• MN
  • EN
  • CN
  • RU
  • Б.Лхагважав: Улс төрийн таатай нөхцөл бизнест тусгалаа олж байна
    04/17/2018

    Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд зохиогдсон Бизнес форумын үр дүн, 2 орны бизнес эрхлэгчдийн байгуулсан гэрээ хэлцлүүдийн талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважавын “Засгийн газрын мэдээ” сонинд өгсөн ярилцлагыг толилуулж байна. 

    АЙЛЧЛАЛААР ЭДИЙН ЗАСГИЙН ТААТАЙ КОРИДОР БИЙ БОЛСОН

    -    Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн энэ удаагийн албан айлчлалын гол үр дүнг та хэрхэн тодорхойлох вэ? Хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцаанд хэр ахиц дэвшил гарсан бэ? 

    -    БНХАУ-д хийсэн Ерөнхий сайдын айлчлал цаг хугацааны хувьд маш онцлог үед тохиож таарлаа. Учир нь, өмнөд хөрш намын их хурлаараа улс төрийн маш чухал шийдвэр гаргасан. Энэ нь төрийн тэргүүний эрх барих хугацааг хугацаагүй болгож, одоогийн удирдагч Ши Жиньпин бүх насаараа улсаа жолоодох эрхтэй болсон. Хоёрдугаарт, манай хоёр хөршид улс төрийн уур амьсгал нэлээд өөрчлөгдөж байна. Үүнээс гадна дэлхийн худалдааны дүрэм өөрчлөгдөж, уг дүрмийг зохиодог улсуудын хооронд тэмцэл ид явагдаж байна. Нэг ёсондоо, худалдааны дайн өрнөж байгаа энэ үед Ерөнхий сайдын айлчлал болж өндөрлөлөө. Урд хөршдөө хийсэн Засгийн газрын тэргүүний айлчлал улс төрийн ач холбогдолтой төдийгүй эдийн засгийн харилцаанд багагүй дэвшил авчирсан. Өөрөөр хэлбэл, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, одоогийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чиглэлээ. Энэ нь айлчлалын үр дүнг багагүй өргөж өгсөн.

    -    Хоёр орны гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны байдлаар 6.7 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

    -    Тийм ээ. Энэ хэмжээг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт хоёр улс хамтран дэвшүүллээ. Монгол Улсын нийт гадаад худалдааны 63 хувийг өмнөд хөрштэй хийж буй худалдаа эзэлдэг. 2016 онтой харьцуулахад өнгөрсөн онд хоёр орны худалдаа 30 гаруй хувиар өссөн. Ирэх жилүүдэд үүнээс илүү өсөлт хүлээгдэж байна. Хятадын дарга хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагаа энэ удаагийн айлчлалын үеэр илэрхийлсэн. Үүнийг ажил хэргийн түвшинд шилжсэн гэж ойлгож болно. Хоёр орны Засгийн газар уг зорилтыг биелүүлэхэд анхаарч ажиллах учиртай. Мэдээж 10 тэрбум ам.долларт хүргэхэд гол оролцогчид нь бизнесийн байгууллага, хувийн хэвшил байна. Улс төрийн айлчлалаас залгаад Бээжин хотод хоёр улсын бизнесийн форум болж, Монголын талаас 160 орчим компанийн 290 гаруй төлөөлөгч оролцлоо. Бизнесийн уулзалт өндөр хэмжээнд болсон. Улс төрийн нааштай гарсан үр дүнг шууд хэрэгжүүлэх бизнесийн байгууллага, түншүүд газар дээр нь хоорондоо уулзаж, гэрээ хэлцэл байгуулж, хамтын ажиллагаагаа шат шатаар ахиуллаа. Өөрөөр хэлбэл, улс төрийн таатай нөхцөл байдал бизнест тусгалаа олж байна. Үүнийг худалдааны эргэлт харуулах байх. Айлчлалаар эдийн засгийн таатай коридор бий болсон. Энэ коридорын хүрээнд том зорилго тавьсан.

    -    Гадаад худалдааны эргэлтийг 10 тэрбум буюу 3.3 тэрбум ам.доллараар өсгөхөд 2020 хүртэлх хугацаа хангалттай юу. Цаг хугацаа маш шахуу харагдаж байна? 

    -    Энэ зорилтыг бодит ажил болгох гэж хоёр талаас 300 гаруй компанийн 600 гаруй бизнесийн төлөөлөл оролцсон. Бидний хийх ажил маш тодорхой. Худалдааны эргэлтээ 3.3 тэрбумаар ахиулахын төлөө бизнес эрхлэгчид ажиллана. Үүнийг гардан хийхийн тулд 4.6 тэрбум ам.долларын 36 гэрээ, хэлцэл айлчлалын үеэр байгуулсан. Хамгийн өндөр дүнтэй нь нийслэл хотын нэн тулгамдсан асуудал болсон төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэл. Эдийн засгийн зарчим талаас бодит гэрээ, хэлцэл түлхүү байлаа. Үүнийг улс төрийн хувьд бататгасан тоо нь Хятадын даргатай Ерөнхий сайдын хийсэн худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэх том зорилго байсан. Хоёр улсын хувьд эдийн засгийн одоогийн харилцаагаа улам гүнзгийрүүлэх нөөц боломж байна. Экспортын барааны нэр төрлийг олшруулах, Хятадад нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай, органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд давуу тал бидэнд байгаа. Худалдааны эргэлтийг бодитой нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэх салбар бол уул уурхайн экспорт. Тэгвэл экспортыг гацааж байгаа нь боомт. Тэнд байгаа гарцын асуудлыг шийдэх гэж Ерөнхий сайд Хятадад хийсэн айлчлалаа өндөрлөж, Гашуунсухайтын боомтоос дотоод айлчлалаа эхлүүлсэн. Уул уурхайн бүсэд төмөр зам яах аргагүй хэрэгтэй. Өмнөд бүсэд төмөр замаас гадна цахилгаан эрчим хүч, баяжуулах үйлдвэр шаардлагатай. Нүүрсээ баяжуулж, нэмүү өртөг шингээх хэрэгтэй байна.

    БУСДЫН БИЗНЕС РҮҮ ТӨРИЙН СИСТЕМИЙГ АШИГЛАЖ ДАЙРДАГ ҮЗЭГДЭЛ ИХ БАЙНА

    -    Хятадын талаас Монголын бизнесийн байгууллагуудтай аль салбарт хамтран ажиллах сонирхол илүү давамгайлж байна вэ?

    -    Зөвхөн уул уурхай гэлтгүй бусад салбарт хөрөнгө оруулалт татах боломж байна. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүч болон аялал жуулчлал, худалдаа, барилга, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хамтарч ажиллах сонирхол их байгааг энэ удаагийн айлчлалын үеэр байгуулсан гэрээ, хэлцэл, санамж бичгээс харж болно. Харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхэд Хятадын тал бэлэн байна. Ийм хандлага, уур амьсгал бизнес уулзалтын үеэр ч мэдрэгдэж байсан.

    -    Сая байгуулсан гэрээ, хэлцэл, санамж бичиг цаашид хэрхэн ажил хэрэг болсныг яаж мэдэж болох вэ?

    -    Үүнийг Засгийн газрын түвшинд хүртэл анхаарч, хяналт тавьж ажиллана гэдгээ Ерөнхий сайд бизнес эрхлэгч нартай уулзах үедээ ч онцолж хэлсэн. Ярилцлагын эхэнд дурдсанаар, бодитой ажил болох гэрээ, хэлцэл гэж харж байгаа. Тиймээс хоосон яриа болоод өнгөрөхгүй. Энэ бол хоёр орны түвшинд, багагүй цаг хугацаа туулсан, судалгаа, тооцоолол нь нарийн тодорхой болсон, одоо бүтээн байгуулалт нь эхлэх ажил. Тиймээс үүнд санаа зовохгүй байна. Гол нь бизнесийн орчин тогтворжиж, эдийн засаг сэргэж буй таатай энэхүү агшныг хувийн хэвшил ашиглах боломжийг улстөрчид олгох хэрэгтэй байна.

    -    Айлчлалын үеэр байгуулсан хэлцэл, гэрээнээс аль компанийг та онцлох вэ? Эрчим хүчний үйлдвэрлэлийн салбарт хамтрах сонирхол Хятадын талд байна гэдгийг та хэллээ? 

    -    “Шинэ Азиа” групп Завхан аймгийн Тэлмэн суманд 100 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэхээр болсон. Ирэх сарын дундуур тус компани төслийн нээлтээ хийхээр төлөвлөж байна. Төслийн бүтээн байгуулалт эхэлсэн өдрөөс хойш 19 сарын дараа цахилгаанаа өгч эхэлнэ. Нэг ёсондоо 2019 оны эхээр эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглалтад орно гэсэн үг. Энэ төсөл гэнэт гарч ирээгүй. Найман жилийг туулж байж өнөөдөр бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр болж байна. Компанийн хувьд найман жил гэдэг маш урт хугацаа. Том төсөл дагасан улс төрийн эрсдэл их байдаг. Энэ болгоныг давж гарна гэдэг амаргүй. Компанийн зүгээс надад зөвшөөрөл өгсөн учраас уг төслийн талаар ярьж байна. Яагаад гэвэл, бизнесийнхэн яваад хөрөнгө оруулалт татаж, гэрээ, хэлцэл байгуулаад ирэхээр үүнийг булааж авдаг, дайрдаг байдал манайд хавтгайрлаа. Энэ байдлаас болж төслөө алдсан компани, аж ахуйн нэгж олон байна. Хийгдсэн гэрээнийхээ аюулгүй байдлыг хамгаална гэдэг аль ч компанийн хувьд үндсэн чухал асуудал болчихоод байгаа. Бусдын бизнес рүү төрийн системийг ашиглаж булааж авдаг үзэгдэл сүүлийн үед их гарч байна. 

    -    БНХАУ-тай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаар хөндсөн үү? 

    -    Манай улсын хувьд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан гүнзгийрүүлэх, дипломат харилцааныхаа дээд шатанд шилжих бодлого баримталж байна. Харин Хятадын талаас эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах талаар байнга хандаж байгаа. Юуны өмнө гадаад худалдааны эргэлтээ нэмэгдүүлэх нь чухал байна. Мөн худалдааны бодлогоо цэгцлэх цаг болсон. Үнийн бодлого их тодорхой байх хэрэгтэй.

    -    Хоёр улсын бизнесийн түншлэл хэр зузаарч байна вэ? Эргээд харахад, аль салбарт хамтын ажиллагаа гүнзгийрсэн бэ?

    -    Худалдааны эргэлтээ харахад, 63 хувь нь БНХАУ-д ногдож байгаа. Тоон дүнгээр бол өндөр. Монголоос гарч байгаа экспорт гэвэл хэдхэн нэр төрлийн байгалийн эрдэс баялаг л байна. Дараагийн түүхий эд нь мал аж ахуй, газар тариалангийн салбарт хамаарна. Засгийн газрын дэвшүүлж буй гурван тулгуурт бодлогын нэг нь эрүүл хүнс. Шар дагаж бяруу хоолонд хүрнэ гэдэг шиг том төслүүд дагаж дараагийн бизнесүүд цэцэглэдэг. Үүний сонгодог жишээ гэвэл эрчим хүчний салбарт шинэ төсөл эхлүүлж буй “Шинэ Азиа” групп гэхэд мөн энэ айлчлалын үеэр Тэлмэнгийн дулааны цахилгаан станцыг түшиглэн баригдах хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийн 200 сая ам.доллартай тэнцэх төслийн гэрээнд гарын үсэг зурсан. Хятадын компаниуд бусдад хөрөнгө оруулалт хийх хэмжээнд ирсэн байна. Үүнийгээ дагаад компанийн өөрчлөлт эрчимтэй өрнөж байна. Нийгмийн хариуцлагыг эхэнд тавьж, компанийн засаглалд илүү анхаардаг болсон нь ажиглагдлаа. Тэдний зүгээс нэг л шаардлага тавьж байна. Тэр нь танай компаниуд засаглалаа сайжруулж, олон улсын зиндаанд хүрэх шаардлагатай гэж. Мөн төр нь бизнест хэт хутгалдах, бүх ажлыг хийнэ гээд байвал эргээд хувийн хэвшил тэлэх боломжийг боомилдог гэдгийг ч сануулж байсан. Онцолж хэлэхэд, манай бизнес эрхлэгчид маш мэдрэмжтэй болсон байна. Хоёр орны бизнесийн орчинд таатай уур амьсгал бүрдсэн. Үүнийг хувийн хэвшил үр дүнтэй ашиглах нь чухал.

    Latest 150
    Latest 150