• MN
  • EN
  • CN
  • RU
  • "ГУРВАН ТУЛГУУРТ ХӨГЖЛИЙН БОДЛОГО"-ЫН ХҮРЭЭНД  263 МЯНГАН АЖЛЫН БАЙР БИЙ БОЛНО
    03/29/2018

     “Монголын эдийн засгийн чуулга” уулзалтын эхний шат болох Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

    2010 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж буй хэлэлцүүлгийн эхэнд, “Гурван тулгуурт хөгжлийн бодлого, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг сэдвийг хөндсөн юм.

    Хэлэлцүүлгийн эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, Бизнес эрхлэгчид, бодлого боловсруулагчид нэг дор цуглаж, улс орны хөгжил, эдийн засгийн бодлого, үйл ажиллагааг хэлэлцдэг уламжлал тогтоод цөөнгүй жил өнгөрчээ. Засгийн газар хувийн хэвшил, ард олонтойгоо нэгэн зүгт харж, хүсэл зорилгоо нэгтгэж чадвал бид цаашид тулгарч болох ямар ч хүндрэл бэрхшээлийг амжилттай даван туулж, хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэн, ард иргэдийнхээ амьдралын  түвшнийг дээшлүүлж чадна гэдэгт итгэл төгс байна. Эдийн засаг, татварын шинэчлэл, хувьчлал, уул уурхай, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчны бохирдол, дэд бүтцийн шийдэл зэрэг асуудлыг олон талаас нь хэлэлцэж, шийдэлд хүрсэн үр дүнтэй ажил хэрэгч хэлэлцүүлэг болно гэдэгт итгэлтэй байна.

    2012-2016 онд тухайн үеийн эрх баригчдын хэрэгжүүлсэн алдаатай бодлого, гадаад зах зээлийн таагүй байдлын улмаас эдийн засгийн өсөлт ихээхэн саарсан.Үүний улмаас Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бонд, Чингис бондын эхний ээлжийн 500 сая ам.доллар, Дим сам бондын 161.7 сая ам.доллар, мөн төгрөг-юаны своп зээлийг цаг хугацаанд нь төлж барагдуулахад хүндрэл тулгараад байсан юм.

    Мөн Монгол Улсын зээлжих зэрэглэл 2014 оноос хойш тасралтгүй уруудаж, 2017 оны хоёрдугаар сард Мүүдийз агентлагийн үнэлгээгээр “Хөрөнгө оруулах боломжгүй улс” гэдэг ангилалд багтаад байсан. Ийм учраас Засгийн газар макро эдийн засгийг тогтворжуулах, төсвийн хариуцлагыг дээшлүүлэх, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхэд чиглэсэн олон талын арга хэмжээ авч хэрэгжүүллээ.

    “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг Засгийн газрын хуралдаанаар 2018 оны нэгдүгээр сард батлан хэрэгжүүлж эхлээд байна. Эдийн засгийн тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэхэд манай Засгийн газар онцгой анхааран ажиллана. Мөн эдийн засгийн хараат бус байдлыг баталгаажуулахад хүн амаа эрүүл хүнс, түлш шатахуун, эрчим хүчээр бүрэн хангаж, улс орноо гадаад өрийн дарамтаас гаргах нь нэн тэргүүний зорилт юм.

    Эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэлд өртөмтгий байдлыг бууруулахад чиглэсэн алхмыг хэрэгжүүлнэ. Үүний тулд эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгуурт эдийн засагтай болох зорилтыг хэрэгжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбар дундын уялдааг хангаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь туйлаас чухал байна. Иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр бүрэн хангаж, улмаар хөрш орнуудын эрчимтэй нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээнд нийцсэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний үйлдвэрлэлийг хөгжүүлснээр Хүнс экспортлогч улс болох зорилтыг хэрэгжүүлнэ”гэсэн юм.

    “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын хүрээнд хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд голлон анхаарах юм байна.  Улмаар хувийн хэвшлийнхнийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж, таатай ажиллах нөхцөлөөр хангах юм.

    Мөн "Гурван тулгуурт хөгжлийн бодлого" иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэх бөгөөд энэ хүрээнд 2020 он гэхэд 263 мянган ажлын байр бий болгох зорилт дэвшүүлжээ. Түүнчлэн ямар шалтгааны улмаас иргэд ядууралд өртсөнийг тогтоон ангилж, ангилал бүрд таарах ажлын байраар хангах юм байна.

    Хэлэлцүүлэг “Уул уурхай, хүнд аж үйлдвэрийн хөгжил, “Утаагүй түгжрэлгүй Улаанбаатар”, “Тогтвортой хөдөө аж ахуй, хөгжлийн гүүр”, “Хувьчлал шинэчлэл”, “Аялал жуулчлал, агаарын тээвэр”-ийн асуудлаар үргэлжлэн, санал солилцож байна.

    Latest 150
    Latest 150