• MN
  • EN
  • CN
  • RU
  • У.Хүрэлсүх: Ирэх хоёр жилд Монгол Улсын эдийн засгийн өсөлт хурдасна
    01/25/2018

    МҮХАҮТ-аас зохион байгуулдаг “Business breakfast" арга хэмжээний энэ оны анхны уулзалт нэгдүгээр сарын 25-ны өглөө болж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн болон Эрчим хүчний сайд, Засгийн газрын яамд агентлагуудын төлөөлөл, МҮХАҮТ-ын удирдлагууд, Танхимын удирдах зөвлөлийн төлөөлөл болон  хувийн хэвшлийг төлөөлж 300 гаруй бизнес эрхлэгч  оролцлоо.

    Төр хувийн хэвшлийн харилцан ойлголцол, итгэлцэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх замаар бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилго бүхий энэхүү уулзалтыг МҮХАҮТ  хоёр жилийн өмнөөс зохион байгуулж  20 дахь уулзалтаа хийж байгаа нь энэ юм.

    Энэ үеэр бизнес эрхлэгчдийн хамгийн их сонирхож байгаа Татварын хуулиудын өөрчлөлт, төрийн байгууллагуудын дарамт, хүнд сурталыг багасгах чиглэлээр хийж байгаа ажлууд, жижиг дунд үйлдвэр, томоохон аж ахуйн нэгжийг дэмжих, хөдөө аж ахуй, уул уурхай, барилга гэх мэт томоохон салбаруудад төрийн бодлого ямар байх талаар бизнес эрхлэгчдээс тавьсан асуултад Ерөнхий сайд болон түүний танхимын сайдууд хариулт өгч боломж болоцоотойг нь нэн даруй шийдвэрлэх арга хэмжээ авсан үр дүнтэй уулзалт болж өнгөрлөө.

    МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваагийн танилцуулснаар 2017 онд  манай улсын  гадаадын шууд хөрөнгө оруулалт  1,1 тэрбум доллар болж  2011 оноос хойш хамгийн өндөр өсөлтөд хүрсэн, улсын зээлжих зэрэглэл  В3 болсон,  гадаад валютын нөөц  3 тэрбум ам.доллар болж  2,5 дахин нэмэгдсэн,  эдийн засгийн өсөлт  5,8 хувьтай, гадаад худалдаа  1,9 тэрбум ам.долларын ашигтай,  татварын орлого 500 сая төгрөгөөс  давж биелсэн гэх мэт нааштай үзүүлэлтүүд гарчээ. Энэ бүхэн бизнесийн орчинд эерэгээр нөлөөлж байгаа ч төр засгийн тогтворгүй байдал, татварын дарамт, иргэдийн худалдан авах чадвар бурсан, зээлийн хүү, валютын ханшийн савалгаа их зэрэг хүндрэлтэй асуудлууд байсааар байна.

    Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ  “2016 оноос бий болсон эдийн засгийн хүндрэл бага багаар арилж дампуурлын ирмэгт тулж  хүнээр бол сэхээн амьдруулах тасагт байсан эдийн засаг 2017 онд энгийн тасагт шилжсэн.  2017 оны сүүлээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт  5,8 хувьтай гарсан. Ирэх гурван жилд бүтээн байгуулалтын ажил өрнүүлж эдийн засгийг өсгөх хариуцлагатай жил. Олон улсын байгууллагууд , Дэлхийн банк 2019 он гэхэд манай улсын эдийн засаг 8 хувьд хүрч өснө гэж таамаглаж байна. Сангийн яамнаас ч мөн ийм тооцоо судалгаа хийж байна. Энэ өсөлтийг хангахын тулд  төр бүх шатандаа сахилга баттай, тэр дундаа санхүүгийн сахилга батыг сахиж эдийн засгийн уналтыг зогсоож сэргээх ажлыг надад байгаа 880 хоногт багтааж хийнэ” гэсэн юм. Ард иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, орон сууцаар хангах, эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болох , нефть боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах замаар шатахууны хараат бус байдлаас гаргах гэх мэт ажлуудыг нэн түрүүнд хийхээ Ерөнхий сайд бизнес эрхлэгчдэд  танилцууллаа.

    МҮХАҮТ-аас уулзалтад оролцох сонирхолоо илэрхийлсэн 112 бизнес эрхлэгчийн асуулт, саналыг нэгтгэж засгийн газарт хүргүүлсэн бөгөөд  танхимд цугласан  30 орчим бизнес эрхлэгчдийн санал хүсэлтийг Ерөнхий сайд нэг бүрчлэн сонсож захидал хүсэлтийг нь гардан авлаа.

    Х.Солонго

    Latest 150
    Latest 150