• MN
  • EN
  • CN
  • RU
  • Вакцинаа монголдоо үйлдвэрлэнэ
    04/24/2018

    Хувийн хэвшлийнхний санал санаачилгыг Төрийн бодлого боловсруулагчдад хүргэх, оролцоог хангах зорилгоор зохион байгуулагддаг “Business breakfast” өглөөний уулзалтын энэ удаагийн зочноор Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Б.Батзориг оролцлоо.

    Уулзалтад ХХААХҮЯ-ны мэргэжилтнүүд болон 80 гаруй бизнес эрхлэгчид оролцон, хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж байгаа асуудлаар санал бодлоо хуваалцав.

    ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Манай салбарт хувьсгал хэрэгтэй, хөгжлийн хувьсгал гээд, салбартаа шинээр батлуулан хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн талаар онцлов. Тэрээр, Монгол Улс малын ерөнхий эмчтэй болно. Мал эмнэлгийн ерөнхий газартай болсноор экспортоор гаргаж байгаа бүх бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн ерөнхий газар хянах юм. Ингэснээр бүтээгдэхүүний чанар сайжирч, хяналт нэмэгдэнэ.

    Малын өвчингүй, эрүүл байдлыг хангах, аюулгүй хүнсээр ард иргэдээ хангах, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад чиглэгдэнэ. Малын эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд вакцинаа монголд үйлдвэрлэх зорилт тавиад байгаа. Хэрвээ хөрөнгө мөнгө боломжгүй байдал үүсвэл зөвхөн ОХУ-аас вакцин авах болно. Энэ нь эргээд хариуцлага тооцоход ч амар” гэв.

    Тус яамнаас Үйлдвэржилт 21:100 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр арьс шир, ноос ноолуур, мах, сүү, талх, нарийн боов, жимс, жимсгэнэ гээд хөдөө аж ахуйд суурилсан боловсруулах үйлдвэрийг 21 аймагт ашиглалтад оруулна. Аймаг бүрийн онцлог тохирсон үйлдвэртэй болох аж.

    Манай улсын малын тоо 66, 2 саяд толгойд хүрсэн бөгөөд энэ жил 22 сая толгой төл хүлээж авна. Үүнээс гарах түүхий эд, бүтээгдэхүүнээ чанаржуулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортод гаргахаар төлөвлөөд байна.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав: Бид өнөөдөр малчдадаа анхаарах ёстой. Хоршооллыг дахин байгуулах шаардлагатай. Гэхдээ өмнө нь байгуулагдаж байсан хоршоодын гашуун дутагдлыг давтахгүй байх ёстой. Иргэд хөдөлмөр, өмчөөр нэгдэн, хоршоогоор дамжуулан малын түүхий эдээ авдаг байх хэрэгтэй. Хоршооноос бусад хэлбэрийг Зүүн  Европ хориглодог. Энэ хэлбэр руу орох ёстой.
    Хэдэн дарга, сайд нарыг харах биш, танхим, хоршоолол дээрээ бодлогоо хамтдаа хийж, асуудлаа шийдэх хэрэгтэй байгаа юм. Хамтрахгүй ганц нэгээрээ үйл ажиллагаа явуулснаар бид түүхий эдээ бусдад алдах магадлал их байгаа” гэв.

    ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Хүнс хөдөө аж ахуйн салбар бол Монгол Улсад хамгийн их ажлын байр, иргэдийг орлоготой болгодог салбар. Энэ уулзалтаар хөдөө аж ахуйн түүхий эд, бүтээгдэхүүнээ хэрхэн экспортлох, ямар шийдвэр бодлого хэрэгтэй байгаа, алдаа оноогоо дүгнэн ярилцлаа. Энэ салбарт хөрөнгө оруулалт хэрэгтэй байгааг бизнесийнхэн хэлж байна. Тухайлбал, хөнгөлөлтэй зээл, зээлийн хүүг нэг оронтой тоо руу оруулах, жижиг дунд үйлдвэрлэгчдэд олгож байгаа зээлийн хэмжээг нэмэх шаардлагатай байгаа талаар нэлээд  саналууд ирсэн” гэлээ.

    Latest 150
    Latest 150