• MN
  • EN
  • CN
  • RU
  • Дэлхийд өрсөлдөх монгол брэндийг тодруулна
    05/17/2018

    МҮХАҮТ-аас ХХААХҮЯ, Нийслэлийн ЗДТГ-тай хамтран “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн худалдааг 21 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн энэ сарын 17-20-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд болох юм.

    Энэ талаар өнөөдөр ХХААХҮЯ-ны Жижиг дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан, Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын Үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Золбаяр, МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа нар Нийслэлийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

    Монгол Улсын Засгийн газраас 2018 оныг “Хариуцлагын жил”, МҮХАҮТ-аас “Бизнесийн тогтвортой орчныг дэмжих жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулан эдийн засаг, бизнестэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлан таниулах, дэмжин урамшуулах зорилгооор энэхүү үзэсгэлэнг зохиож байгаа юм.

    МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа “Энэ удаагийн үзэсгэлэнд 100 гаруй ААН оролцож байна. Ихэвчлэн ЖДҮ, бизнес эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээ дэлгэнэ. Мөн БНСУ, Бүгд найрамдах Унгар Улс, Гонгонк, Макао, Тайвань зэрэг гадаадын ААН-үүд гоо сайхан, үнэт эдлэл, цахилгаан бараа, далайн гаралтай бүтээгдэхүүнүүдээр оролцож байна. Энэ удаагийн үзэсгэлэнгээр бид дэлхийд өрсөлдөх Монгол брэндийг тодруулах томоохон зорилго тавьж байна. Үүний тулд инноваци шингэсэн шинэлэг бараа бүтээгдэхүүнүүдийг гаргаж ирэх, старт ап-уудыг дэмжихэд илүүтэй анхаарна” хэмээлээ.

    Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын Үйлдвэрийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Золбаяр “Улаанбаатар хотод 5500 гаруй үйлдвэрлэл эрхлэгч байдаг. Үүний 70 гаруй хувь нь 1-5 ажилтантай ЖДҮ эрхлэгчид. Нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчидтэй хамтраад үйлдвэрлэгчиддээ тодорхой шалгуур тавьж, олон нийтэд танилцуулах боломжтой гэсэн бүтээгдэхүүнийг оролцуулж байгаа. Нийслэлчүүддээ энэ үзэсгэлэнд өргөнөөр оролцож жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжихийг уриалж байна” хэмээв.

    Үзэсгэлэнд оролцсон бүтээгдэхүүнийг дараах номинациудаар шалгаруулж шилдэгүүдийг тодруулан, Үзэсгэлэнгийн нэрэмжит цом, өргөмжлөл болон зохион байгуулагч гурван байгууллагын шагнал олгоно. Үүнд,

    1. Онцлох шинэ бүтээгдэхүүн
    2. Шилдэг экспортын бүтээгдэхүүн
    3. Онцлох экспортын бүтээгдэхүүн
    4. Шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэгч
    5. Дэвшилтэт технологи нэвтрүүлэгч
    6. Дэлхийд өрсөлдөхүйц монгол брэнд
    7. Олон улсын стандарт хэрэгжүүлэгч
    8. Үлгэр жишээ оролцогч
    9. Шилдэг сав баглаа боодол
    10. Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн
    11. Хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн
    12. Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн
    13. Grand prix зэрэг юм.

    Үзэсгэлэнгийн үеэр МҮХАҮТ-аас аж ахуйн нэгжүүдэд “Гэрээний маргаанаас үүдсэн асуудлыг арбитраар шийдэх нь”, “Сав баглаа боодол”, “Олон улсын үзэсгэлэнгийн стандарт”, “21-р зууны бизнес модель” сэдэвт дөрвөн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулна. Сургалтанд нийт оролцогчдын 50 хувь нь хамрагдахаар бүртгүүлсэн байна.

    Latest 150
    Latest 150