• MN
  • EN
  • CN
  • RU
  • М.САРАНДАВАА: “Энэ жилийн ТОП100 эдийн засагт эерэг дохио ассаныг харуулж байна”
    05/10/2018

    - Компаниудыг эрэмбэлэхдээ олон улсын аргачлал бүхий тоон мэдээлэлд суурилдаг -

    Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 ААН-ийг эрэмбэлэх үйл ажиллагааг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн жагсаалтад орсон ААН-үүдийн онцлог, шалгуур үзүүлэлт, эдийн засгийн ерөнхий төлөв байдалд тэдгээрийн үзүүлж буй нөлөө зэрэг сэдвийг тойрч МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваатай ярилцлаа.

    - Танхимаас ахалсан ажлын хэсэг ТОП100 ААН-ийг эрэмбэлэхдээ ямар бодлого баримталдаг вэ? Гол шалгуур үзүүлэлт нь юу вэ? Энэ жилийн жагсаалтын онцлог юу бол?

    - МҮХАҮТ, Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын төлөөлөл  оролцсон ажлын хэсэг тоон мэдээллүүд дээр үндэслэн Монгол Улсын ТОП100 ААН-ийг эрэмбэлдэг. Ингэхдээ хамгийн эхэнд  орлого, хоёрдугаарт нь татвар, гуравдугаарт нийгмийн даатгал төлдөг ажиллагсадын тоо, дөрөвдүгээрт ашиг, тавдугаарт хөрөнгөний хэмжээ гэсэн  үндсэн 5 үзүүлэлтийг харгалзан үздэг.

    Өмнөх жилүүдэд бид зөвхөн материал ирүүлсэн ААН-ийн хүрээнд шалгаруулалт хийдэг байсныг өөрчилж олон улсын жишигт ойртуулж тоон мэдээлэлд тулгуурлан эрэмбэлэн жагсаалтыг гаргаж байна. Энэхүү үйл ажиллагааг манай бизнесийнхэн шалгаруулалт гэж ойлгох нь бий. ТОП100 эрэмбэлэх үйл явцад шалгаруулалттай холбоотой ямар ч агуулга байхгүй. Улсын бүртгэлд бүртгэлтэй идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 70 гаруй мянган ААН-ийн статистик үзүүлэлт, тоон мэдээлэл дээр тулгуурлаад ихээс нь бага руу нь эрэмбэлж жагсаалт гаргаж байгаа үйл явц. Та бүхэн мэднэ,  Fortune сэтгүүл гэхэд л Global500 гэх жагсаалтыг жил бүр гаргадаг. Үүнтэй төстэй хэлбэрээр, олон улсын жишигт нийцсэн байдлаар бид эрэмбэлдэг. ТОП100 гэдгийг тухайн жилдээ дээр дурдсан 5 үндсэн үзүүлэлтээр хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан компаниуд гэж ойлгож болно.

    Зөвхөн компаниудыг жагсаагаад зогсохгүй гурван  жилийн дата мэдээлэлд тулгуурлаад эдийн засгийн ерөнхий чиг байдал, өнгө төрх, салбаруудын нөлөө хэр байна вэ зэрэгт дүгнэлт хийдэг.  Мөн энэ жилээс Топ100 ААН-ийг эхний 20, 21-40, 41-60, 61-80, 81-100 гэж ангилан таван багц болгон, багц бүрийн хувьд тоон үзүүлэлтүүдийг нарийвчлан гаргаж байгаа. Компаниудыг нийт хөрөнгөний дүнгээр эрэмбэлэх хүсэлтийг зарим ААН гаргадаг. Гэхдээ энэ нь холбогдох хуулиуд, бизнесийн нууцлал талаас аваад үзвэл зохимжгүй юм. Компани бүр мэдээллээ нээлттэй өгөх өгөхгүй асуудал бас гардаг учир эрэмбээр нь 5 ангилж дүнгүүдийг тавихаас гадна салбараар нь авч үзсэн байгаа.

    -    Өссөн буурсан үзүүлэлтүүдийн талаар ямар дүгнэлт байна?

    - Энэ жилийн таван шалгуур үзүүлэлтийг 2016 оны үзүүлэлттэй харьцуулахад бүгд өссөн байгаа. Компаниудын орлого 44 орчим хувиар, даатгуулагчдын тоо 15 хувиар, хөрөнгө, ашгийн хэмжээ мөн өссөн. Татвар төлөлт өмнөх онтой харьцуулахад 60 хувиар өссөн байна. 2017 онд ТОП100 компаниуд 3,2 их наяд төгрөгийн татвар төлжээ. 25.5  их наяд төгрөгийн орлого олж,  76,4 мянган хүнийг ажлын байраар хангажээ.  Өсөлтийг бий болгож байгаа салбаруудаар яривал уул уурхайн олборлох үйлдвэрлэл тэргүүлж байна. Нүүрсний экспорт өссөнтэй холбоотойгоор нүүрсний экспорт хийдэг ААН-үүдийн орлого нэмэгдсэн. Жишээ нь жагсаалтад орж ирж байгаагүй 16 компанийн 9 нь уул уурхайн компани байна.

    Банк санхүү удаалж, худалдаа үйлчилгээний салбар гуравдугаарт орж ирж байна. Нийт борлуулалтын орлогын өсөлтийн 14 хувийг худалдаа үйлчилгээ эзэлж байна. Банк санхүүгийн салбар 15 хувийг эзэлж байхад уул уурхайн салбар 40 хувийг, газрын тосны салбар 11 хувь, хүнсний үйлдвэрлэлийн салбар 5 хувь гэхчлэн үзүүлэлттэй байна. Улсад төлж байгаа татвараар нь жагсаавал уул уурхайн салбар 50 хувийг дангаараа эзлэж байгаа бөгөөд энэ салбар нийт ажиллагсадын 29 хувийг, ашгийн 62 хувь, хөрөнгийн 64 хувийг эзэлж байна.

    Нөгөө талаас уул уурхайн салбарын өсөлт байснаас гадна худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг таван ААН ТОП100-д нэмэгдэж орж ирсэн. Цахилгаан дулаан үйлдвэрлэлийн хоёр, хүнд үйлдвэрлэлийн нэг гээд нийтдээ 16 компани нэмэгдэж орж ирсэн. ТОП100-д тогтвортой гурван жил эрэмбэлэгдэж буй  65 ААН байна.

    - ААН-үүдийн үйл ажиллагааны хэлбэр, харьяалагдаж байгаа байршил зэрэг бусад мэдээллийн хувьд юу хэлэх вэ?        

    - ААН-үүдийг хэлбэрээр нь аваад үзвэл 81 нь ХХК, ХК 9, ТӨХК 8 байгаа бол байршлаар нь аваад үзвэл 74 ААН Улаанбаатар хотод төвлөрсөн. Энэ жилийн хувьд Улаанбаатараас гадна 13 аймгаас орж ирсэн байна. Энэ нь аймгуудад бизнес идэвхжиж байгааг харуулж байна. Том зургаар нь авч үзвэл ТОП100 ААН-ийн борлуулалтын орлого сүүлийн 3 жилд тогтмол өссөн. 2015 онд борлуулалтын орлого 16,6 их наяд байсан бол энэ жил 25,5 их наяд болж өссөн.

    ДНБ-д эзлэх хувийн жин 72,1 хувь байсан бол 2017 онд 93,9 хувь, татварт эзлэж байгаа хувь нь 2015 онд 2.5 их наяд төгрөг байсан бол 2017 онд 3.2 их наяд болж өссөн. Нийт татварын орлогод эзлэж байгаа хувийн жин 2015 онд 48,1 хувь байсан бол 2017 онд 50,5 хувь болж өссөн. Нийт ажиллагсад дотор ТОП100 компанид ажиллаж байгаа ажиллагсадын хувь хэмжээ ч гэсэн 2015 онд 5,7 хувь байсан бол 2017 онд 6,2 хувь болж өссөн. Энэ үзүүлэлтүүд тодорхой хэмжээнд эерэг дохиог, тодруулбал компаниудын үйл ажиллагаа сайжирч буйг илтгэж  байна. Тэр хэмжээгээрээ макро эдийн засагт үзүүлж байгаа үр нөлөөг нь эерэгээр харж байгаа.

    - Энэ жилийн жагсаалтад улс орны эдийн засгийн нөхцөл байдал гэхээсээ гадаад хүчин зүйл, тодруулбал гадаад зах зээл дээрх түүхий эдийн үнийн өсөлт нөлөөлсөн үү?

    - Мэдээж гадаад зах зээлийн орчин нөлөөлнө. 2016 онд эдийн засгийн хямрал гүнзгийрсэн, өсөлт буурсан, түүхий эдийн үнэ ханш хэлбэлзсэн, зээлжих зэрэглэл буурсан, өрийн дарамт ихэссэн, бодлогын тогтворгүй байдал зэрэг нь манай улсын өрсөлдөх чадварыг бууруулсан.  2017 онд гадаад нөхцөл байдал харьцангуй сайжирсан, уул уурхайн бүтээгдэхүүний үндсэн худалдан авагч болох БНХАУ-ын аж үйлдвэрлэл эрчимжиж сэргэсэн, манай улс ОУВС-тай хэлэлцээр хийж тодорхой хэмжээний Өргөтгөсөн хөтөлбөр хэрэгжсэн, төсөв хөрөнгө дээрээ сахилга батаа сайжруулсан, амлалтуудыг авч хэрэгжүүлсэний үр дүнд хөрөнгө оруулагчдын итгэл тодорхой хэмжээгээр сэргэсэн тал бий. Мөн хөрөнгө оруулалт өмнөх жилүүдийнхээс өсч, 1,1 тэрбум ам.доллар байсан бол 3,2 тэрбум болсон. Валютын нөөц 2012 оноос хамгийн өндөр хэмжээнд хүрсэн, энэ бүхнээс аваад үзвэл эдгээр хүчин зүйл нь ААН-үүдэд нөлөөлсөн. Гэхдээ нэг салбараас, нэг түүхий эдээс хараат байдал эдийн засагт хэвээр үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газраас хүнсний салбар, боловсруулах үйлдвэрийн салбар, ХАА-н салбарыг хөгжлийн гурван тулгуур, тэргүүлэх салбарууд болгон зарласан ч ХАА-н чиглэлийн нэг ч компани орж ирээгүй. Шинээр орж ирсэн 16 компанид уул уурхай, худалдаа үйлчилгээ зонхилсон нь харагдаж байна.

    - Цаашид ТОП100 шалгуурт шинээр оруулах үзүүлэлт бий юу? Ер нь манай ААН-үүд хаашаа явж байна вэ? Дэлхийн нийтийн чиг хандлагад хэр нийцэж байна вэ?

    - Бид 2016 оны ТОП100 компаниудын дунд засаглалын судалгаа хийж, 60 гаруйг нь хамруулсан. Цаашдаа ТОП100 арга хэмжээ нь тоон үзүүлэлтийг чухалчилж авч үзэхээс гадна НҮБ-ын Даян дэлхийн гэрээнд ААН-үүдээ нэгтгэх тал дээр санаачилга гаргаж байна. Одоогоор Хаан банк, Тэра Экспрэсс, МҮХАҮТ нэгдээд байгаа. Мөн НҮБ-аас GRI буюу Тогтвортой байдлын тайлан гаргах санаачилгыг өрнүүлсэн. Энэ тайланг 2017 онд эрэмбэлэгдсэн 100 компаниасаа гаргуулахаар санаачлага гаргаад ажиллаж байна. Эдийн засагт эдгээр 100 компани маш их хувь нэмэр үзүүлж байгаа. Түүнээс гадна  нийгэмд үзүүлж буй үнэ цэнэ, сайн туршлагыг бусдад таниулах,  хамтран ажиллаж байгаа түншүүд тогтвортой байдлын тайланг нь уншаад хамтын ажиллагаагаа өргөжүүлдэг олон улсын түвшинд итгэл үнэмшил төрүүлдэг, нэр хүнд нь өсдөг, итгэх итгэл нь нэмэгддэг. Энэхүү тайлан байгууллагын эдийн засгийн үзүүлэлтээс гадна, нийгэмд, хүрээлэн буй орчонд нөлөөлж буй нөлөөлөл хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, засаглал зэрэг чанарын үзүүлэлтүүдийг түлхүү авч үздэг учир томоохон үр нөлөөг бий болгодог.

    Түүнчлэн,  Танхим энэ жил анх удаа дэлхийд тэргүүлэгч менежментийн зөвлөх компани Макензитай (McKinsey) хамтраад Байгууллагын хөгжлийн индексийг  тооцохоор ажиллаж байна. Монголд хувийн хэвшил үүсч хөгжөөд чөлөөт өрсөлдөөн, зах зээлд шилжсэнээс хойш байгууллагууд ямар түвшинд байна гэдэг дээр том зургаар дүн шинжилгээ хийгдээгүй. Байгууллагын маркетинг, санхүү зэрэг  үзүүлэлтүүдэд төвлөрсөөр ирсэн. Орхигдоод байгаа энэ түвшинг олон улсад хэрэглэгддэг аргачлал болох “Organizational Нealth index”-ээр тодорхойлж гаргаж ирэх зорилготой. Үүнд байгууллагын голлох үзүүлэлтүүдэд үнэлгээ хийж, тогтвортой хөгжихөд нэн тэргүүнд анхаарч ажиллах чиглүүүдийг тодорхойлох, цаашид үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллах зөвлөмж хүргүүлэн ажилладаг. Мөн энэхүү индексийн үнэлгээнд авч үзэх хөгжлийн үзүүлэлтүүд нь тухайн компанийн үр ашигтай үйл ажиллагааны 50 орчим хувийг тайлбарладаг бөгөөд индексийн үр дүнг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр тухайн компанийн ашиг дунджаар 18 хувиар өссөн бодот үр дүнтэй байдаг. ТОП 100-д дутагдаад байсан чанарын үзүүлэлтийг энэ гурван үйл ажиллагаа индексүүдээр тооцож үзүүлэхийг зориж байна.  Мөн бид тоон мэдээллийг аль болох компаниудад нээлттэй байлгахыг хичээж байна.

    - ЖДҮ эрхлэгчдийг энэ жагсаалтад багтаасангүй, хамруулсангүй гэх санал шүүмж гардаг. Энэ  тал дээр тайлбар хэлнэ үү?

    - Энэ үйл ажиллагаа нь Монголын ТОП100 компанийг олон улсын тавцанд, дэлхийн түвшинд тодорхойлж,  урамшуулж дэмжиж байгаа МҮХАҮТ, Засгийн газрын бодлого юм. Мөн томоохон компаниуд ТОП 100-д эрэмбэлэгдсэн мэдээллээ үр дүн болгон харуулж өөрсдийн үйл ажиллагааг хэмжиж байгаа. “Хэмжиж чадвал хянаж чадна, хянаж чадвал удирдаж чадна” гэж үг бий. Хэмжиж чадсанаар тухайн салбарын хувьд, үндэсний түвшинд болоод олон улсын хэмжээнд хаана яваагаа тодорхойлох боломжтой.

    ЖДҮ эрхлэгчдийг урамшуулах зорилгоор шалгаруулах үйл ажиллагааг Танхим жил бүр Энтрепренер ажиллагаа нэрийн дор  зохион байгуулдаг. Энэ арга хэмжээнд байгууллагууд хүссэнээрээ өрсөлдөж тоо чанарын үзүүлэлт нийлсэн 100 гаруй шалгуураар хийсэн ажил, хүрсэн үр дүнгээ үнэлүүлдэг. Тэгэхээр ТОП100 арга хэмжээ тоон үзүүлэлт дээр суурилсан томоохон ААН-үүдийг хамардаг бол Энтрепренер шалгаруулалт илүү чанар дээр суурилсан, ЖДҮ нарт чиглэсэн үйл ажиллагаа шүү гэдгийг ялгаж салгаж ойлгоосой гэж хүсч байна.

    Тодорхой мэдээлэл өгсөн Танд баярлалаа.

    Latest 150
    Latest 150