• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ ШИНЭЭР ЭЛССЭН ГИШҮҮДИЙНХЭЭ САНАЛЫГ СОНСОВ
    03/23/2018

    - Асуудлаа шийдвэрлэхийн тулд дуу хоолойгоо нэгтгэх нь чухал -

    МҮХАҮТ-аас үйлчилгээний талаар мэдээллийг хүргэх, шинээр элссэн аж ахуй нэгжийн санал хүсэлтийг сонсох зорилготой ээлжит аяллынхаа хүрээнд “Лего” брэндийн хүүхдийн тоглоом, “Кастрол” тос, тосолгооны материалын албан ёсны дистрибютор  Брикланд ХХК болон тээвэр зуучлалын “Конфрейт” компанид зочлов.

    Эхний аялсан Брикланд ХХК нь 2008 онд “Лего” брэндийн хүүхдийн тоглоомын албан ёсны гэрээт борлуулагч болж,  “Брикхаус-1” дэлгүүрийг байгуулж 4 ажилтны бүрэлдэхүүнтэй бизнесээ эхлүүлсэн. 2010 оноос “Кастрол” брэндийг оруулж ирэн үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

    Уулзалтын эхэнд тус компанийн захирал Ч.Батхүү бараа бүтээгдэхүүний импорт, зах зээлээ хамгаалах талаар үйлчилгээ авах, лицензийн асуудлаар зөвлөгөө, мэдээлэл авах зорилгоор МҮХАҮТ-д элссэнээ дуулгалаа. Компанийн үйл ажиллагаа өргөжихийн хэрээр зөвхөн сургалт, зөвлөгөө, хуралд оролцохоос гадна танхимаас үзүүлдэг бусад үйлчилгээг авах сонирхолтой байгаа илэрхийлэв.

    Тус компанийн хувьд албан ёсны борлуулах эрхгүй компаниуд ижил нэр төрлийн бараа оруулж ирж, татвараас зайлсхийн зах зээлийг нь эзэлж, үнэ унагаж байгаа нь хамгийн их бэрхшээл учруулж байгаа аж.

    Иймд албан ёсны импортлох эрхтэй компаниудад ямар нэг байдлаар давуу байдал олгох зохицуулалт шаардлагатайг уламжиллаа. Мөн татварын орчныг илүү нээлттэй, ил тод байлгахыг хүссэн юм. Харин МҮХАҮТ-ын зүгээс тэдэнд ижил төстэй бизнес эрхэлдэг бусад компани болон гуравдагч этгээдүүдийг оролцуулан нэгдмэл зорилго бүхий холбоог байгуулж, эрх ашгийнхаа төлөө ажиллаж болохыг зөвлөлөө.

    Энэ асуудал нь зөвхөн тоглоом, тос тосолгооны материал импортлогч аж ахуй нэгжүүдэд тулгардаг асуудал биш ихэнх импортлогч, ялангуяа барилгын салбарын импортлогчдод тулгардаг нийтлэг бэрхшээл. Тиймээс энэ мэт асуудлыг шийдвэрлэх үүднээс МҮХАҮТ-аас төрөл бүрийн арга хэмжээ зохиодог, түүний дотор бизнес эрхлэгчдэд санал бодлоо солилцох талбар болдог B2B уулзалтыг зохион байгуулдаг тухайгаа МҮХАҮТ-ын Гадаад Харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнх-Оргил мэдээллээ.

    Тэрбээр Танхимын гишүүн аж ахуй нэгж, компаниуд тулгарч буй бэрхшээлээ МҮХАҮТ-д уламжлан асуудлыг шийдвэрлүүлэхэд тусламж хүсэх эрхтэй гэдгийг дахин сануулав.
    Одоогоор МҮХАҮТ-аас гишүүн ААН-үүдэд 74 төрлийн үйлчилгээ санал болгож байгаа ажээ.

    МҮХАҮТ-ын төлөөллийн дараагийн ажилсан ажилсан газар Конфрейт тээвэр зуучлалын компани байв. Тус компани нь 2014 оноос үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж өнөөгийн байдлаар Монголдоо ложистикийн салбарт тэргүүлэх компани болон өргөжжээ. “Бид үндэстэн хооронд явуулж буй өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа, туршлагадаа тулгуурлан тээвэр зуучлал дахь таны ямар ч шаардлагыг хангахуйц шийдлийг гаргаж хэрэгжүүлдэг” гэж тус компанийн захирал Ж.Ганзориг ярилаа.

    Тэрбээр МҮХАҮТ-аас зохион байгуулдаг CEO сургалтад хамрагдаж байснаа ярьж цаашид илүү их мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Түүнчлэн МҮХАҮТ-аас гишүүддээ чиглэсэн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид хууль эрх зүйн үйлчилгээ, хүний нөөцийг чадавхжуулах талаар сургалт, зөвлөгөө авах хүсэлтэйгээ уламжиллаа.

    Одоогоор тус компани гаалийн бүрдүүлэлт, авто тээвэр, төмөр замын, далай, агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж байна. Дашрамд дурдахад долоон ажилтантай тус компани ажилтнуудынхаа тав тухыг хангах орчин үеийн шийдэл бүхий шинэлэг орчин бүрдүүлсэн нь содон байлаа.

    Сурвалжилсан Б.Хүдэр

    Latest 150
    Latest 150