• MN
  • EN
  • CN
  • RU
  • М.Оюунчимэг: ТАНХИМ ГЭДЭГ НЭР НЬ ӨӨРӨӨ БРЭНД
    05/04/2018

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны айлчлалын хүрээнд БНХАУ-д зохиогдсон Монгол-Хятадын бизнес форум, мөн энэ үеэр Бээжин, Тьянжин хотноо болсон “Бүс ба Зам” Худалдаа, хөрөнгө оруулалтын Форумын талаар МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.

    - Ерөнхий сайдын айлчлалын үеэр Хятадын талтай нийт 36 гэрээнд гарын үсэг зурсан. Тэдгээрийн хэд нь хувийн хэвшлийнхтэй холбогдож байна вэ? Нийтлэг дүр зургаар харахад хятадын тал манай аль салбарыг түлхүү сонирхож байна вэ?
    - МҮХАҮТ-аас Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороотой хамтран 4 дүгээр сарын 11-нд Монгол-Хятадын бизнес форумыг Бээжин хотноо Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд амжилттай зохион байгууллаа. Нийт 36 гэрээ байгуулагдсанаас 26 нь хувийн хэвшилтэй холбоотой, 4,6 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээ юм. Салбараар нь авч үзвэл дэд бүтэц, тэр дундаа уул уурхай, эрчим хүч, барилга, тээвэр логистикийн чиглэлд түлхүү хэрэгжинэ. Эдгээр нь гэнэт нэг өдөр очоод зурагдсан юм биш, бид нэлээд удаан хугацаад ярьж, судалж, харилцан итгэлцэл бий болсны дараа Ерөнхий сайдын айлчлалын үеэр баталгаажиж байгаа хэрэг л дээ. Ерөнхийдөө Хятадын Засгийн газраас дэвшүүлж байгаа “Хамтдаа хөгжье” гэдэг уриа нь зөвхөн хөрш зэргэлдээ улсуудын хувьд биш дэлхий даяар хамтдаа хөгжих, зэрэгцэн урагшлах, хамтарч ажиллах агуулгыг илэрхийлж байгаа нь айлчлалын үеэр харагдсан. Саяын арга хэмжээгээр манай бизнес эрхлэгчид Хятадын худалдааг дэмжих хорооны албаны хүмүүстэй уулзан, Монголд байгаа боломжийг Хятадын  технологи, менежменттэй хослуулан хамтарч чадвал маш хурдан үр дүнд хүрнэ гэдэгт санал нэгдсэн.

    - 2017 онд хоёр улсын хооронд хийгдсэн гадаад худалдааны эргэлт 36 хувийн өсөлттэй гарсан. Энэ дүнг харахаар манай талд голдуу импорт зонхилж байна. Бид ер нь хэзээ үйлдвэрлэгч болох вэ? Таны санал бодлыг сонсъё?
    - Бид боломжоо зөв үнэлж, сул талаа ч зөв хүлээн зөвшөөрөх ёстой. Манай улсад давуу тал их байгаа. Байгалийн гаралтай органик бүтээгдэхүүн нь бий, нөөц нь бий. Статистикаас харахад уул уурхайн бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь зөвхөн Хятад руу экспортлогддог. Уг нь бол газар тариалан, мал аж ахуйн түүхий эдээ боловсруулан гаргах боломж өргөн байгаа. Гол нь технологи, Ноу- Хау, олон улсын шилдэг менежментийн арга барилыг нутагшуулахад л удаашраад байна. Хятадын компаниуд ч органик бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд өндөр үнэтэй гаргавал ашиг олох боломж бий гэдгийг уулзалтын үеэр хэлж байсан. Аливаа бизнес харилцан ашигтай нөхцөлд тулгуурладаг. Бид гэрээ хэлцлүүдийг маш нухацтай хийх хэрэгтэй. Нэмж хэлэхэд, худалдааны эргэлт өнөөдрийн байдлаар 6,6 тэрбум ам.доллар байгааг 2020 он гэхэд 10 тэрбум ам.доллар болгох талаар ярьж байна. Үүнд шаардагдах нөхцөлүүдийг бүрдүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй. Худалдаанд тарифын болон тарифын бус саад тотгор багагүй байна. Экспортын бараанд бид уламжлал болсон хэдийгээ л ярьдаг. Зүй нь нэр төрлөө өргөжүүлж, урд хөршийн өргөн хэрэглээний сонирхлыг харгалзах ёстой. Гэхдээ бид бүтээгдэхүүндээ дэлхийн стандартад нийцсэн өрсөлдөх чадварыг бий болгох нь чухал. Үүнд лабораторийн асуудал ч хөндөгдөнө. Лабораторийн асуудлыг хурдан шийдвэрлэхгүй бол бид зөвхөн Монголынхоо гарал үүслийг тодорхойлохоос биш, энэ нь олон улсын жишигт хүрсэн, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн юмаа гэдгийг олон улсад нотолж чадахгүй байсаар байна.

    - Албан ёсны хэлэлцээрийн дараа чөлөөт ярилцлага хийдэг. Бизнес форумаас хамгийн түрүүнд хүлээж авах санал, шүүмж, цаашдын чиглэл юу вэ?
    - Бизнес эрхлэгчдийн төсөл, санаа оноог бусад орнуудын зах зээлд хүргэх нь Танхимын үндсэн үүргүүдийн нэг. Бид Хятадын Худалдаа аж үйлдвэрийн танхим, Олон улсын худалдааг дэмжих хороотой хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талд нэлээд анхаарч ажиллаж байгаа. Ойр ойрхон бизнес эрхлэгчдийн төсөл хөтөлбөрийг танилцуулсан уулзалт ярилцлагуудыг хийнэ. Зөвхөн гэрээ байгуулсан 26 компанийн үр дүнгээс гадна нээгдээгүй байгаа боломжуудыг нээж, бизнес эрхлэгчдийг дэмжинэ.

    - Ерөнхий сайдын айлчлалын үеэр нэг том арга хэмжээ давхацсан нь Олон улсын худалдааны танхимын хурал болсон байгаа. Энэ байгууллагын талаар товч танилцуулна уу? Яг юу хийдэг вэ?
    - Айлчлалын үеэр Бээжинд болсон Олон улсын худалдааны танхим (ICC)-ын дэргэдэх Дэлхийн худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо (WCF)-ны  Ерөнхий зөвлөлийн хуралд миний бие уг зөвлөлийн гишүүний хувиар оролцлоо. Дэлхий нийтээр даяарчлагдаж байгаа энэ үед олон улсын худалдааны байгууллагууд бизнесийн үйл ажиллагаагаараа хэрхэн холбогдох, ялангуяа “Нэг бүс, нэг зам” хөтөлбөрийг торгоны зам дагуух орнуудад хэрэгжүүлэхэд Танхимуудын үүрэг оролцоо ямар байх талаар голчлон ярилцсан. Энэ холбоонд 124 орны 1126 танхим гишүүнчлэгддэг. Оролцогчид хил орчмын худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр танхим болон бизнесийн холбоодтойгоо хэрхэн хамтрах, ялангуяа хариуцлагатай бизнес, авлигын эсрэг үйл ажиллагаанд танхимуудын оролцоог нэмэгдүүлэх сэдвээр тусгай илтгэл  сонслоо. Танхим гэдэг нэр нь өөрөө брэнд. МҮХАҮТ WCF-ын гишүүний хувьд ногоон бизнесийг хөгжүүлэхэд хэрхэн оролцох, худалдааг хөнгөвчлөхөд ямар үүрэгтэй байх талаар санал бодлоо хуваалцлаа. Мөн энэ үеэр Бээжин, Тьянжинд “Бүс ба зам” Худалдаа, хөрөнгө оруулагчдын форумууд болж, Бээжинд болсон форумд улсынхаа бизнесийн орчны чиглэлээр илтгэл тавилаа.

    - Сүүлийн үед ААН-үүдийг “Глобал компакт” буюу “Даяан дэлхийн гэрээ”-нд нэгдэх нь чухал ач холбогдолтой гэж ярих боллоо. МҮХАҮТ ч өөрөө үлгэрлэж нэгдсэн байгаа. Энэ гэрээнд нэгдсэнээр бизнесүүдэд ямар ашигтай вэ?
    - НҮБ-аас санаачилсан Даян дэлхийн гэрээ нь үйл ажиллагаандаа хүний эрхийг зөрчихгүй байх, хариуцлагатай бизнес хийх, авлигын эсрэг ажиллах зэрэг 10 зарчмыг эрхэмлэдэг. ААН-үүд уг гэрээнд нэгдсэнээр жил бүр тайлангаа НҮБ-д явуулж,  тус байгууллагын вэб сайтад хариуцлагатай компанийн жагсаалтад бичигддэг. Ингэснээр тухайн компани нь итгэж болох  хариуцлагатай ААН юм гэсэн баталгааг олон улсын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад өгөх, нийгмийн хариуцлагыг нь урамшуулах ач холбогдолтой. Хоёрдугаарт, НҮБ-ын хүмүүнлэгийн үйл ажиллагааны худалдан авалт, үйлчилгээг Даяан дэлхийн гэрээнд хамрагддаг орнуудаас авах, ханган нийлүүлэгч болгох зарчим үйлчилдэг. Тэгэхээр энэхүү гэрээнд нэгдэх нь нэр төрийн ч, бизнесийн түншлэлийн ч, бас хариуцлагын ч ач холбогдолтой гэж ойлгож болно.

    Э.Адъяасүрэн

    Latest 150
    Latest 150