• MN
  • EN
  • CN
  • RU
  • Байгаль орчны салбарт шинэлэг технологиудыг нэвтрүүлнэ
    02/05/2018

    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат оролцсон “Бизнес бреакфаст” өглөөний уулзалт боллоо. Уулзалтын эхэнд салбарт тулгамдаж буй асуудлууд болон  ойрын үед хийж хэрэгжүүлэхээр зорьж буй ажлуудаа танилцуулав.

    Тэрээр байгаль орчны салбарт орчин үеийн мэдээллийн технологийг нэвтрүүлж, байгаль орчны цахим ном бий болгох, тусгай хамгаалалттай газрын мэдээллийн цахим сан болон  уул уурхайн нэгдсэн мэдээллийн санг цахим болгохоор ажиллаж байгаагаа дуулгалаа. Уул уурхайн нэгдсэн мэдээллийн цахим сан 14 төрлийн 34 чиглэлийг мэдээллийг агуулсан байх ба 5  дугаар сарын дундуур нээлтээ хийх ажээ.  Уул уурхайн салбарын ААН-үүдийн бүх түүх харагдах учир тусгай зөвшөөрөл лицензын гомдол санал багасаж мэдээлэл ил тод болно гэж үзэж байна. Мөн байгаль хамгаалагчдын ажлыг хөнгөвчлөн тусгай дроноор бичлэг хийж орчныг хянах, тусгай аппликэшн  бүтээх зэрэг дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж буйгаа ярилаа. Манай улсад жилдээ 2,4-3 сая шоо метр модны хэрэгцээ байдаг. Тухайн хэрэгцээг хангах хэмжээний зөвшөөрөл гардаггүйгээс хулгайн модны асуудал гардаг. Ойн аж ахуйг сэргээж бүрэн утгаар нь ажиллуулах, ойн хаягдал ашиглаж үйлдвэрлэл явуулахад анхаарч ажиллана, хулгайн модны асуудал цэгцэрч ойгоос ашиг олдог болно гэв. Мөн хариуцлагатай уул уурхайг дэмжинэ, тэр дундаа усыг дахин ашиглах технологи нэвтрүүлж буй ААН-үүдэд урт хугацааны хөнгөлөлттэй зээл олгохоо хэлэв. Тусгай зөвшөөрөл олгох ажлыг мэргэжлийн холбоодод үе шаттайгаар шилжүүлнэ, тусгай зөвшөөрлийн ажлын хэсгийн 30 хувьд мэргэжлийн холбоодыг ажиллуулна гэж ярилаа.

    Ийнхүү санал бодлоо хуваалцсаны дараа байгаль орчны салбарын мэргэжлийн холбоод болон хувийн хэвшлийнхний санал хүсэлтийг сонсож асуусан асуултад хариулт өгөв. Уулзалтын дэлгэрэнгүй тэмдэглэлийг Бизнес таймс сонины №5-аас хүлээн аваарай.

    Latest 150
    Latest 150