• MN
  • EN
  • CN
  • RU
  • МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН: ТОРГОХ ШИЙТГЭХЭЭС ИЛҮҮ ТУСЛАХ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХЭД АНХААРНА
    05/07/2018

    -    Бизнес эрхлэгчдийн үргэлж сонирхдог асуулт бол бид ямар орчинд бизнес эрхэлж байна, энэ орчин нь цаашид яаж өөрчлөгдөх бол, хэр тогтвортой байх вэ гэсэн асуудал юм. МҮХАҮТ-аас 2018 оныг “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих жил” болгон зарласан. Үүнд худалдааг хөнгөвчлөх, татвар, хил гаалийн дарамтыг бууруулах, бизнесийг зээлийн бодлогоор дэмжих гээд олон асуудал хамаарна. Таны хувьд, Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ямар асуудалд голчлон анхаарч, сайжруулахаар ажиллаж байна вэ?

    Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Стандарт, хэмжил зүй болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө гэсэн дөрвөн агентлаг, гурван чөлөөт бүсийн ажлын алба байдаг. Энэ ажлыг хүлээж аваад миний хэлсэн зүйл бол: төрийн албаны үндсэн үүрэг нь торгох шийтгэх, цагдах хянах, барих хорих, хориглох зогсоох биш, харин иргэд, бизнес эрхлэгчид, хэрэглэгчдэд туслах, үйлчлэх, соён гэгээрүүлэх, зөвлөх, мэдээллээр хангахад голчлон чиглэх ёстой шүү, тус болж чаддаггүй юм бол саад тээг бүү учруулаарай гэсэн байр суурь юм. Одоо ч энэ байр суурин дээрээ байна, цаашдаа ч байх болно.

    -    Жишээлбэл, стандартын салбарт ямар ахиц гарч байгаа вэ?

    Монгол Улсын Засгийн газар 2017 оны сүүлчээр “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуулийг УИХ-аар батлуулсан. Тус салбарын тогтолцоог олон улсын зарчимд нийцүүлж, төвлөрлийг сааруулах,  худалдаан дахь техникийн саад тотгорыг багасгах, улмаар арилгахад хууль үйлчлэх юм.

    Шинэ хуулиар дэвшилтэт техник, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үйлдвэрлэгч, нийлүүлэгчийн хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад олон улс, бүс нутаг, гадаад орны болон үндэсний стандартыг сонгон хэрэглэх боломжийг бүрдүүлсэн юм. Бас худалдааг хялбаршуулах зорилгоор гадаад худалдаанд  оролцогч бүх улс орнуудын хүрээнд харилцан нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүний тохирлын гэрчилгээ буюу хэрэг дээрээ бол чанар, аюулгүй байдлыг хүлээн зөвшөөрөх, итгэмжлэлийн байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангах асуудлыг олон улсын түвшинд нийцүүлэн шийдвэрлэсэн.  

    Энэ хуулийг энэ оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх бөгөөд түүнээс өмнө нэн шаардлагатай дүрэм, журам, зохицуулалтуудыг боловсруулж батлуулах, Үндэсний стандартын улсын үзлэгийг явуулахаар бэлтгэж байна. Хуучирсан, бизнесийн болон хууль эрх зүйн орчинд нийцэхгүй байгаа стандартуудыг хэрэглээнээс гаргах зорилготой юм.

    Худалдааг хөнгөвчлөх тухай асууж байна, энэ тухайд бол Монгол Улсын  засгийн газраас гадаад худалдааг хөнгөвчлөх, дэмжих чиглэлээр зарим ажил хийсэн байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд  Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ-ын хоорондын худалдааны харилцаан дахь хориг саадын дийлэнх хувийг эзэлдэг тарифын бус хориг саадыг арилгах зорилгоор Стандарт хэмжил зүйн газар болон Евразийн эдийн засгийн комисс хооронд техникийн зохицуулалт, итгэмжлэлийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр талууд техникийн зохицуулалт, стандарт, мал эмнэлэг, ургамал, эрүүл ахуйн салбарт ойрын жилүүдэд хамтран ажиллах нь тодорхой боллоо.  

    Цаашид Бүс нутаг хоорондын стандартчиллын холбооны гишүүн орнуудын хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт таатай нөхцөл бүрдүүлж, улс орнуудын хооронд харилцан нийлүүлж байгаа  бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг олон улсын нийтлэг зарчим, чиг хандлагад нийцүүлэн харилцан хүлээн зөвшөөрөх, гадаад худалдааг  хялбаршуулах, хөнгөвчлөхөд чиглэсэн иж бүрэн арга хэмжээг авч ажиллах зорилттой байна

    Манай улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллагын худалдаан дахь техникийн хориг саадыг арилгах тухай гэрээнд нэгдсэн.  Сая 2017 оны намар мөн энэ байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт нэгдэн орсон. Энэ нь манай стандартын байгууллага олон улсын болон бүс нутгийн стандартуудыг үндэсний стандарт болгох чиглэлд түлхүү анхаарч ажиллах ёстой болж байгаа юм. Үүнийг бид хийх ёстой.

    -    Бизнесийн үйл ажиллагаа, үйлдвэрлэл үйлчилгээнд стандарт хамгийн чухал ч бодит байдал дээр нэг төрлийн дарамт болж байна. Тухайн компани, үйлдвэрийн том жижгээс үл хамаарч ажлын байрны стандарт адилхан тавигддаг. Нэгэнт зах зээлд байр сууриа олсон том компанийн стандартыг хараахан хөлөө олоогүй байгаа жижиг компанид тавих нь хэр зохимжтой вэ? Бизнес эрхлэгчдээс энэ төрлийн санал гомдол их ирдэг болохоор ямар нэг зохицуулалт шаардлагатай болов уу?

    Ямар нэг албадлага, шахалт үзүүлэхгүй. Харин ч аль стандартыг авах тухайд компаниудад сонголт хийх боломж олгоно гэж дахин дахин хэлээд байгаа шүү дээ. Том, жижиг гэхгүй тэгш боломж олгож, өөрсдийнх нь сонголтыг хүндэтгэнэ гэсэн үг.

    -    МҮХАҮТ-аас МУИС-тай хамтран 2017 онд орон даяар явуулсан “Бизнесийн орчны судалгаа”-гаар Монгол Улсын бизнесийн орчны үнэлгээ дунджаас доош гарсан. Бизнест хамгийн их саад тотгор, дарамт учруулж байгаа хүчин зүйлээр мэргэжлийн хяналт, яам тамгын газар, орон нутгийн засаг захиргаа, татвар, гааль зэрэг төрийн үйлчилгээ, хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагуудыг нэрлэсэн. Эдгээр нь бизнесийг дэмжих, сайжруулах гэхээсээ хааж боож, хориг саад тавьдаг гэж нийт бизнес эрхлэгчдийн 70 гаруй хувь нь үзэж байна. Энэ тал дээр Та юу хэлэх вэ? Цаашид яавал зохилтой вэ?

    Дээрх газруудаас надад шууд хамаарах нь мэргэжлийн хяналтын байгууллага мөн. Тэгэхлээр таны өмнө ярьсан зарчим Мэргэжлийн хяналтын байгууллага дээр яаж хэрэгжиж байгаа вэ гэж асууж байна даа? Төрийн хяналт шалгалтын тухай хуульд 2010 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн төлөвлөн хэрэгжүүлдэг болсон. Энэ хуулийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллага нийт ажил үйлчилгээнийхээ 70%-д нь тандалт судалгаа, хяналт шинжилгээ болон зөвлөн туслах үйлчилгээ, соён гэгээрүүлэх үйлчилгээг, 30%-д нь шалгалт хийх чиглэлийг баримтлан ажиллаж байна.

    Хяналт шалгалтыг судалгаа, шинжилгээнд тулгуурлан оновчтой хийх үүднээс тандалт судалгаа, хяналт шинжилгээ зэрэг хяналтын шинэ хэлбэрүүдийг нэвтрүүлж, “Шилэн хяналтын цахим систем”-ийг 2016 оноос ашиглан хяналт шалгалтыг төлөвлөдөг болсон байна. Ингэснээр хяналт шалгалтыг илүү бодитой бөгөөд хяналтын чиглэлүүдээр харилцан уялдаатай хийх нөхцөл бүрдсэн. Нэг бизнесийн байгууллагад тус тусдаа, хэд хэдэн хяналтын чиглэлээр өөр, өөр цаг хугацаанд ар, араасаа цуварч хяналт шалгалт хийдэг, чирэгдүүлдэг байдлыг арилгаж, нэг зэрэг нэг удаа хяналт хийх бололцоог бий болгосноор хяналт шалгалтын давхардал, дарамт багассан гэж үзэж байгаа. Цаашид ч багасгахаар ажиллана.

    Саяхан би МХЕГ-аас ирүүлсэн мэдээллийг үзэж байхад 2017 оны эцсийн байдлаар, “Шилэн хяналтын цахим систем”-д 147’000 гаруй шалгуулагчийн 198’000 гаруй объектын мэдээллийг оруулжээ. Тэнд 50000 гаруй шалгуулагчийн 123 000 гаруй объектыг эрсдэлийн үнэлгээнд хамруулсан тухай дүн харагдсан. Ингэхдээ 2018 онд эрсдэл багатай 37000 гаруй объектыг шалгалтаас чөлөөлсөн байсан. Үүнийг 2012 оны байдалтай харьцуулахад 57%-аар буурсан байна. Шалгалтаас чөлөөлөгдсөн бизнес эрхлэгчдэд дотоод хяналтаар аюул, эрсдэлээ илрүүлэх, эрсдэлийг бууруулах чадварт сургах, дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн төрөл бүрийн сургалтыг МХЕГ явуулж байна.

    Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг харгалзаад бизнесийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт хийх, улмаар шалгалтын давхардлыг бууруулахын тулд мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамааралгүй 107 асуудлыг хасах шийдвэр 2017 онд гаргасан. Үүний үр дүнд давхардсан хяналтын тоо 2011 оныхоос 10 дахин буурчээ. Харин улс орны болон иргэдийн аюулгүй байдалтай шууд холбогдсон асуудлаар шалгалт явуулж байгаа, явуулах ч болно.

    Хяналт шалгалтыг хуулийн хүрээнд, шударга явуулах зорилгоор хяналтын чиглэл бүрээр хяналтын хуудас  ашиглаж байна. Ингэснээр хяналт шалгалтыг ил тод бөгөөд нэг зарчмаар хийж, байцаагчийн субьектив хандлага, хувь хүний үзэмж нөлөөлөхгүй, шалгуулагч бүрт тэгш хандах зарчмыг хэрэгжүүлэх боломж бүрдсэн.

    Мөн түүнчлэн импортын 5700 гаруй нэр төрлийн бараанаас 3500 гаруй нэр төрлийн барааг хилийн мэргэжлийн хяналт шалгалтаас чөлөөлж, шууд гаалийн хяналтад хамруулдаг болсон. Ингэснээр мал, амьтан, ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн, эм, биобэлдмэл, химийн бодисоос бусад бараа импортлогчдод зарцуулах хяналтын хугацаа эрс багассан.

    Бизнес эрхлэх орчныг таатай болгох чиглэлээр удирдлага, зохион байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлж байна. Тухайлбал: Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг 2017 оноос эхлэн МХЕГ-ын Зөвлөгөө, мэдээллийн төвөөс нэгдсэн байдлаар олгох журамд шилжүүлсэн. Ингэснээр аж ахуй эрхлэгчид байцаагч нарын өрөөгөөр явах, үүдэнд нь хүлээж суух зэрэг хүндрэлүүд багассан.

    Экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг бичиг баримт нь бүрэн тохиолдолд 1-3 хоногт багтаан асуудлыг нь шийдвэрлэдэг болсон. Мөн экспорт, импортын гэрчилгээ тус бүр 10000 төгрөг  байсныг 2018 оноос эхлэн нэг удаагийн үйлчилгээ үзүүлэх тутамд 10000 төгрөгийн хураамж авахаар зохицуулсан. Энэ нь аж ахуйн нэгжүүдээс төлдөг тэмдэгтийн хураамж  нэлээд багассан гэсэн үг. Нэмж хэлэхэд тоног төхөөрөмжийн гэрчилгээг төлбөртэй олгодог байсныг МХЕГ-ын даргын тушаалаар 2017 оноос үнэ төлбөргүй олгодог болсон байгаа.

    -    Бизнест төрийн оролцоог хязгаарлана гэж ярьдаг ч бодит байдал дээр маш их, бүр 100 хувь хамааралтай байгаа олон салбар байна. Тухайлбал уул уурхай, банк санхүү гэх мэт. Ер нь тендер шалгаруулалт гүйцэтгэл гээд бүх зүйлийг ил тод болгоно гэж ярьдаг ч тодорхой ахиц гарахгүй байгаагийн шалтгааныг юу гэж харж байна вэ?

    Эрчим хүч, төмөр зам, зарим стратегийн томоохон ордуудын хувьд төр оролцохоос өөр аргагүй. Гэхдээ ямар хүрээнд, яаж оролцох вэ гэдэгт хэргийн учир оршино. Тэнд гарах эрсдэл их, бас зарцуулах хөрөнгө их. Харин хувийн хэвшил дангаараа аваад авах боломжтой салбаруудад төр оролцох шаардлагагүй. Бид аль болох төрийн оролцоог багасгахад чиглэсэн бодлого барьж байгаа.

    -    Монгол Улс Япон Улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулаад жил гаруйн хугацаа өнгөрч байгаа хэдий ч хоёр орны хооронд худалдаа эргэлт төдийлөн нэмэгдэхгүй, ялангуяа Монголоос Япон руу чиглэсэн экспорт нэмэгдэхгүй байгаагийн шалтгааныг Та хэрхэн харж байна вэ? Ер нь чөлөөт худалдааны хэлэлцээрүүдийн хэрэгжилт, тогтвортой байдлын талаар бизнес эрхлэгчдэд ямар мэдээлэл өгөх вэ?

    Монгол Улс, Япон Улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч байна. Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар хоёр орны хоорондын худалдааны нийт эргэлт 8,8%-аар өссөн дүнтэй байна. Энэ өсөлтөд голчлон Японы экспорт нөлөөлсөн.

    Японоос импортолсон гол нэрийн бүтээгдэхүүнд  суудлын автомашин, зарим өндөр үнийн дүнтэй аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн байгаа бол Монгол Улсын экспортын гол нэрийн бүтээгдэхүүнд мал амьтны нарийн ширхэгт нэр бүхий бараа бүтээгдэхүүн болон сүлжмэл эдлэл зэрэг ХАА-н гаралтай жижиг, дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн зонхилдог юм билээ. Цаашид экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх нь чухал. Үүний тулд Японы зах зээлийн эрэлтийг судлах, бараа бүтээгдэхүүнээ Японы стандартад нийцүүлэн үйлдвэрлэх, энэ чиглэлээр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх чиглэлээр Японы “ЖАЙКА” байгууллагатай хамтран ажиллаж байна.

    -    Монгол Улс, ОХУ өнгөрсөн жил 1.3 тэрбум ам.долларын худалдааг хийсэн байсан. Гэхдээ үүний ердөө гурван хувь нь Монголын экспорт байгаа юм. Үүнийг нэмэгдүүлэх ямар санал байна вэ? Та бол Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга байх аа?

    ОХУ-д экспортын бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх  цогц бодлого боловсруулан хэрэгжүүлж, нийлүүлэх бараа, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, төрөлжүүлэх хэрэгтэй юм. ОХУ-тай хийх худалдаанд нэн тэргүүнд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир,  ноос, ноолууран эдлэлийн чиглэлээр  хамтран ажиллах өргөн боломжтой.

    Мөн манай экспортын гол барааны нэг болсон мах, махан бүтээгдэхүүний чанар, стандартыг сайжруулах, мал сүргийг эрүүлжүүлэхэд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Жишээлбэл, тарифын бус гол хориг саад болдог хорио цээрийн нөхцөлийг сайжруулахад шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан зэрэг мал, амьтны гоц халдварт өвчин үлэмж бэрхшээл учруулж байна. Мал, амьтны гоц халдварт өвчнөөс шалтгаалан оросын тал зөвхөн хил орчмын мужуудад мах, махан бүтээгдэхүүн импортлох зөвшөөрөл олгож байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд оросын талтай идэвхтэй ажиллаж байгаа. 2 дугаар сарын сүүлээр Москва хотноо хуралдсан ЗГХК-ын 21 дүгээр хуралдааны үеэр ОХУ-аас малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 7.2 сая тун вакцин авахаар ярьж тохирлоо. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэж байгаа арга тактикаа ч өөрчилнө.

    Үүнээс гадна бид Евразийн эдийн засгийн холбоотой идэвхтэй хамтран ажиллаж байна. ОХУ нь уг холбооны 5 гишүүн улсын нэг бөгөөд худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны асуудлыг энэхүү холбоогоор дамжуулж хэрэгжүүлдэг юм.

    Монгол Улсын Засгийн газар Евразийн эдийн засгийн комисстой хамтын ажиллагааны санамж бичгийг 2015 онд байгуулсан. Бид хамтын ажиллагааны ажлын хэсгийг байгуулан даруй 2 удаа хуралдаж, холбогдох протоколд гарын үсэг зурсан. Тус комиссын 3 сайд Монгол Улсад айлчлал хийж,  хорио цээр, техникийн зохицуулалтын салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийг 2017 онд байгуулсан. Одоогийн байдлаар бид нийт 3 санамж бичиг 3 үйл ажиллагааны төлөвлөгөөг байгуулан, хэрэгжүүлж байна.

    Худалдаан дахь тэнцвэргүй байдлыг бууруулах, худалдааны эргэлтийг  нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг манай тал дэвшүүлээд, тус холбооны гишүүн орнуудын дэмжлэгийг авахаар ажиллаж байна.  

    -    ХАА-н гаралтай бизнес эрхэлдэг ААН-үүдэд хорио цээрийн асуудал эн тэргүүнд тавигддаг. Үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ экспортод гаргах гэхээр хорио цээрийн асуудлаас болоод маш олон төрлийн бэрхшээлтэй нүүр тулдаг. Малын эрүүл бүсийг байгуулах, түүнийгээ хойд, урд хөршөөр хүлээн зөвшөөрүүлэх, харилцан зөвшилцөх үйл явц одоо хэр тодорхойгүй байгаа. Энэ тал дээр ахиц дэвшил гарч байна уу?

    Монгол Улс 1989 онд элссэн Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE)-аас гаргасан “Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код”, “усны амьтны эрүүл мэндийн код”-д заасан зөвлөмж, стандартыг мөрдөж аливаа улс орон мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг харилцан экспортолж, импортлохдоо мал эмнэлгийн хорио цээр, хяналт шалгалтад хамруулж мэл эмнэлгийн гэрчилгээгээр баталгаажуулж байхаар заасан байдаг.

    Мөн хилээр бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд Ачааны хилийн хяналтын нөхцөлийг уялдуулах тухай конвенц, Эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэх хэлэлцээр, хоёр улсын хооронд байгуулсан “Мал, амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг харилцан экспортлох, импортлох үеийн хорио цээр, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага, гэрчилгээ” тохирсон гэрээ, хэлэлцээр, протокол, санамж бичгийг баримталдаг.

    ХАА-н гаралтай бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад туслалцаа үзүүлэх хүрээнд сүүлийн үед  хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Ялангуяа БНХАУ-д мах, махан бүтээгдэхүүн экспортлох асуудлаар олон талт арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд  2017 онд адууны мах 12475,8 тн; үхэр, хонь, ямааны мах 10804,4 тн; дулааны аргаар боловсруулсан мах 1308,5 тн тус тус экспортолсон.

    “Монгол Улсаас БНХАУ-д малын гоц халдварт өвчингүй, хорио цээрийн тусгаарлагдсан бүсээс үржлийн бус эр хонь, ямааг экспортлохтой холбогдсон хяналт шалгалт, хорио цээр, мал эмнэлгийн эрүүл мэндийн нөхцөлийн тухай” протоколын төслийг Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт хорио цээрийн ерөнхий газар хоорондын хэлэлцэн тохиролцож үзэглэв. Энэхүү протокол эцэслэн гарын үсэг зурагдсаны дараа мал эмнэлгийн гэрчилгээг тохиролцохоор тогтсон бөгөөд тусгаарлагдсан бүсийн бүтээн байгуулалт дууссаны дараа Хятадын талын төлөөлөгчид очиж танилцан зөвшөөрөл олгохоо мэдэгдээд байна.

    Мөн Монгол Улсын баруун 5 аймгийн зөвшөөрөгдсөн үйлдвэрт бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг БНХАУ-д экспортлохыг түр хориглосон хоригийг цуцлах асуудлыг тохиролцож байна.

    -    Орос, Хятад руу зөвхөн мах төдийгүй МАА-н гаралтай бусад бүтээгдэхүүн гаргахад Засгийн газар хоорондын зохицуулалтууд чухал түлхэц болох учиртай. Хил, гаалийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаар бизнес эрхлэгчдэд дуулгах сүүлийн үеийн ямар шийдвэр, шинэ мэдээлэл байна вэ?                                                   

    ОХУ, БНХАУ-д сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох асуумжийн хариуг МХЕГ-аас боловсруулан хүргүүлсэн бөгөөд асуумжийн хариуд үндэслэн айлын талаас эрсдэлийн үнэлгээний баг ирж хянан магадалгаа хийсний дараа албан ёсоор Монгол Улсаас дээрх улсуудад сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдэнэ.
    ОХУ, БНХАУ-ын мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн байгууллагаас мэргэжилтэн урьж мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, газар тариалан эрхлэгч аж ахуйн нэгжид эрсдэлийн хянан магадалгаа хийлгэлээ. 35 үйлдвэр бүтээгдэхүүнээ ОХУ-д экспортлох эрх аваад байгаа.

    “Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газар хооронд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлохтой холбогдсон мал эмнэлэг, эрүүл мэндийн шаардлагын тухай” протоколыг Монголын талын сүүний үйлдвэрүүдэд очиж эрсдэлийн хянан магадалгаа хийсний дараа протокол тохирох асуудлыг хэлэлцэх, 2018 оны 7-8 дугаар сард эрсдэлийн хянан магадалгаа хийх багийг Монгол Улсад ирүүлнэ.
    Монгол Улсаас БНХАУ-д гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүнийг зөвхөн Бургастай/Лаоемиао боомтоор экспортолж байсныг Монгол Улсад гарсан шүлхий өвчний хоригийг цуцалсны дараа дэд бүтэц сайн хөгжсөн Замын-Үүд/Эрээн, Шивээхүрэн/Сэхээ, Ханги/Мандал, Булган/Такашикен боомтуудаар экспортлохоор БНХАУ-ын Чанарын хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газартай хамтран ажиллаж байна.

    -    Шадар сайдын эрхэлж буй асуудлууд дотор Чөлөөт бүсийн асуудал маш том байр суурь эзэлдэг гэж ойлгож байна. Худалдаа, үйлчилгээний чөлөөт бүс бүрэн утгаараа хэрэгжиж чадахгүй, бэлгэдлийн төдий байсаар байна. Чөлөөт бүс рүү импортолж оруулж ирсэн барааг дахин импорт гэж үзэх, хил гаалийн татвар давхардуулж ногдуулах гэх мэт хүндрэл үргэлж гардаг. Энэ тал дээр ямар ажил хийгдэж байна?

    Ажил авсан даруй Чөлөөт бүсүүдийн ажилтай биечлэн танилцсан. Чөлөөт бүс нь олон жил яригдсан хэр нь бодитой, дорвитой үр дүн гарахгүй байгаа бас нэг асуудал мөн.

    Монгол улсад одоогийн байдлаар 3 чөлөөт бүс байдгаас, зөвхөн Алтанбулаг чөлөөт бүс нээлтээ хийсэн. Замын-Үүд чөлөөт бүсийн хувьд дулааны цахилгаан станц, цэвэрлэх болон ус цэвэрлэх байгууламжууд, цахилгаан эрчим хүчний дэд бүтэц, гэрэлтүүлэг, засмал зам зэрэг 60 шахам ам.долларын бүтээн байгуулалт хийгдсэн.  Бид олон улсын туршлагуудыг судалж байна. Хил дамнасан хэлбэрээр байгуулагдсан чөлөөт бүсүүд ч байна. Манай хувьд Замын-Үүдийн чөлөөт бүсийг Эрээний чөлөөт бүстэй коридороор холбогдох хувилбарыг сонгоод байгаа.

    Сая Ерөнхий сайд Л.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр БНХАУ-ын Худалдааны яам манай Гадаад харилцааны яамд хооронд Монгол Хятадын хилийн дагуух эдийн засгийн хамтын ажиллагааны зэргэлдээ бүсүүдийн бүтээн байгуулалтын хоёр талын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах, хэлэлцээний явцыг түргэтгэх тухай харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан нь Замын-Үүдийн чөлөөт бүсийг нээх үйл ажиллагааг түргэтгэх чухал алхам боллоо.  

    -    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх нийгэмлэгээс бизнес эрхлэгчдийн бизнесийг хамгаалах, эрсдэлээс сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ? Зарим тохиолдолд, тухайлбал үнийн хөөрөгдөлт, зохиомол хомсдол үүсэх зэргээс болж ялангуяа жижиг, дунд бизнес багагүй хохирол амсдаг. Зөрчлийг шийдсэн бодит жишээ, ААН, бизнес эрхлэгчид мэдвэл зохих дүрэм журам зэргээс хуваалцана уу?

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Зар сурталчилгааны тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай   хуулиудыг хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэгтэй ажилладаг.

    Өрсөлдөөний тухай хуулийн гол үзэл санаа, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагааны гол чиглэл нь аль нэг аж ахуй эрхлэгчийн бизнесийг хамгаалах, дэмжихэд чиглэхгүй. Харин зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй эрхлэгчдийн зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн өрсөлдөөнийг хамгаалах, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэдэг.

    Жишээлбэл, Нийслэлийн боловсролын газар нэг компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулж Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн бүх цэцэрлэгүүдэд нэг л компанийн гарын шингэн саванг хэрэглэх чиглэл хүргүүлсэн тохиолдол гарсан. Энэ нь Улаанбаатар хотын цэцэрлэгийн бүх хүүхэд ганцхан компани үйлдвэрлэдэг гарын шингэн саванг хэрэглэх, бусад аж ахуй эрхлэгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх болзлыг тулгаж, бусад аж ахуй эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүний эрэлт буурах, хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүний сонголт хийх эрхийг хязгаарласан үйлдэл гаргасныг шалгаж таслан зогсоосон.   

    Тус газар 2017 онд эдийн засгийн хүндрэлтэй  нөхцөлийг харгалзан хяналт шалгалтаар зөрчил илэрсэн аж ахуй эрхлэгчдэд өндөр хэмжээний торгууль, шийтгэвэр ногдуулахаас илүү тэдэнд хууль зөрчихөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр ажилласныг зөв гэж бодож байгаа. Анхааруулсаар байтал хууль зөрчсөөр байгаа аж ахуйн нэгж, хувь хүмүүстэй бол хатуу ярина.

    Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2018 он гарсаар тодорхой хэдэн чиглэлээр хяналт шалгалт хийгээд байгаа. Хяналт шалгалт хийхэд улсын хэмжээнд АИ-92 шатахууны нөөц хэвийн байсан ч компаниуд зохиомол хомсдол үүсгэж, шатахуун түгээх станцууд нь хэрэглэгчдэд ижил цаг хугацаанд үйлчлэхгүй, хязгаарлалт хийсэн шалтгааныхаа талаараа хэрэглэгчдэд бодит мэдээлэл өгөхгүй болон тодорхойгүй шалтгаанаар шатахуун борлуулах үйл ажиллагаагаа зогсоож, эсвэл хязгаарласан нь хууль зөрчсөн болохыг тогтоож, холбогдох торгуулийн арга хэмжээг авсан.

    Стратегийн бараа бүтээгдэхүүн болох шатахууны үнийг Өрсөлдөөний тухай хуулиар хянан зохицуулах зохицуулалт, хууль, эрх зүйн орчин хязгаарлагдмал байна. Өөрөөр хэлбэл Өрсөлдөөний тухай хуульд зааснаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зөвхөн зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгч буюу төмөр замын бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг хянах чиг үүрэгтэй. Харин бусад бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хянах хууль эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох ёстой. Энэ ажлыг ойрын хугацаанд хийнэ.

    Э.АДЪЯАСҮРЭН

    Latest 150
    Latest 150