• MN
  • EN
  • CN
  • RU
  • ОНЫ ОНЦЛОХ ААН - ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРЭЭР ЗОЧИЛЛОО
    04/04/2018

    МҮХАҮТ-аас Оны онцлох ААН-ээр шалгарсан компаниудын үйл ажиллагааны онцлог, ажлын амжилт, мэдлэг туршлагаас бусад гишүүн байгууллагуудад танилцуулах, сурталчлах, бизнес эрхлэгчдэд хоорондын түншлэл тогтоох зорилгоор зохион байгуулдаг “Энтрепренерийн аялал” энэ удаад Эрдэнэт хотод боллоо.

    Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ХХК, тус үйлдвэрийн ДЦС, Японы тоног төхөөрөмж, менежмент бүхий “Медипас” эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан энэхүү аялалд нийслэлээс “Гоёл кашмер”, Азийн зам ХХК, Өргөх машин ХХК, Спирит оф Натур, Цагдуултайн Ундарга ХХК, Мобиком корпораци ХХК, Тээвэр ачлал ХК, ТЭСО ХХК, Айсмарк ХХК, Милко ХХК, Жи Эн Бевережис ХХК, Жи Эн Бевережис ХХК, БЗӨБЦТС ТӨХК, Хос-бэхи ХХК, АРД ДААТГАЛ ХХЗ, Сиби Энержи Монгол Групп ХХК, MSM ХХК, Амгалан дулааны станц зэрэг ААН-ийн 30 гаруй хүн оролцов.

     

    Энэ үеэр Эрдэнэт үйлдвэр 40 жилийнхээ ойн хүрээнд Оюутолгой ХХК-тай хамтран “Нэн түрүүнд  ХАБ-хамтын оролцоо-2018” хоёр өдрийн форум  зохиож, Танхимын гишүүн компаниудын  ХАБЭА-н инженерүүдийг оролцуулсан нь уг аяллын цар хүрээ, ач холбогдлыг улам нэмэгдүүллээ.

    Аюулгүй ажиллагааг хангахгүйгээр бизнест амжилт ирэхгүй

    Гуравдугаар сарын 29-30-нд Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордонд болж өнгөрсөн “Нэн түрүүнд  ХАБ-хамтын оролцоо-2018” долоодугаар форум  нь “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэхийг  уриагаа болгосон юм. Форумаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт тулгамддаг бэрхшээл, шинэ боломж, гарц, сайн туршлагаа харилцан солилцож түгээх, Монгол Улс олон улсын  “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд нэгдэх гурван багц зорилтыг хэлэлцэхээр уул уурхайн болон бусад томоохон аж үйлдвэрийн 400 гаруй төлөөлөгчид Эрдэнэт хотноо цуглалаа.

    “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Оюутолгой” ХХК-ийн түүхэн бүтээн байгуулалт, өнөөгийн үйл ажиллагааны талаарх видео танилцуулгаар эхэлсэн тус чуулганыг нээж Эрдэнэт үйлдвэрийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар үг хэллээ. Тэрээр, хөдөлмөрийн аюулгүй байдлын сайн менежмент, оновчтой тогтолцоо, шилдэг туршлага, соёлыг бий болгохыг манай хамт олон эрмэлздэг. Үйлдвэрийн хамгийн үнэт баялаг болсон ажилтан бүрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллах нөхцөл, хүрээлэн буй байгаль орчноо хамгаалах нь бидний хамгийн том, нэн түрүүний зорилт байх болно хэмээн мэндчилгээндээ онцлов.

    “Бид хэрхэн яаж аюулгүй ажиллагаагаараа дэлхийд тэргүүлэгч болсон бэ. Хэрвээ үүнийг нэг үгэнд багтаан хэлэх ёстой бол би “Хамтдаа” гэж томьёолно. Бид нэгдмэл зорилгын төлөө хамтдаа явах аваас аюулгүй ажиллагааны бат бэх соёлыг бий болгож чадна гэдгийг Оюутолгой үлгэрлэн харуулсан. Аюулгүй ажиллагаа үйлдвэрлэл, төлөвлөгөө болон санхүүгийн гүйцэтгэлээс ч чухал. Энгийнээр хэлбэл, бидний бизнесийн аливаа зорилт гэр бүлийн аль нэгэн гишүүн ноцтой аюулд орохоос илүү үнэ цэнтэй байж болохгүй. Аюулгүй байдлыг хангахгүйгээр амжилт ирэхгүй” хэмээн ноён Армандо Торрес “Нэн түрүүнд ХАБ-хамтын оролцоо 2018” чуулганд оролцогчдод хандан хэлсэн юм.

    “Vision Zero” буюу “Ослыг тэглэх алсын хараа” гэдэг нь урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах шинэ хандлага, арга зам бөгөөд хөдөлмөрийн бүх үе шатанд хөдөлмөрийн аюулгүй байдал (Safety), Хөдөлмөрийн эрүүл мэнд (Health), Хөдөлмөрийн таатай байдал (Wellbeing) гэсэн гурван чиглэлийг нэгтгэж багтаасан ойлголт юм.

    Ослыг тэглэх алсын хараа” хөдөлгөөнд 2017 оны байдлаар  640 орчим компани, 90 гаруй улс орон нэгджээ. Энэ үеэр  MOSHPA /Монголын мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбоо / болон дотор Олон улсын Нийгмийн хамгааллын ассоциацийн  Уул уурхайн салбар хариуцсан удирдлагууд хамтын ажиллагааны гэрээнд харилцан гарын үсэг зурсан юм.

    “VISION ZERO” буюу “Ослыг тэглэх” хөдөлгөөнд Монгол Улс нэгдэх асуудлыг дэмжиж холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх талаар зөвлөгөөний эхэнд онцолж үүний хүрээнд олон асуудлыг хэлэлцсэн.  Тухайлбал, үйлдвэрийн ослыг тэглэж, мэргэжлээс шалтгаалах өвчнийг бууруулахад хувь хүний хандлага маш чухал гэдгийг хуралд оролцогчид тодотгож байсан. Хэдийгээр хөдөлмөр хамгааллын чиглэлээр олон дүрэм, журам, стандарт, хөтөлбөр бий ч үүнийг хэрэгжүүлэх ухамсар, хандлагыг өөртөө төлөвшүүлээгүй ажилтан, албан хаагч эрсдэл гаргадаг учир  “Та өөрөө өөртөө эзэн” гэсэн зарчмыг баримтлах нэн  хэрэгтэйг сануулж байлаа.

    Монгол Улсад 2016, 2017 онд тус бүр 332 удаа үйлдвэрийн осол, хурц хордлогын тохиолдол бүртгэгдсэнээс 18-55% нь уул уурхайн салбарт гарчээ. Үүний 288 буюу 86.7% нь үйлдвэрийн осол, 44 буюу 13.3% нь хурц хордлогоос үүдэлтэй аж. Ийм эрсдэл гарч буйн шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдлын стандарт мөрддөггүй, байгууллагын дотоод хяналт хангалтгүй, ХАБ нь бүтэц, орон тоогүй, эрсдэлийн үнэлгээ хийдэггүй, үзлэгийг мөрдөж ажилладаггүйтэй холбоотой байдаг байна.   

    Чуулганы төгсгөлд Монгол Улс хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах OHSAS:18001:2012 стандартаас OHSAS:45001 гэсэн стандарт руу шилжих зорилт тавьж байгааг мэдээлсэн юм.   Мөн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Орхон аймгийн орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Зарим оношийг Япон руу явуулж баталдаг

    Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутагтаа “Медипас” хэмээх орчин үеийн эмчилгээ, оношилгоо бүхий эмнэлгийг 2 жилийн өмнө байгуулж ашиглалтад оруулсан. Эдүгээ тус эмнэлэг нь дэлхийн жишигт нийцсэн сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологи болон Япон менежментээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлж байна.    

    “Медипас” эмнэлэг нь нийт 6800 кв.метр талбай бүхий 7 давхар барилга байгууламж, 200 автомашины зогсоолтой, дэлхийд тэргүүлэгч корпорациуд болох Hitachi, Sysmex, Fujinion гэх мэт фирмүүдийн өндөр хүчин чадалтай оношилгоо, шинжилгээний тоног төхөөрөмж ашиглан өдөрт 500 хүнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай аж.

    Түүнчлэн дүрс, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх, эрчимт эмчилгээний гэсэн  тасагтай, 180 гаруй ажилтантай ажээ. Богино хугацаанд олон хүнд үйлчлэх, үйлчлүүлэгчийнхээ хувийн мэдээллийг чандлан хадгалж зөвлөмж, мэдээлэл өгөх, шаардлагатай тохиолдолд Япон улс руу оношилгоо тодруулах үйлчилгээ үзүүлдэг байна.

    Эрдэнэт хотын “Медипас” эмнэлэг нь Монголд эмнэлгийн цогц үйлчилгээ үзүүлэх хотхон байгуулах хэтийн зорилттой. Өнгөрсөн хугацаанд дэд бүтэц болон инженерийн ажлаа бүрэн дуусгасан бол цаашид өвчтөн, үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн,  эрдэмтэн, профессор, зочдыг байршуулах зочид буудал барих ажээ. Байгуулагдаад хоёр жил болж байгаа “Медипас” эмнэлэг нь урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоогоо сайн хийсний дүнд ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийг 35 хувьд хүргэжээ. Монголд энэ нь дунджаар таван хувьтай л байдаг байна.
    Дашрамд дурдахад, Орхон аймаг 100 гаруй  мянган хүн амтай, 84.4 мянган га газар нутагтай юм.

    Эрүүл ажлын байр бий болгох алтан дүрмүүдийг мөрдөнө

    Аяллын төгсгөлд байгуулагдаад 40 жилийнх нь ой тохиож буй Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт зочиллоо. Биднийг очих үед үйлдвэрийн  хүдрийн ил уурхайд тэсэлгээ хийж таарсан бөгөөд энэхүү үйл явцад нэвтэрсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг танилцуулсан юм.

    Эрдэнэт үйлдвэр ХХК ирэх 15 жилд хийх  ажлын үндсэн чиглэлээ боловсруулсан бөгөөд үүний  хүрээнд техник технологийн зургаан том төслийг хэрэгжүүлэхээр тусгасныг Үйлдвэрийн Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч бөгөөд ерөнхий инженер Д.Эрдэнэцогт биднийг хүлээн авч уулзахдаа онцоллоо.

    Эрдэнэт үйлдвэр ХХК нь өнгөрсөн жилийн статистик үзүүлэлтээр Монгол Улсын аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 28 хувь, экспортын бүтээгдэхүүний 11 хувийг үйлдвэрлэжээ. Одоогийн байдлаар Эрдэнэт үйлдвэр нийтдээ 800 орчим сая тонн хүдэр олборлоод байна. Цаашид хариуцлагатай ил тод уул уурхайг хөгжүүлэх, Vision Zero буюу Ослыг тэглэх ба эрүүл байрыг бий болгох 7 алтан дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож буй аж.

    Latest 150
    Latest 150