• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол-Австрийн бизнесийн форум болов
    05/28/2018

    МҮХАҮТ, Улаанбаатар Хотын Худалдааны Танхим, Монголын Бизнесийн Зөвлөл, БНХАУ-ын Бээжин хотод суугаа Бүгд Найрамдах Австри Улсын Элчин Сайдын Яамны худалдааны хэлтсээс хамтран зохион байгуулсан Монгол-Австрийн ээлжит бизнес форум амжилттай болж өндөрлөллөө.

    МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, Монгол, Хятадын асуудал хариуцсан Австрийн Худалдааны Консул Др. Мартин Глатц, Бүгд Найрамдах Австри Улсаас БНХАУ-д суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Др. Фредрих Штифт нар форумыг нээн үг хэллээ.

    Элчин Сайд Фредрих Штифт Монгол-Австрийн харилцаа сайн хөгжиж байгаа хэдий ч худалдаа эдийн засгийн салбарт хангалттай хэмжээнд хүрээгүй тул хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байгааг дурдаад, энэ удаагийн форумд ирсэн Австрийн компанийн төлөөлөгчид Монголд бизнесийн шинэ боломж нөхцөлийг судлахыг зорьж байна гэв. 

    Монгол орон байгалийн баялаг ихтэй, үзэсгэлэнт байгальтай. Тиймээс хоёр улс уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөгжүүлэх боломжтой гэдгийг тэмдэглэв. Түүнчлэн Австри улс байгаль орчин, байгаль орчны технологи, сэргээгдэх эрчим хүч, эмнэлэг, тоног төхөөрөмж, аялал жуулчлал болон бусад салбарын ноу-хауг хөгжүүлсэн арвин туршлагатай хэмээн тэмдэглээд форумд хүрэлцэн ирсэн хоёр талын бизнесийн төлөөлөгчид харилцан ашигтэй санал солилцож цаашид үр дүнтэй хамтран ажиллахыг хүсэн ерөөв.

    МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг форумд оролцогчдод талархал илэрхийлээд, хоёр улс Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр болохуйц хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснийг тэмдэглэв. Түүнчлэн өнгөрсөн дөрөвдүгээр сард МҮХАҮТ-ын дэргэд Монгол-Австрийн Хамтын Ажиллагааны Зөвлөл байгуулагдсаныг дурдаад, энэхүү Зөвлөлийн ерөнхийлөгчөөр Монгол Улсаас Австри улсад суух Элчин Сайд, Монгол Улсаас Нью-Йорк, Вена хот дахь НҮБ-д суух Байнгын Төлөөлөгч асан Ж.Энхсайхан ажиллаж байгааг мэдээллэв. Мөн энэхүү Зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүдийг танилцууллаа. 

    Шинээр байгуулагдсан Монгол-Австрийн Хамтын Ажиллагааны Зөвлөлөөр дамжуулаад хоёр улс бизнесийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж дэд бүтэц, эрүүл мэнд, худалдаа, боловсрол, аялал жуулчлал зэрэг салбарт хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

    Форумын үеэр Европын Холбооны Төлөөлөгчдийн тэргүүн, ОУВС-ийн Монгол Улс дахь Суурин Төлөөлөгч Нейл Сакер, нийтлэлч, эдийн засагч, "Де Факто" Институтийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан, Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Төлөөлөгч, Монголын Бизнесийн Зөвлөлийн Төлөөлөгч нар "Монгол Улсын өнөөгийн хөгжил" сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэв. Тэд Монголын эдийн засгийн өнөөгийн хөгжилд үнэлгээ дүгнэлт өгч цаашид хэрхэн хөгжүүлэх талаар ярилцав.

    Форумын хүрээнд болсон B2B уулзалтаар Австрийн худалдааны төлөөлөгчид, тэр дундаа банк санхүүгийн байгууллагын төлөөлөл, эрүүл мэнд, тусгай зориулалтын машин тоног төхөөрөмж, хэвлэл, тайз чимэглэлийн зэрэг 13 компани аж ахуй нэгж бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулав.

    Latest 150
    Latest 150