• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн 2 дахь өдрөө үргэлжилж байна
    05/18/2018

    Үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгч, гар урлаач, дотоодын хүнсний үйлдвэрүүд шинэ төрлийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулахаас гадна Пакистан улсаас хагас үнэт чулуун эдлэл борлуулагчийн гантиг эдлэлийн цуглуулга, Тайванийн төрөл бүрийн массажны аппарат хэрэгслийг үйлдвэрийн үнээр борлуулж байна.

     “Инару брэнд” нь Монгол орны хөрсөнд ургасан ганга өвс, хаан жимс гэдэг чацаргана жимсны тос, зөгийн бал, лав гэх мэт олон төрлийн цэвэр байгалийн гаралтай түүхий эдүүдийг ашиглан үйлдвэрлэдэг.
    Тус компани 9 нэрийн 22 төрлийн органик ахуйн болон арьс арчилгааны бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж байна. Тус компанийн адууны тос, давирхайтай гарын тос онцгой өвөрмөц үнэр хийцтэй.  
    Монголчууд эртнээс адууны тосыг шарх, түлэнхий экзем зэрэг арьсны өвчнийг анагаахад хэрэглэдэг.

    Адууны тостой органик савангийн найрлага дахь адууны тос нь ханаагүй тосны хүчил болох линолийн хүчлийг ойролцоогоор 70% орчим агуулсан байдаг ба энэ нь хурдан шингэж арьсны доор тослог бүрхүүлийг үүсгэдэг. Ингэснээр чийглэг, дулаан байдал үүсэж улмаар цусны эргэлтийг сайжруулдаг.Тосон бүрхүүлээр гаднаас нь тусгаарлан, агаарыг шахан гаргаж исэлдэлтээс хамгаалах ба ингэснээр арьсанд нян бохирдол орохгүй байх онцлогтой. Мөн адууны тос нь А, Д аминдэмээр баялаг байдаг.

    Давирхайтай гарын тос нь найрлагадаа омега 3, 6 мөн Д, С, А, К, Е витаминуудаар баялаг бөгөөд эмчилгээний зориулалттай гарын тос юм.

    Үзэсгэлэнгийн үеэр үндэсний дээл, арьсан түрийвч, цүнх, лаа, гар урлалын олон сонирхолтой бэлэг дурсгалын зүйлс болон монгол уламжлалт аргаар хийсэн төрөл бүрийн цай, хүнсний үйлдвэрлэгч нарын бүтээгдэхүүнийг нэг дороос сонирхон, худалдаж авах бүрэн боломжтой.

    “Хөөндий” бренд өөрийн үйлдвэрийн шинэ загварын гутлуудаа дэлгэн тавьсан байв. Тус компани  2012 оноос эхлэн “Хөөндий” үйлдвэрийг байгуулан монгол үхрийн ширийг боловсруулан хавар, намар, зун, өвлийн гутлыг худалдаалж ирсэн юм. Энэ удаагийн үзэсгэлэнд тус компани зуны улирал эхэлж байгаатай холбогдуулан балерина загварын гутлуудаа онцлон оролцож байна. Эдний гутлууд хөлд эвтэйхэн чийг татдаггүйгээрээ хэрэглэгчдийн сэтгэлд нийцдэг.

    Дэлхийн алдартай компаниудын бараа бүтээгдэхүүнийг монголдоо борлуулдаг “Ганхолдинг” групп Испанийн үс арчилгааны бренд бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан байлаа.

    Тус компани Италийн “Биолайн” брендийн арьс арчилгааны бүтээгдэхүүн, Испанийн “Евростил” брендийн үсчний мэргэжлийн багаж, хэрэгсэл, “Тууяа” брендийн маникур, педукурын бүтээгдэхүүн, Швейцарийн алдарт “Валера” брендийн мэргэжлийн сэнс, дагалдах хэрэгслүүд, Английн “Денман” брендийн мэргэжлийн сам зэргийг оруулдгаараа  бөгөөд эдгээр бүтээгдэхүүний дээжээсээ үзэсгэлэнд оролцож байна.

    Мөн үеэр МҮХАҮТ-аас  аж ахуйн нэгжүүддээ “Гэрээний маргаанаас үүдсэн асуудлыг арбитраар шийдэх нь”, “Сав баглаа боодол”, “Олон улсын үзэсгэлэнгийн стандарт”, “21-р зууны бизнес модел” сэдэвт 4 сургалтыг үнэ төлбөргүй зохион байгууллаа.

    Latest 150
    Latest 150