• MN
  • EN
  • CN
  • RU
  • Евро-Азийн медиа форум боллоо
    05/29/2018

    Казахстан Улсын нийслэл Астана хотод энэ сарын 22-24-ны өдрүүдэд 15 дахь удаагийн Евро-Азийн медиа форум боллоо. 

    Уг форумд монголын талаас МҮХАҮТ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, “Монгол Контент” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ганзориг,  “Eagle” телевизийн сэтгүүлч Н.Отгонтуул, “Жей Ти Ай Казахстан” ХХН-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын олон нийттэй харилцах менежер М.Чинзориг, “News” агентлагийн гүйцэтгэх захирал Р.Мөнхзул нар оролцов. 

    МҮХАҮТ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш, Алмата хотын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын захирал Телебай Багдат Газизулытай уулзан, Монгол, Казахстаны эдийн засаг, худалдаа, танхимуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр талын хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд дэм болохуйц бизнес уулзалт, арга хэмжээг зохион байгуулах асуудлаар ярилцлаа. 

    Мөн Танхимын нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш монголын экспортын барааны үзэсгэлэнг Алмата хотод зохион байгуулах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд Алмата хотын ХАҮТ хамтран ажиллахад татгалзах зүйлгүй гэсэн юм.  

    Дэлхийн мэдээллийн талбарыг нэгтгэдэг энэ удаагийн медиа форумд бүс нутгийн болон олон улсын хэвлэл мэдээллийн100 гаруй төлөөлөгчдөөс гадна 60 гаруй орны улс төрчид, эдийн засагчид, улс төр судлаачид, Нобелийн шагналтнууд, олон нийт, эрдэмтэд, бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүдээс бүрдсэн 500 гаруй төлөөлөгчид энэ форумд оролцов.

    Евро-Азийн медиа форум нь Казахстан, Евро-Азийн олон улсын хамтын нийгэмлэгийн геополитикийн, эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн гол асуудлуудад улс төрчид, сэтгүүлчид, мэргэжилтнүүдийн үнэгүй, нээлттэй яриа хэлэлцээрийн нөхцөлийг бий болгодгоороо онцлог юм.

    Зохион байгуулагдаж эхэлснээсээ хойш энэхүү форум Америк, Европ, Азийн хамгийн сүүлийн үеийн мэдээ мэдээллийг мэдээлдэг төдийгүй дэлхийн хамгийн халуун сэдвүүдийг хөндсөөр ирсэн билээ. 

    15 дахь удаагийн форумын ерөнхий сэдэв нь "15 жилийн хувьсал" байсан бөгөөд хурлыг зохион байгуулагч үүсгэн санаачлагч, зохион байгуулах хорооны дарга Дарига Назарбаева нээсэн юм. Тэрээр Евро-Азийн хөгжлийн санг удирддаг бөгөөд тус хөгжлийн сан нь шинжээчдийн судалгаа, боловсролын үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, PR-ийн кампанит ажил, Засгийн газартай харилцах, янз бүрийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах чиглэлээр олон жил ажилласан туршлагатай.

    Тус сан нь 15 жилийн туршид Евро-Азийн медиа форумыг зохион байгуулах, олон улсын бага хурлуудыг бэлтгэхэд мэргэшсэн. Сангийн багцад Казахстаны Хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт, OANA хурал, Оросын хэвлэлд Дэлхийн конгресс, PNND бага хурал, AIBA конгресс, ОУОХ-ны комиссын хурал (Алма-2022), төрийн өндөр албан тушаалтнуудын оролцоотой 30 гаруй арга хэмжээ багтдаг. 

    Энэ форумын түүхэнд гадаадын 6000 гаруй төлөөлөгчид, 1500 гаруй төлөөлөгчийн газрууд Казахстанд зочложээ.

    Өнгөрсөн хугацаанд форумд Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Ерөнхийлөгч асан Мохаммад Хатами, Афганистаны 12 дахь Ерөнхийлөгч Хамид Карзай, Америкийн дипломатч Ричард Холбрук, АНУ-ын конгрессийн гишүүн асан Ричард Перл, Ардчилсан намын удирдах зөвлөлийн дарга Харолд Форд, Гадаад хэргийн сайд асан Жек Стро, Грекийн Аялал жуулчлалын сайд асан, парламентын гишүүн Ольга Кефалоянни, Британийн зөгнөгч Рэй Хэммонд, алдарт сэтгүүлч Владимир Познер, Максим Шевченко, Михаил Леонтьев, Виталий Игнатенко, Михаил Гусман, зохиолч Чингиз Айтматов, НАТО-гийн Нэгдсэн зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагч асан Уэсли Кларк, ОХУ-ын ерөнхий сайд агсан Евгений Примаков, АНУ-ын ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан, улс төр судлаач Збигнев Бжезински нарын алдартнууд оролцож байсан юм. 

    Latest 150
    Latest 150