• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бизнес эрхлэгчдийг тендер шалгаруулалтын хуулинд саналаа өгөхийг уриаллаа
    05/04/2018

    Барилга хот байгуулалтын яамны сайд Х.Баделхан "Business breakfast" өглөөний уулзалтад оролцож бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцлоо. Уулзалтаар төр болон хувийн хэвшлийн төлөөлөл  салбарт  тулгамдаж буй асуудалд  хэрхэн хамтран ажиллах талаар ярилцав.

    Өнөөдөр барилгын салбар ДНБ-ий 3,5 хувийг үйлдвэрлэж, ажиллах хүчний 6,2 хувийг бүрдүүлж байна. Уулзалтад оролцогсод  шинээр баригдаж байгаа орон сууцны үнийг бууруулах, одоо мөрдөгдөж буй 422 норм, 498 стандартуудыг шинэчлэх, барилгын материалын 70 хувь нь импортоос, 30 хувийг дотоодоос  хангадаг тухай,  Барилга барих газар, барилгын материал болон засал чимэглэлийн  үнийн хөөргөдөл барилга орон сууцны үнэд нөлөөлдөг тухай, барилгын  материалын үйлдвэрлэл болон импортын зохистой харьцааг баримтлах, тендерийн хууль түүнийг дагалдан гардаг маргааны талаар саналаа хэлэв. Барилга хот байгуулалтын яамны сайд Х.Баделхан “ Барилга түүнтэй холбогдох харилцаа 2016 онд батлагдсан Барилгын тухай хуулиар явж байна. Хууль батлагдсаар багагүй дүрэм журам дагалдан гарсан. “Барилгын салбарын бодлогын баримт бичиг” бэлтгээд  бэлэн болж байна. Зарим зөвшөөрлүүд  хэд хэдэн газар хамаарч чирэгдэл үүсгэдэг байсан бол барилгын хөгжлийн төвд нэгтгэсэн. Цаашид бие даасан агентлаг болгох чиглэл рүү хандуулж байгаа. Зарим чиг үүргийг ТББ-д шилжүүллээ.

    Тусгай зөвшөөрөл, газрын кадастрын мэдээллийн сан, барилгын норм норматив цахимжуулсан. Манай ихэнх барилгын норм, норматив Оросынхоор явж байгаа. Стандартуудыг үе шаттайгаар шинэчилж олон улсад нийцүүлэх чиглэлээр ажиллаж байна. Ойрын хугацаанд 700 аад тэрбумаар 7000 төсөл хэрэгжинэ. Гаднын хөрөнгө оруулалтаар олон ажил хийгдэнэ. Барилгын салбар сэргэх цаг ойрхон  гэж бодож байгаа. Барилгын үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор, тендерийн хуулиар дэмжинэ. Тендер шалгаруулалт хамгийн бага үнийг сонгодог нь чанаргүй зам, барилга баригдах нөхцөл болдог. Тиймээс ямар оновчтой хувилбар байж болох вэ гэдэг дээр бизнес эрхлэгчид саналаа өгвөл сайн байна. Гаднын хөрөнгө оруулалтаар  түрээсийн орон сууцыг эргэлтэд оруулах талаар яригдаж байгаа. Орон сууцны тухай тусгайлсан хөтөлбөр, бодлого,  хууль гаргаж явахгүй бол яриад шийдчих асуудал биш” гэхчлэн ярилаа. Барилгын салбарын бизнес эрхлэгчдээс гарсан асуулт, санал шүүмжийн дэлгэрэнгүйг “Бизнес таймс” онлайн сониноос дэлгэрүүлэн уншаарай.

    Latest 150
    Latest 150