• MN
  • EN
  • CN
  • RU
  • Ажилтнуудаа гэрээсээ ажиллах боломж бүрдүүлжээ
    05/02/2018

    МҮХАҮТ-аас “2017 оны Ази номхон далайн орнуудын худалдаа аж үйлдвэрийн танхимуудын нэгдсэн холбооны алтан цом-ыг хүртсэн “ITZONE” ХХК-ын үйл ажиллагаа, ажлын туршлагатай танилцах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа тэргүүтэй холбогдох мэргэжилтнүүд,  Танхимын гишүүн 10 гаруй компанийн төлөөлөл оролцлоо.

    Уулзалтын эхэнд, “ITZONE” ХХК-ийн дэд захирал А.Адъяа системийн интеграцчлал сэдвийн хүрээнд барилгын автоматжуулалт, дата төв, серверийн өрөөний шийдлүүд, гэрийн автоматжуулалтын систем, хяналтын камерын шийдэл, галын дохиоллын систем, ханын дэлгэцэн системүүдийн талаар танилцуулан, гүйцэтгэсэн ажлуудаас сонирхуулав.  

    Тухайлбал, Интермед эмнэлэгт барилгын нэгдсэн удирдлагын иж бүрэн систем нэвтрүүлсэн Монголын анхны эмнэлэг бөгөөд тус барилгад сувилагч дуудлагын, хулгайг илрүүлэх, хаалганы нэвтрэх хяналтын болон кабелын, дохиолол, хөргөлт, агааржуулалт зэрэг үндсэн 8 систем суурилуулж, төвлөрсөн удирдлага хяналттай болгожээ.

     “Digital works” ХХК-ийн дэд захирал А.Ганбаатар ERP системийн хүрээнд “Green HRM” хүний нөөцийн системийг онцлон танилцуулж, бизнесийн төлөөллийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.  

    Тэрбээр, бид “Green HRM” системээрээ “Үр ашигтай хүний нөөцийн менежмент, урам зоригтой ажилтан, өндөр бүтээмжтэй хүний нөөцийн алба”-ыг бүрдүүлэхийг үндсэн зорилгоо болгож, гадаадын олон арван шилдэг ERP систем, монголын томоохон компаниудын хүний нөөцийн бодлого, төлөвлөлт, хөдөлмөрийн харилцааны холбогдох хууль, тогтоомж зэргийг 2 жилийн турш судалж, системийнхээ үндсэн архитектурыг боловсруулсан” гэлээ.

    Тус компани энэ оноос ажилтнуудаа зайнаас ажиллуулах туршилтыг эхлүүлээд байгаа юм. Эхний ээлжид борлуулалтын 10 орчим ажилтандаа гэрээсээ ажиллах боломж олгожээ.

    Мөн хөдөлмөрийн гэрээгээр өмчлөхгүй ажлын цагийн уян хатан системийг нэвтрүүлсэн байна. Ажлын цагийг өөрийн онцлогт тохируулан зохицуулах, залуу гэр бүлүүдэд хувийн амьдралаа амжуулах, хүүхдээ цэцэрлэгт хүргэх, илүү бүтээмжтэй цагтаа ажиллах боломж бүрдүүлжээ.  Ингэснээр  ажилчид сэтгэл ханамжтай ажиллахаас гадна хоцролт стрессийг бууруулна гэж үзсэн байна.  

    “ITZONE” ХХК-ийн дэд захирал А.Адъяа “Нийгмийн хариуцлага гэдэг бол маш чухал сэдэв. Хэдхэн жилийн өмнө бизнесийн зорилгыг эдийн засгийн онолд ашигтай ажиллах гэж байсан. Харин 21-р зууны эдийн засгийн ойлголт бол дан ашиг олохоос гадна тухайн компани тухайн нийгэмдээ бусад харилцаж байгаа хүмүүстэйгээ эрүүл зөв харилцаатай байх тухайд анхаарч байна. Энэ бол нийгмийн хариуцлага юм. Байгууллагын зүгээс ганц нэг тусламж хандив өгөөд нийгмийн хариуцлагын асуудлаа шийдчихгүй л дээ. Хамгийн гол нь тухайн компанийн хүн нэг бүр тухайн амьдарч буй нийгэмдээ хариуцлагатай байх нь нийгмийн хариуцлагатай компани байх үндсэн ойлголт юм. Манай байгууллагын хувьд нийгмийн хариуцлагын хамрах хүрээгээ боловсролын салбарт чиглүүлдэг. Тиймдээ ч боловсролын салбарт хэд хэдэн програм хангамж, системүүдийг бүтээн хөгжүүлсэн” гэв.

    Latest 150
    Latest 150