• MN
  • EN
  • CN
  • RU
  • ӨМӨЗО-ны хотуудтай хамтран ажиллах эхлэл тавигдлаа
    01/16/2018

    ӨМӨЗО-ын Эрээн, Бугат, Ордос зэрэг хотуудын Худалдааг дэмжих хороотой хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран ажиллах, санамж бичгийг байгуулахаар  Танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш болон Харилцаа хамтын ажиллагааны газрын дарга Ч.Баттулга нар энэ сарын 8-13-ны өдрүүдэд ӨМӨЗОронд ажиллалаа.

    Хамгийн түрүүнд хилийн худалдааны гол түнш Эрээн хотын Худалдааг дэмжих хороотой урт хугацааны хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Тус Худалдааг дэмжих хороо  Хятадын зах зээлд танилцуулах  Монголын бизнесийн орчны хууль эрхзүйн гарын авлагыг санхүүжүүлэх, Ата карней-аар дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх, Эрээн хотод зохион байгуулагдах үзэсгэлэнгүүдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамтран ажиллахаа илэрхийллээ.

    Томилолтын баг ӨМӨЗО-ны Ордос хотын худалдааг дэмжих хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ордос хотын талаас Худалдааг дэмжих хорооны дарга  Шуан Чин Кэ  болон орлогч дарга Гао Жиан Шин, үзэсгэлэнгийн хэлтсийн дарга Бай Жюнь, Ордос хотын үзэсгэлэн зохион байгуулах компанийн төлөөлөл, гадаад харилцааны газрын дарга нар байлцлаа. Талууд хамтран бизнес уулзалт, форум, үзэсгэлэн зохион байгуулах 9 дүгээр сард Ордос хотод зохион байгуулагдах ноос ноолуурын үзэсгэлэн болон Ата Карней, Арбитр, бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлал, аялал жуулчлал хөгжүүлэх тал дээр хамтран ажиллахаар харилцан тохиролцов. 

    Түүнчлэн Танхимын төлөөлөл  ӨМӨЗО-ны Бугат хотын Худалдааг дэмжих хороотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Бугатын талаас Худалдааг дэмжих хорооны дарга Ян Жин Пин, орлогч дарга Сюнь Ган, орлогч дарга Ли Жун Хоу, боомтын орлогч дарга н.Гэрэл, Монголын талаас ЕНБДарга Э.Оюунтэгш, ХХАГ-ын дарга Ч.Баттулга нар байлцаж хоёр байгууллагын хамтын ажиллагааны талаар ярилцаж, харилцан бизнес уулзалт, үзэсгэлэн зохион байгуулахаар тохиролцов. Бугатын МСҮКоллежийн удирдлагатай уулзаж хамтын ажиллагаа эхлүүллээ.

    Дээр дурдсан хотуудаас гадна ӨМӨЗО-ны Баяннуур хот болон Баяннуур хотын Үүен  сумын  Худалдааг дэмжих хороотой мөн  хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. ӨМӨЗО-ны Баяннуур хот нь нийт эрчим хүчнийхээ 64 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг. 12 сая толгой хонь зах зээлд нийлүүлдэг. Манай улстай 369 км газар нутгаар хиллэдэг. Оюу толгой, Таван толгойгоос 2017 онд 17 сая тн коксжих нүүрс импортолдог  Монгол Улсын стратегийн гол түнш бүс нутаг юм. Хамтран бизнес айлчлал, уулзалт, үзэсгэлэн, бизнес форум зохион байгуулах, Ата Карней, Арбитр, бизнесийн маргааныг эвлэрүүлэн зуучлах гэх мэт арга хэмжээг хамтран зохион байгуулахаас гадна Баяннуур хотоос Улаанбаатар хотод худалдааны төлөөлөгчийн газар нээхэд МҮХАҮТ дэмжлэг үзүүлэх,  2018 оны 3 дугаар сард Баяннуур хотод Орос Монгол Хятад гурван улсын эрчим хүчний коридор байгуулах форум зохион байгуулахаар тохиролцлоо.

    Харин Баяннуур хотын Үүен  сумын тухайд  470 өрх нарны эрчим хүч үйлдвэрлэж гэрийн дулаан цахилгаанаа хангахаас гадна, үлдэх эрчим хүчээ улсдаа буцааж борлуулдаг байна. Мөн нарны эрчим хүч хураах хавтангийн доор малын тэжээл, хүнсний  ногоо тариалж  түүнийгээ борлуулан өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх  хөтөлбөр хэрэгжиж байна.

    Ийнхүү өмнөд хөрш ӨМӨЗО-ны хотуудтай нягт хамтран ажиллах эхлэл тавигдлаа. Айлчилсан хот бүртээ Монголын бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, бизнес уулзалтууд зохион байгуулах үзэсгэлэнд хөнгөлөлттэй нөхцөлөөр оролцох хэлэлцээрүүдийг  амжилттай хийв.

    Latest 150
    Latest 150