• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бизнестэй холбоотой гэрээ хэлэлцээрт арбитр чухал үүрэгтэй
    04/05/2018

    Нью Теравокс, Монголия Кьюст, PSW компаниудаар зочлов

    МҮХАҮТ үйлчилгээнийхээ талаарх мэдээлэл хүргэх зорилгоор шинээр элсээд нэг жил болсон аж ахуй нэгж, компаниар зочилж тэдний санал хүсэлтийг сонсдог билээ. 4 дүгээр сарын 4-ний өдөр МҮХАҮТ-ын арбитр, маркетингийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг Нью Теравокс, Монголия Кьюст, PSW зэрэг компаниудаар зочиллоо.

    Эхний компани болох Нью Теравокс ХХК нь мэдээлэл технологи харилцаа холбооны тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээг хүргэх зорилготойгоор 2012 онд байгуулагдаж эдүгээ 15 ажилтантай  систем интегралчлал, програм хангамж, компьютер бизнес тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн үйлчилгээ гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэрээ хэлэлцээр байгуулах, албан бичиг баримт боловсруулах талаар зөвлөгөө авах зорилгоор МҮХАҮТ-ын гишүүн болсон гэж тус компанийн ерөнхий захирал Г.Түмэн-Ерөөлт хэлэв.

    Аж ахуй нэгж компанийн хувьд гэрээ хэлэлцээр байгуулахад мэргэжлийн зөвлөгөө зайлшгүй хэрэг болдог. Тэдгээрийн хамгийн чухал бүрдэл хэсэг бол арбитр бөгөөд бизнесийн харилцаатай холбоотой маргааныг арбитраар шийдвэрлүүлэх заалтыг гэрээнд тусгаж оруулахыг сүүлийн үед илүүд үзэх болсон. Арбитраас гадна байгалийн давагдашгүй хүчин зүйл (Force Majeure), валютын ханшийн гэнэтийн өөрчлөлтийн (Hardship) талаарх заалтыг гэрээнд тусгаж оруулах нь учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж боломжтой юм. МҮХАҮТ-ын арбитрын мэргэжилтэн Г.Чинбат холбогдох мэдээллийг өгөв.

    Дараа нь аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлдэг Монголия Кьюст  компаниар зочиллоо. Өнөө үед аялал жуулчлалын үйлчилгээнд сэтгэл ханамжийн асуудал чухлаар тавигдаж байгаа ба үйлчилгээг илүү чанартай болгох, төрөлжүүлэх, жуулчдын хамгийн ихээр сонирхдог газруудын байгаль хамгааллын асуудлыг шийдвэрлэх, түүнчлэн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар манай компани анхаарч байгаа гэж тус компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Гэрэлтөв онцоллоо. Тэрбээр МҮХАҮТ-ыг ААН, компаниудын эрх ашгийг хамгаалж, дуу хоолойг төлөөлдөг гэж ойлгож явдгаа хэлээд бизнесийнхээ үйл ажиллагааг илүү олон газар хүргэх, түгээх зорилгоор танхимын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлтэй түлхүү хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн байна.

    Монгол Улс жилдээ 1 сая жуулчин хүлээж авах зорилго тавьсан. Гэвч дотоодын жуулчдыг орхигдуулсан гэж тэрбээр хэлэв. Тиймээс дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны газруудыг илүү тав тухтай болгох, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээг төрөлжүүлэх, эдгээрийг хэрэгжүүлэх тусгай схем гаргах шаардлагатай хэмээн онцлов. Энэ тал дээр МҮХАҮТ-аас дэмжлэг авах, төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байна гэлээ.

    Гурав дахь компани болох PSW ХХК нь 2006 онд байгуулагдсан, БНСУ-аас гоо сайхны бүтээгдэхүүн импортлох, эрүүл мэндийн шалтгаанаар тус улсыг зорих иргэдэд эмнэлгийн зуучлал, визийн үйлчилгээ үзүүлдэг байна. Компанийн зүгээс МҮХАҮТ-ын зохион байгуулдаг төрөл бүрийн арга хэмжээнд оролцож байснаа дуулгаад танхимаас үзүүлдэг бусад үйлчилгээ, үйл ажиллагаанд оролцох давтамжаа сайжруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

    Сурвалжилсан: Б.Хүдэр

    Latest 150
    Latest 150