• MN
  • EN
  • CN
  • RU
  • Жижиг үйлдвэрүүдэд тулгарч байгаа нийтлэг бэрхшээл - ажлын байр
    02/08/2018

    МҮХАҮТ-аас элсээд нэг жил болж байгаа аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагаатай  танилцах, тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсох уулзалтыг тогтмол зохион байгуулдаг юм. Энэ удаад хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл тэр дундаа байгалийн цэвэр жимсээр чанамал, өтгөрүүлсэн шүүс хийдэг “EDEN” ХХК, Гоёлын болон ажлын гутал үйлдвэрлэж буй “ХМЧ” ХХК, арав гаруй жилийн өмнөөс пальто, ажлын хувцас үйлдвэрлэж байгаа “Welldress” компаниудаар орж уулзалт хийлээ.

    “EDEN”-г экспортод гаргахын тулд танхимаасаа дэмжлэг авна

    Улаанбаатар хотын хэрэглэгчдэд танигдаад багагүй хугацааг өнгөрүүлж буй “EDEN” брэндийг үйлдвэрлэж байгаа “Food beverage” компани 2006 онд байгуулагджээ. Европын орнуудад үйлдвэрлэгддэг хиймэл зөгийн балыг Монголдоо анх удаа үйлдвэрлэж байсан тус компани хожим байгалийн цэвэр жимсээр чанамал, өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэх болжээ. Тухайн үед зах зээлд борлуулагдаж байгаа нийт чанамлын 90 хувь нь импортын бүтээгдэхүүн байсан бол өнөөдөр тус компаниас гадна 10 гаруй компани орчин үеийн технологи ашиглан чанамал үйлдвэрлэж байна. Гуч гаруй ажилтантай тус компани өдгөө 5-6 нэр төрлийн чанамал, гурван төрлийн савлагаатай чацаргана, нэрс,  аньсны өтгөрүүлсэн шүүс зах зээлд нийлүүлж байна. Хэдийгээр байгалийн цэвэр жимсээр үйлдвэрлэж байгаа ч зарим орц найрлага, тухайлбал сахар зэрэг нь импортын бүтээгдэхүүн учраас одоохондоо цэвэр органик бүтээгдэхүүн гэсэн хаяг шошго зүүдэггүй. Гэсэн ч органикт нэлээд ойрхон бүтээгдэхүүн учраас нэмэлт орц,  сав баглаа боодлоос эхлүүлээд алхам алхмаар сайжирсаар байгаа тухайгаа тус компанийн захирал Ц.Хүрэлбаатар ярилаа.  

    МҮХАҮТ-аас зохион байгуулж байгаа арга хэмжээний талаар болон бусад мэдээ мэдээллийг тогтмол хүлээж авдаг ч зарим тал дээр дэмжлэг туслалцаа хэрэгтэй байдаг тухайгаа тэрээр мөн ярьсан. Ажлын байр барих гээд хоёр жил хөөцөлдсөн түүнийг дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагч нь ойлгож зөвлөгөө өгдөг ч Нийслэлийн мэргэжлийн хяналтаас удаа дараа дарамт, шахалт үзүүлж өнгөрсөн онд 40 гаруй хоног үйлдвэрлэлийг нь зогсоожээ. Хяналт, шалгалтын мөрөөр тавьсан шаардлага, үүргийг нь биелүүлсээр  байтал тодорхойгүй, хүнд сурталтай, дарамттай байдаг нь түүний бизнест хүндрэл учруулж байгаа аж.

    Саяхнаас “EDEN” брэнд Монгол дахь И-Март сүлжээ дэлгүүрүүдээр борлуулагдаж эхэлжээ. Цаашдаа Солонгосын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах сонирхол байгаа, хамтран ажиллах санал хүлээж авсан ч бүтээгдэхүүнээ олон улсын стандартад нийцүүлэх, технологийн хувьд зөвлөгөө тусламж хэрэгтэй байгаа тухайгаа ч мөн ярьсан юм.

    МҮХАҮТ-ын Орлогч дарга М.Сарандаваа ярихдаа МҮХАҮТ, МУИС-ийн бизнесийн сургуультай хамтран бизнесийн орчин ямар байгаа талаар судалгаа хийхэд бизнес эрхлэгчдийн зүгээс тааламжгүй орчин байна гэж үнэлсэн. Үүнд татвар болон мэргэжлийн хяналтын дарамт шахалт хамгийн их нөлөөлж байна гэж үзсэн. Бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа энэ мэт бэрхшээл, баримтуудтай бид газар дээр нь танилцаж асуудлыг нь холбогдох газруудад нь тавина. Шийдүүлэхийн төлөө явна. Манай танхим дээр мөн арбитрын болон гэрээ хэлцэл, хэрэг маргаантай холбоотой асуудлыг шийдэх Монголын Олон улсын ба Үндэсний арбитр  ажиллаж байна. Энд гишүүдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Мөн тус компанийн хүсэлтээр Германы ахмад экспертүүдийн холбоогоор дамжуулан олон жилийн туршлагатай технологич, экспертүүдийг урьж гадаадын тэр дундаа Европын технологи стандарт шаардлагуудыг хангах  тал дээр зөвлөгөө тусламж үзүүлж болохыг хэллээ.

    Туршлагатай ажилтныг мэргэжлийн үнэмлэхтэй болгоход анхаарах хэрэгтэй

    Ахуй үйлчилгээний салбарт олон жил ажилласан туршлагатай Д.Хэнмэдэх 2004 оноос компани байгуулан хувиараа гутал үйлдвэрлэж эхэлжээ. Өдгөө түүний байгуулсан “ХМЧ” компани үндсэн ес, гэрээт есөн ажилтантай болжээ. Өдөртөө 30-35 хос гутал, жилдээ 10 гаруй мянган хос гутал үйлдвэрлэж түүнийгээ Хархорин зах дээр борлуулдаг байна. Анх 25-30 насны мэргэжилгүй залуусыг сургаж  авсан бөгөөд зарим нь сайн сурч аваад өөр газруудад ажиллахаар явдаг ч ихэнхдээ буцаж ирдэг аж. Өглөөний найман цагаас оройн найм хүртэл ачаалал ихтэй , намар өвлийн цагтаа түүнээс ч олон цагаар ажилладаг ажилтнууддаа өдрийн хоёр хоол, 1,5-2 сая төгрөгийн цалин өгдөг бөгөөд одоо эднийгээ харихдаа халуун  усанд орчихдог, дулаахан цэвэрхэн ажлын байртай болгохоор зорьж байна гэж ярилаа.

    Танхимын гишүүн болсноосоо хойш хэд хэдэн удаа үзэсгэлэнд оролцсон бөгөөд ялангуяа БНХАУ-д хавар зохион байгуулдаг үзэсгэлэнгүүдэд оролцох хүсэлтэй байгаа юм байна. Мөн тус компанийн захирал Д.Хэнмэдэх ажилтнуудаа МҮХАҮТ-аас явуулж байгаа сургалтууд, МСҮТ-д сургаж мэргэжлийн үнэмлэх гэрчилгээтэй болгохыг хүсч байгаа юм байна. Ихэнх жижиг үйлдвэрүүдэд тулгарч байгаа бэрхшээл болох зардал гаргаад ажилтан сургадаг, түүнийгээ хэсэг хугацааны дараа том үйлдвэрт эсвэл хувиараа бизнес хийхээр явах зэргээр алдчихдаг байдлыг шийдэх, МСҮТ төгсөж байгаа хүүхдүүдийг жижиг үйлдвэрүүдэд ажиллах хүсэл эрмэлзэлтэй болгох тал дээр анхаарах шаардлагатай гэж бодож явдгаа хэллээ.

    Экспорт хийхийн тулд эхлээд суралцах хэрэгтэй 

    МҮХАҮТ-ын төлөөллийн очсон дараагийн компани бол  “Welldress” ХХК. Турк, БНСУ, БНХАУ-аас даавуу импортолж гоёлын болон өдөр тутамд өмсөх пальто, ажлын хувцас үйлдвэрлэдэг тус компани мөн л арав гаруй жилийн өмнө байгуулагдсан ч өөрсдийн ажлын байртай болж чадаагүй байна. Өнгөрсөн жил үйлдвэрийн байр барихаар газар авч суурийг нь цутгажээ. Компанийн ирээдүйн зорилго нь гадаадын тэр дундаа ОХУ-ын зах зээлд гарах учраас компанийн зардлаар таван ажилтныг МҮХАҮТ-ын дэргэдэх гадаад худалдааны академид сургаж байгаа юм байна. Тус компанийн хувьд ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас зээл авсан нь маргаан дагуулж байгаа тул энэ асуудлаар МҮХАҮТ-ын дэргэдэх Олон улсын ба Үндэсний арбитраас зөвлөгөө, тусламж авах,  “Business breakfast” уулзалтад салбарын сайд оролцвол биечлэн уулзах хүсэлтэй байгаагаа хэллээ.  “Welldress”  компанийн захирал    П.Ганбаатартай  хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг “Монгол брэнд” булангаас уншаарай.

    Latest 150
    Latest 150