• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол-Солонгосын бизнес форум боллоо
    01/16/2018

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  БНСУ-д хийж байгаа айлчлалын хүрээнд  2018 оны  1 сарын 15 -нд Сөүл хотноо Монгол-Солонгосын  бизнес эрхлэгчдийн форум  боллоо.  Форумд манай улсын 45 компанийн 60 гаруй бизнесийн төлөөлөгч оролцож уламжлалт салбараас гадна инноваци, бүтээмж, нэмүү өртөг бий болгох болон бүс нутгийг хамарсан дэд бүтцийн томоохон төсөл, хөтөлбөр, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлчилгээ зэрэг салбарт хамтран ажиллах талаар санал солилцож ярилцлаа.

    Форумын нээлтэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон  МҮХАҮТ, БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагууд, холбогдох сайд нар оролцож  үг хэлэв. “Монгол улсын Дотоодын нийт бүтээгдэхүүний 72 хувийг бий болгодог бизнес эрхлэгчдийн төлөөлөл БНСУ-ын талтай өмнө тогтоосон харилцаа холбоогоо улам өргөжүүлж, зарим нь хамтрах эхлэлээ тавьж байгаад баяртай байна” гэж МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгч  Б.Лхагважав онцоллоо. Харин  БНСУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэд тэргүүн Ким Жун Дон байгалийн баялаг ихтэй Монгол улстай хамтран ажиллах өргөн боломж байгааг дурдлаа.

    2017 оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 209 сая ам.доллар хүрснээс экспорт 12 сая, импорт 198 сая ам.доллар болжээ. Худалдааны нийт эргэлт 1.4 хувиар өссөн байна.  1990 оноос хойш өнөөг хүртэл хугацаанд БНСУ манай улсад 512 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд тус улсын хөрөнгө оруулалттай 2400 орчим аж ахуйн нэгж бөөний болон жижиглэн худалдаа, нийтийн хоол, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж.

    Х.Солонго

    Latest 150
    Latest 150