• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ-аас Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлж, ажлаа эрчимжүүлэхийг уриаллаа
    02/01/2018

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ

    Монгол Улсын Засгийн газраас ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасантай холбогдуулан 2017 оны 4 сард МҮХАҮТ-аас төсвийн зардлыг багасгах, төрийн албан хаагчдын тоог бууруулах, ХАОАТ, НДШ, Онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүй байх шаардлага бүхий МЭДЭГДЭЛ-ийг гаргаж, уг асуудлаар УИХ-ын дарга М.Энхболд Танхимын удирдлагууд болон бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзсан. Уулзалтаар нийт 8 асуудлыг зөвшилцөж, мэдэгдлийн мөрөөр авах арга хэмжээнүүдийг тохиролцон, хоёр талаас авч хэрэгжүүлсэн билээ.

    МҮХАҮТ-аас ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” ба хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний үр нөлөө болон бизнесийн орчны нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг бодлого боловсруулах түвшинд хүргэх зорилгоор олон уулзалт, хэлэлцүүлэг хийж, удаа дараа уриалга, мэдэгдлийг өнгөрсөн хугацаанд гаргаж ирсэн. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны 100 хоногоо дүгнэж, энэ үеэр ОУВС-тай ахин хэлэлцээр хийж, бизнес эрхлэгчид ба иргэдийн саналыг хүлээн авч, ХАОАТ-ын нэмэгдлийг хүчингүй болгох, Онцгой албан татварыг тэглэх зэрэг бизнес, хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлэх шийдвэр гаргасанд нийт бизнес эрхлэгчдийн өмнөөс МҮХАҮТ талархал илэрхийлж байна.

    Эдийн засаг сэргэх хандлага гарч байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх, төрийн албан хаагч болон нийгмийн халамжид чиглэсэн төсвийн зарцуулалтыг багасгах, аливаа салбарыг дэмжсэн өгөөж, үр ашиг муутай элдэв сан, хөтөлбөрийг цөөрүүлэх, цэгцлэх, татаасыг бууруулах, алдагдалтай ажиллаж буй ТӨХК-уудыг хувьчлах мөн төрийн худалдан авалтад дотоодын үйлдвэрлэлээс бараа, үйлчилгээ нийлүүлэх эрх зүйн орчныг улам сайжруулах, бизнес эрхлэгчдийг татварын хураалтад тэгш, шударга хамруулж, татварын суурийг нэмэгдүүлэх, өрсөлдөөний шударга орчныг бий болгох зэрэг бодлогын эрс шинэчлэлийг нэн яаралтай хэрэгжүүлж эхлэх, бодит үр дүн гарган ажиллахыг бизнес эрхлэгчид хүлээж байна. Нэн ялангуяа Монгол Улсын Засгийн газраас Татварын багц хуулийг УИХ-д өргөн барьж, хаврын чуулганаар хэлэлцүүлэн, батлах шаардлагатай байгаа бөгөөд үүнд МҮХАҮТ бүх үе шатанд нь нягт хамтран ажиллах болно.

    МҮХАҮТ-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ, ТЭРГҮҮЛЭГЧИД

    Б.Урангоо: Авто болон төмөр замын барилгын ЭСТО ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал

    Манай компани үндсэн 105 ажилтантай, зам бүтээн байгуулалтын ажил эхлэхээр 350 хүртэлх гэрээт ажилтныг улирлын чанартай авч ажиллуулдаг. 500 гаруй хүнийг цалинжуулдаг ажил олгогчийн зүгээс хэлэхэд Засгийн газраас татварын шатлал тогтоож, хэд хэдэн төрлийн татвар нэмсэн нь НДШ нэмж төлөхөөс эхлээд бидний бизнест нэлээд хүндрэл учруулаад байсан. Ажилтнууд маань ч гэсэн гэр орноосоо хол, хөдөө хөхөрч гадаа гандаж байж авдаг цалингийнхаа ихэнхийг татварт суутгах болсондоо сэтгэл дундуур байсан. Зам барилгын ажил хүнд нөхцөлтэй болохоор 1,5 төгрөгийн цалин бол тийм ч ихдээ орохгүй. Гэтэл тогтоосон шатлал арай өндөр байсныг хэлэх хэрэгтэй. Энэ талаар тууштай дуу хоолойгоо илэрхийлж, бизнес эрхлэгч, гишүүн ААН-үүдийнхээ төлөө бодлогын өмгөөлөл, нөлөөлөл үзүүлж ажилладаг МҮХАҮТ-д мөн талархал илэрхийлмээр байна.

    Б.Туул: Азийн хөгжлийн банкны ХАА-н чиглэлийн нэмүү өртөгийг дэмжих техник туслалцааны төслийн Арьс ширний зөвлөх

    Засгийн газраас ОУВС-тай зөвшилцөж, ХАОАТ-ыг хуучнаар нь буюу нэг шатлалтай, 10 хувь болгож байгаад үнэхээр баяртай байна. Миний хувьд арьсан үйлдвэрлэлийн технологи, боловсруулалт, тэр дундаа гутал үйлдвэрлэл, судалгааны чиглэлээр олон жил ажилласан, сургалтын төв байгуулж байсан хүн. Мөн Монголын гутал, арьсан үйлдвэрлэлийн мэргэжлийн загвар зохион бүтээгчдийн холбоонд харьяалалтай. Одоо яг энэ чиглэлээрээ л зөвлөх хийж байна.
    Гадаадын төслийн цалин манай дотоодын байгууллага, аж ахуйн нэгжүүдийг бодвол харьцангуй өндөр байдаг. Гэтэл хамаг цалин татварт явчихаар хэцүү байлаа. Олон жилийн туршлага, хөлс хүчээ үнэлүүлж, арай ахиу цалин авч байгаа хүмүүсээ төр татвараар дарамтлах нь урамгүй санагдаж байсныг нуух юун. Энэ хуулийг эргэж харах хэрэгтэйг төр засагт сонсгож,  бизнес эрхлэгч, энгийн иргэдийнхээ байр суурийг төлөөлж ажилласан МҮХАҮТ-ын удирдлагуудад талархаж байна.

    Д. Эрдэнэсайхан:  “ДЦС-3” ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга

    Миний бие эрчим хүчний салбарт тэр дундаа ТЭЦ-3 станцад 30 гаруй жил ажиллаж байна. Сүүлийн таван жилд нь ажилчдынхаа  итгэлийг хүлээж Үйлдвэрчний эвлэлийн хорооны даргаар ажилласан. Манай салбарт нийт 15 мянган хүн ажиллаж байгаагийн 1000 гаруй нь манай станцад ажиллаж байгаа юм. Эдгээр ажилчдын 85 хувь нь хөдөлмөрийн хүнд, халуун нөхцөлд  ажилладаг, түүнийгээ дагаад дундаж цалин 1,8 сая төгрөг юм. Засгийн газрын ХХОАТ-ын тухай хуулиар цалингаас шатлал тогтоож татвар авах шийдвэр нь эдгээр ажилчны маань цалин орлогод сөргөөр нөлөөлж гэр бүл, ахуй амьдралд нь хүндээр тусах байсан.  Энэ шийдвэрээ өөрчилж байгаад бид маш их баяртай байна.  

    Б.Гантулга: Оюутолгой ХХК-ийн Ил уурхайн ахлах ажилтан

    Монгол Улсын бүтээн байгуулалт хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллаж байгаа мянган мянган уурхайчин  бид  жилийн ихэнх хугацаанд гэр бүлээсээ хол ажилладаг. Гэсэн ч бид ирээдүйнхээ сайн сайхан, үр хүүхэд, улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө эзэмшсэн мэргэжлээрээ бахархаж явдаг.  Бидний нөхцөл байдлыг ойлгож цалингаас шатлал тогтоон татвар авах шийдвэрээ төр засаг өөрчилж байгаад баяртай байна.  Энэ шийдвэр олон мянган залуу хүнд ирээдүйдээ итгэх, татвараа шударгаар төлөх, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай байх урам зориг өгч байгаа гэж бодож байна. Та бүхэнд баярлалаа.

     

    Latest 150
    Latest 150