• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол-Туркийн эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд зарим саад бэрхшээлийг шийдвэрлэх шаардлагатай
    04/11/2018

     

    Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Бинали Йылдырымын Монгол Улсад дөрөвдүгээр сарын 6-7-ны өдрүүдэд хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Туркийн Гадаад Эдийн Засгийн Харилцааны Зөвлөлийн (ТГЭЗХЗ) ерөнхийлөгч Найл Олпак болон Турк-Монголын Бизнесийн Зөвлөлийн тэргүүн Чэнгиз Гүл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг БНТУ-ын Ерөнхий сайдын Монголд хийж буй айлчлалд онцгой ач холбогдол өгч байгааг дурдаад, МҮХАҮТ нь хоёр орны бизнесмен, компаниудыг холбох, Туркийн хөрөнгө оруулалтыг татах, дэвшилтэт технологийг нутагшуулах чиглэлээр ажиллаж байгааг хэлэв.

    Монгол, Турк улс түүх, соёлын эртний улбаатай бөгөөд зах зээлийн эдийн засагт шилжсэн өнөө үед Монгол Улс Турк Улстай худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломж байгаа гээд, Турк-Монголын Бизнесийн Зөвлөл байгуулагдаж идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгааг сайшаан тэмдэглэлээ. Энэхүү зөвлөлийг байгуулах үед Туркийн талаас хоёр улсын хамтарсан танхим байгуулах санал тавьж байсан бөгөөд Монголын талаас  хоёр улсын эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ түвшинд гаргах боломжтой гэж үзээд энэхүү саналыг сайшаасныг дурдав. Монгол Улс нь мал ахуй голлосон эдийн засагтай орон учир монгол малын арьс шир, ноос ноолуурын боловсруулахад Туркийн техник технологийг нутагшуулах нь хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаанд ач холбогдолтой хэмээн онцлов.

    Уулзалтын үеэр Туркийн талаас Турк-Монголын Бизнесийн Зөвлөлийн тэргүүн Чэнгиз Гүл хэлсэн үгэндээ, хоёр талын худалдааны эргэлт зорьсон хэмжээнд хараахан хүрээгүй. Тиймээс хоёр орны хооронд эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж худалдааны эргэлтийг ойрын үед 50 сая ам.долларт хүргэх зорилгоо биелүүлэх шаардлагатай гэв. Энэхүү зорилгын хүрээнд Туркийн тал Монголын мэргэжилтнүүдийг Туркийн томоохон хотуудаар танилцуулах, аж ахуйн нэгжүүдийн аялал зохион байгуулж хоёр талын бизнес уулзалт хийхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.

    Дараа нь уулзалтад оролцсон Туркийн зарим компанийн төлөөлөгчид Монгол Улсад мах махан бүтээгдэхүүн, барилга, эрчим хүч, боловсрол, хүнс, аялал жуулчлалын салбарт явуулж буй бизнесийн үйл ажиллагаагаа танилцуулж хамтран ажиллах зарим саналыг дэвшүүллээ. Тухайлбал Туркийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ахмет Ючесан монгол малын махыг импортод гаргахад хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна гэв. Тэд мөн хамтран ажиллах саналуудаа танилцуулахаас гадна Монгол Туркийн хооронд бизнесийн харилцааг өргөжүүлэхэд гааль татварын, банкны гүйлгээ, тээвэр, дэд бүтцийн салбарт саад бэрхшээл тулгарч буйг ч дурдлаа.

    Уулзалтын төгсгөлд Үндэсний хөгжлийн газрын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Л.Мөнхбат, монголын хөрөнгө оруулалтын өнөөгийн орчин болон туркийн компаниуд монголд хөрөнгө оруулах боломж сэдвээр илтгэл танилцуулав.

    Latest 150
    Latest 150