуулсан системийг бий болгох замаар татвар төлөхгүй, татварын мэдлэггүй байгаа бизнес эрхлэгчдийг татварт хамруулах шаардлагатай зэрэг саналыг хэллээ. Татварын тухай хууль тогтвортой бус, татварын байцаагч нарын хуулийн мэдлэг сул, тухайн аж ахуйн нэгж байгууллагын онцлогийг үл харгалзах,  дур мэдэн байгууллагын дансыг хаах зэрэг бэрхшээл байгааг ч мөн бизнес эрхлэгчид ярилаа.

    Бизнес эрхлэж ашиг орлого олж байгаа бүхэн татвар төлөх үүрэгтэй, үүнийгээ ч ихэнх нь ухамсарладаг. Харин татварын бодлого тогтвортой, шударга, ижил тэгш гараанаас эхлэх, аливаа бизнес өргөжин тэлэх боломжийг олгосон байх хэрэгтэй хэмээн  бизнес эрхлэгчид  ярьж байна.

    Х.Солонго 

    Latest 150
    Latest 150