• MN
  • EN
  • CN
  • RU
  • Оны онцлох аж ахуйн нэгж “Мобиком” корпорацаар зочиллоо
    05/25/2018

    МҮХАҮТ-аас “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан аж ахуйн нэгжүүдийн ажлын амжилт туршлагыг бусад гишүүд, бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах аяллыг зохион байгуулдаг бөгөөд энэ удаа 2017 оны “Онцлох аж ахуйн нэгж”, Гран-при шагналт “Мобиком” корпорацийн үйл ажиллагаа, ажлын туршлагатай танилцлаа. 

    Энэ удаагийн танилцах аялалд  МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, Үйл ажиллагаа, зохицуулалтын газрын дарга Б.Сарангоо, Маркетингийн газрын дарга П.Анхтуяа болон МҮХАҮТ-ын гишүүн байгууллагын 30 гаруй төлөөлөл оролцов. 

    “Мобиком” корпораци нь монгол орон даяар үйл ажиллагаа явуулж буй өөрийн 64 салбар нэгж, 2200 гэрээт борлуулагч болон 10,000 гаруй хөдөлгөөнт борлуулагчдаараа дамжуулан, Монгол Улсын хүн амын тал хувийн харилцаа холбооны хэрэгцээ шаардлагыг бүрэн ханган ажилладаг. 

    Тус корпораци нь үүрэн холбоо, улс хоорондын холбоо, интернет, сансрын холбоо болон сүлжээний дэд бүтэц гэсэн үндсэн үйлчилгээг байгууллага болон хувь хэрэглэгчдэд тасралтгүй, найдвартай байдлаар хүргэсээр байгаа юм.

    Аяллын эхэнд “Мобиком” корпорацийн Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал С.Дорждэрэм компанийнхаа үйлчилгээний талаар болон Candy pay аплейкшнээ танилцуулан, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. 

    “Мобиком” корпораци 1996 онд байгуулагдсан. Байгуулагдсан цагаасаа л хандив тусламж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх байдлаар нийгэмд хандсан янз бүрийн ажил хийж хэрэгжүүлж байсан. Харин бид компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд үндсэн чиглэлээ тодорхойлон, бодлоготойгоор ажиллах нь зүйтэй хэмээн олон нийт, хамтын ажиллагааны газрыг байгуулсан юм. Энэ газрыг байгуулахаас өмнө нийгэмд тустай үйл ажиллагаа явуулахдаа үндсэн бодлого чиглэлгүй ажиллаж байсан. Тухайлбал, сургуулийн засвар, анги танхим тохижуулах, оюутны сургалтын төлбөрийн зээл, үдийн цай хөтөлбөр, Робокон тэмцээнийг ивээн тэтгэх зэрэг хүсэлтийн дагуу санхүүжилт хийсээр ирсэн. Энэ мэт ажилд 1996 оноос 2014 оныг хүртэл 4.5 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. 4.5 тэрбум төгрөг бага мөнгө биш ч, энэ бүхнээс юу үлдэв гээд харахад цэгцтэй бодлогогүй явж ирсэн. Харин энэхүү газрыг байгуулснаар  компанийн нийгмийн хариуцлагын бодлогоо тодорхойлон нэлээд ажлуудыг хийж эхлүүлээд байна гэж Олон нийт, хамтын ажиллагааны газрын захирал С.Дорждэрэм бидэнд хэллээ. 

    “Мобиком” корпораци нь 2014 онд компанийн нийгмийн хариуцлагын бодлогоо шинэчлэн баталсан. Энэхүү бодлогын хүрээнд “Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, багачуудын сурах, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, чанарыг нь нэмэгдүүлэх” зорилгоор сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах WASH төсөл, хүүхдийн тусламжийн 108-ыг санаачлан ажиллуулж эхэлсэн нь нийгэмд ач тусаа өгсөн ажил болсон юм. Энэхүү WASH төсөл 14 аймгийн 35 сумын сургууль, цэцэрлэгт хэрэгжсэнээр нийт 25 мянган хүүхэд, багачууд боловсон ариун цэврийн байгууламжаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлээд байна.

    Мөн дэлхийд ганцхан Монголын говьд байдаг мазаалай хамгаалах төслийг амьтан судлаач мэргэжлийн болон олон улсын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа юм. 

    Мобиком Корпорацийн хэрэглэгчид дэлхийн 176 орны 500 орчим операторын роумингийн сүлжээнд өөрийн дугаар бүхий гар утсаа ашиглах, 200 орчим улс руу олон улсын 003 шууд гарцаар гадаад дуудлага хийх боломжтой. 

    Мөн эдний нэг онцлох салбар бол Монгол контент юм. Монголын анхны дижитал контент компани нь 2005 онд үүсгэн байгуулагдсан. Одоогийн байдлаар өсвөр насныханд зориулсан  www.yolo.mn сайт, сургуулийн өмнөх насны хүүхэд болон тэдгээрийн эцэг эхчүүдэд зориулсан www.maamuu.mn сайтыг эрхлэн явуулдаг.

    Монгол комик, анимэйшн төслийнхөө хүрээнд “Ногун”, “Маамуу” дүрийн комик, анимэйшнүүдийг хөгжүүлжээ.

    Биднийг очих үед хүүхдэд зориулсан “Ами Тами” хүүхэлдэйний сүүлийн анги дэлгэцэнд гарахад бэлэн болсноо сонирхуулсан юм.

    Latest 150
    Latest 150