(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Цар тахлын эрсдэлийг амжилттай даван туулах туршлага, хүний нөөцийн оновчтой менежментээ хуваалцлаа

2022/01/19 0

МҮХАҮТ-аас "Компаниуд цар тахлын эрсдэлийг амжилттай даван туулах туршлага, хүний нөөцийн оновчтой менежмент" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Уулзалтад танхим болон цахимаар 130 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

МҮХАҮТ-ын Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Долгормаа арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Байгууллагууд дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний нөлөөллийг удирдах сорилтуудтай нүүр тулан ажиллаж байна. Байгууллагын байршил, үйл ажиллагаа явуулж буй салбарын онцлогоос хамаарч харилцан адилгүй нөхцөл байдал үүсэж байгаа ч богино хугацаанд менежментийн зөв бодлого, ухаалаг алхмуудыг хэрэгжүүлсээр байна. Бизнесийн байгууллагууд хүний нөөцийн удирдлагын чиглэлээр ажилтнуудын эрүүл мэнд, бизнесийн тогтвортой байдлыг нэн тэргүүнд хангаж ажилласан” гэдгийг онцлов.

АПУ ХК-ийн Захиргаа, Хүний нөөц эрхэлсэн захирал Ж.Ичинхорлоо “Хүнсний үйлдвэрт цар тахлын давлагааг амжилттай даван туулсан арга туршлага”, Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төвийн Судалгаа, хөгжлийн багш Ц.Жавзандулам “Цар тахлын дараах зочлох үйлчилгээний салбарын чиг хандлага”, Скайхайпермаркет ХХК-ийн Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Б.Саруул, ХААН банкны Хүний нөөц хариуцсан дэд захирал Ш.Ганбямба “Үйлчилгээний байгууллагад цар тахлын давалгааг амжилттай даван туулсан арга туршлага”, Чонос ЖиЖи Мед ХХК-ийн захирал Б.Энхжин “Байгууллага доторх халдвар хамгааллыг амжилттай хэрэгжүүлэх зарим боломжууд”, Эйч Ар клубийн тэргүүн, Эйч Ар консалтинг фирм ХХК-ийн захирал Ш.Баярмагнай “Цар тахлын үеийн хүний нөөцийн менежмент”-ийн талаар танилцуулга, мэдээлэл хийв.  

АПУ ХК нийт ажилтнууддаа дархлаа дэмжих багц, эмэн бүтээгдэхүүн олгосон, ковидын үеийн үйл ажиллагааны дүрмийг боловсруулж, нөхцөл байдалд дасан зохицож ажиллах, орон тоо цомхтгохгүй байх бодлогыг баримталж ажилласан төдийгүй цар тахлын үед ажилчдыг гэрээс ажиллуулж, ажилчдын автобусыг нэвтрүүлжээ.

Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгюжлийн төвийн Судалгаа, хөгжлийн багш Ц.Жавзандулам бид шинэ хэвийн байдалд дасан зохицож, технологийг шийдэл, дижитал шилжилтийг амжилттай нэвтрүүлж байна гэдгийг тодотгосон бол Emart ажилтнуудаа долоо хоног бүр ковидын түргэвчилсэн шинжилгээнд хамруулж ирснээс гадна ээлж хооронд уулзуулахгүй, нягтралыг бууруулж ажиллуулжээ. Мөн түрээсийн талбайн хөнгөлөлт үзүүлж, цахим худалдааны системийг хөгжүүлсэн байна.

ХААН Банк 2015 оноос хойш цахим системийг хөгжүүлж өнгөрсөн онд дижитал банк буюу бүрэн цахимжсан банк болж чаджээ. Зайнаас ажиллах зохицуулалтыг хийж, цахим сургалтын платформыг хөгжүүлж 156 цахим сургалт явуулжээ. 

Бизнесийн байгууллагууд цар тахлын үед хүний нөөцийн ямар менежмент хэрэгжүүлсэн талаарх мэдээллээ харилцан солилцож, сайн туршлагаасаа хуваалцлаа.ю