• MN
  • EN
  • CN
  • RU
  • Дүүргийн бизнес эрхлэгчдийг дэмжин хамтран ажиллана
    12/21/2017

    Өнөөдөр МҮХАҮТ нь Баянгол, Хан-Уул дүүрэгтэй хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд дүүргийн бичил, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдгээрийг сургалтад хамруулах, гадаад дотоодын үзэсгэлэн худалдаанд оролцуулан бараа бүтээгдэхүүнийг нь сурталчилах, хөрөнгө оруулалт олж өгөх, техник тоног төхөөрөмжөө шинэчлэхэд нь туслах тал дээр түлхүү хамтран ажиллах юм.

    Санамж бичигт Танхимын дарга М.Оюунчимэг, Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа, Хан-Уул дүүргийн засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан нар гарын үсэг зурав.

    МҮХАҮТ нь бизнес эрхлэгчдийг дэмжин, хууль эрх зүйн орчныг таатай болгох чиглэлээр бодлогын өмгөөллийн нэлээд ажлуудыг хийж байна. Бид дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг, тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүнийг олон улсад таниулан сурталчилах, бизнесийн бүх төрлийн сургалтад хамруулах чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллана. Цаашлаад дүүргүүдийн “Бизнес инкубатор төв”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах, техник тоног төхөөрөмжөө шинэчлэхэд нь зуучлан ажиллах юм. Мөн бизнесийн гэрээ хэлэлцээр хийх, гадаад дотоодын бизнес саналтай танилцах, үзэсгэлэнд худалдаанд оролцох, танхимын жинхэнэ гишүүнээр элсэн, хүссэн мэдээллээ авч бизнесээ хөгжүүлэх маш олон боломж байгааг Танхимын дарга М.Оюунчимэг хэллээ. Мөн “Mongolain Exporters” цахим гарын авлагыг вэб сайтад байршуулж эхэлсэн ба түүнд дүүргийнхээ бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг байршуулахыг санал болголоо.

    Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа, дүүргийнхээ оёдлын салбарын бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор эхний ээлжинд ажлын байрны боломжийг нь шийдэж, бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах гар утасны АПП гаргаснаа танилцуулсан бөгөөд танхимаас мэргэжлийн арга зүйн туслалцаа авах, бизнес инкубатор төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд хамтран ажиллана гэдгээ хэлсэн юм.

    Latest 150
    Latest 150