• MN
  • EN
  • CN
  • RU
  • Барилгын материал цахим худалдан авалтын системд шилжинэ
    05/18/2018

    Барилгын материалын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, ханган нийлүүлэгчдийн 2 дугаар чуулган МҮХАҮТ-д боллоо.

    Чуулга уулзалтад 200 гаруй ханган нийлүүлэгч, бизнес эрхлэгчид оролцсон бөгөөд салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж, санал бодлоо илэрхийлэв.

    Энэ үеэр барилгын салбарын ханган нийлүүлэгчдэд төрөөс баримтлах бодлого чиглэлийн талаар БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Соёмбо, эдийн засаг барилгын салбарын ханган нийлүүлэгчдэд үзүүлэх нөлөөлөл сэдвээр СЭЗИС-ийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч Ж.Дэлгэрсайхан болон шинэ үеийн ханган нийлүүлэлтийн тогтолцоо сэдвээр “Барилгачин групп”-ийн  ерөнхий захирал Г.Батсүх нар илтгэл тавилаа.

    Илтгэлийн дараа санал асуулга хэлэлцүүлэг явагдсан бөгөөд оролцогчид барилгын нэгдсэн төвийг байгуулах хэрэгтэй. Ингэснээр иргэд олон тийш явж цаг алдахгүй нэг дороос худалдан авах боломжтойгоос гадна чанартай чанаргүй барилгын материал авч хохирохгүй. Энэ нэгдсэн төв нь дотроо лаборатори, агуулах, бараа бүтээгдэхүүнээ хадгалах зориулалт бүхий өрөө тасалгаатай, борлуулж байгаа бүтээгдэхүүн нь чанарын шаардлага хангасан иргэд шууд худалдан авалт хийдэг цогц үйлчилгээтэй байх хэрэгтэй гэдэгт  талууд санал нэгдлээ.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав энэ үеэр хэлэхдээ, нэг талаас барилгын салбарынхан маань борлуулалтаа хэрхэн хийх вэ гэдэгт л гол анхаарлаа хандуулж байна. Нөгөө талаас барилгачдын маань нэгэнт барьж бүтээчихсэн барилгыг арилжааны банкнууд бүтээгдэхүүн болгож худалдаад байгаа юм. Гэтэл чанартай бүтээгдэхүүнээр чанартай барилга барихад сайн санхүүжилт, хөрөнгө оруулалт, инноваци хэрэгтэйг нь олж харахгүй байна. Тийм учраас арилжааны банкнууд зөвхөн бэлэн болсон бүтээгдэхүүн зарж гүйхээсээ илүү барилгын материалын үйлдвэрлэлд, шинэ технологи нэвтрүүлэхэд хөрөнгө оруулаад өгөөч, бага хүүтэй зээл олгоод өгөөч гэж хэлмээр байна.

    Үүнийг хийж чадахгүй бол манай бэлтгэн нийлүүлэгч компаниуд ч өөрсдөө арга эвээ олоод л байна л даа. Жишээлбэл, Хөрөнгийн бирж дээр “Монгол Базальт” компани 6.4 тэрбум төгрөгийн 30 хувийнхаа хувьцааг арилжиж, нээлттэй компани болсон. Зарласан даруйдаа захиалга аваад, маш хурдан дууссан. Тэгэхээр Хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө босгох асуудал нээлттэй байна. Хэрэв арилжааны банкнууд дэмжиж чадахгүй бол санхүүгийн бусад байгууллагууд, Санхүүгийн зохицуулах хороо, бусад компаниуд барилгын салбарынхандаа дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалтуудыг шийдэх гарцыг олж байна. Ер нь энэ дөрвөн жилийн хямралын хугацаанд санхүүжилт, хөрөнгө оруулалтыг бодлогогүй, мэргэжлийн бус байвал дампуурдаг гэдгийг харлаа шүү дээ. Тэгэхээр мэргэжлийнхэн, эдийн засагчид, мэргэжлийн хөрөнгө оруулагчид, банкируудыг түлхүү ажиллуулъя гэсэн саналтай байна.

    Ипотекийн зээлийн хуулиар далимдуулан арилжааны банкнуудад 1.3 их наяд төгрөгийг Төв банк шилжүүлээд, өөрсдөө ямар ч ял, дампууралгүй гараад явчихсан. Гэтэл барилгын салбар хүнд байдалд үлдсэн. Өнөөдөр арилжааны банкнууд бүгд их тэнхлүүн байгаа учраас энэ 1.3 их наяд төгрөгийг буцааж ав. Бас ипотекийн хуулиар дамжуулан, Монголын ипотекийн корпорацийг байгуулаад , нөгөө л арилжааны банкнуудын нөхөд өөрсдөө эзэн суусан. Тэгэхээр МИК-ийг энэ холбоод өөрсдөө авах нь зүйтэй. Гол нь арилжааны банкнууд сэтгэл гаргахгүй байна шүү дээ. Өнөөдөр яагаад 1000 айлын орон сууц барьсан компани яагаад 500-г нь моргейжийн зээлээр худалдаж болохгүй байгаа юм бэ? Зарж эхэлж байгаа заримыг нь МИК-иар дамжуулан унагах ажлыг хийж байна, ингэж болохгүй. Тийм учраас МИК-ийг барилгын салбарынхан өөрсдөө авахгүй бол арилжааны банкнууд үүгээр тоглоод байна. 2011 оны үед барилгын салбар ид цэцэглэж байхад банкнууд өөрсдөө очиж зээл олгох гэж гүйдэг байсан, харин хямралын сургаар бүгд зээлээ татчихсан. Тийм учраас зовлон үзсэн хүмүүс ямар туршлагатай болдог билээ, барилгынхан маань тэр жишгээрээ хандана байх гэж л бодож байна” гэлээ.
    Мөн социализмын үед барилгын материалын ханган нийлүүлэлтийн бааз сүлжээтэй байсан. Харин зах зээл рүү шилжсэнээс хойш ханган нийлүүлэлт, техник импортын бааз үндсэндээ хаягдаж, энэ салбарын үйл ажиллагаа доголдсон. Тиймээс хөгжил дэвшлийн хурдацтай энэ цаг үед хуучин байсан энэ салбараа улам хөгжүүлэх хэрэгтэй. Өнөөдөр ч бид оройтоогүй бөгөөд энэ тогтолцоог одоо бий болгоё гэсэн саналыг чуулганд оролцогчид хэлж байв.

    Түүнчлэн гадаадын улс орнууд жилдээ хэрэглэх барилгын материалын тоо хэмжээг тогтоож өгдөг. Харин манайд тоон хэмжээ маш бага. Барилгын гол бүтээгдэхүүн болох арматур, цементийн талаар мэдээлдэг бөгөөд бусад дагалдах бүтээгдэхүүнийг  гаргадаггүй. Ийм төрлийн тоо баримт, статистикийг гаргахгүй байснаар барилгын үйлдвэрлэл илүүдэлтэй болж байгааг шүүмжлээд цаашид энэ төрлийн албан ёсны мэдээллийг яам болон хариуцлагатай газраас гаргах хэрэгтэй гэлээ.    

    Сүүлийн үед дэлхий даяар барилгын эко материалд ихээхэн анхаарч, энэ төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тиймээс  хүний эрүүл мэндэд ээлтэй, сөрөг нөлөөгүй, байгальд ээлтэй, эрчим хүч, дулааны асуудлыг чиглэл рүү шилжих хэрэгтэй. “Эко” материал гэдэг ямар байх ёстой гэдэг стандартыг нь ч тогтоох нь зүйтэй. Жишээлбэл, ОХУ “Эко” материалдаа чанарын тэмдэг тавьдаг болсон байна.  Бид ч бас эко материалынхаа стандартыг тогтоон, чанарын тэмдэг гаргах хэрэгтэй хэмээн барилгын салбарынхан үзлээ.

    Ийнхүү 2 дахь жилдээ зохион байгуулагдаж буй барилгын ханган нийлүүлэгчдийн чуулганд оролцсон төр, хувийн хэвшлийнхэн өөрсдийн өмнө тулгамдсан асуудлуудаа төр засагтаа хэлж, төр засаг нь бодлого чиглэлээ танилцуулан хамтарч нэг шийдэлд хүрэх боломж юм гэдгийг онцолж байв.

    “Барилгачин групп”-ийн ерөнхий захирал Г.Батсүх, барилгын материалын цахим худалдан авалтын систем руу орох нь зүйтэй. Дэлхийн даяар энэ системд нэвтэрсэн байдаг. Харин манайд цахим худалдан авалт бараг хийгддэггүй. Уг нь цахим хэлбэрт шилжих нь тээвэр, цаг хугацаа гэх мэтчилэн олон тооны үйлдлийг хөнгөвчлөх давуу талтай гэв.

    Барилгын салбарынхан барилгын байгууллагад олгодог тусгай зөвшөөрлийн ангилал, худалдан авах ажиллагааны журмыг сайтар боловсруулан, удирдлагын сайн баримт бичиг гаргах хэрэгтэйг ч хэлж байлаа.  
    Чуулганаас гарсан санал зөвлөмжийг Барилга, Хот Байгуулалтын яаманд хүргүүлэн асуудлыг шийдэх юм.

    Latest 150
    Latest 150